Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга:Н.Гантулга,

Шүүгдэгч: Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002990215 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт Ч.Э,

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Үыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манай нөхөр 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ машинаа унаж гараад гэртээ ирж хоноогүй. Тэгээд маргааш нь буюу 21-ний өдрийн 17 цагийн орчимд би Баян-Ойтоос хүүхдээ аваад аав, ээжийн хамт засмал өгсөөд явж байхад Эко цэцэрлэгийн гадаа манай машин зогсож байсан. машинд 2 хүүхэн байсан ба манай нөхөр намайг очингуут машинаас буугаад зугатаасан. Тэгээд тэр 2 хүүхэн согтуу машин дотор архи пиво, асгасан байдалтай байсан. Надад өөрт муухай санагдсан миний урд суудаг суудал дээр согтуу хүүхэн сууж байсан тэгээд шууд цагдаа мэдэгдсэн. Тэгээд тэр 2 хүүхнийг буугаач гэхэд Ү гэдэг нь буухгүй байсан. Үыг эмчийн магадлагаа гартал нь зодоогүй. Цагдаа иртэл би гадаа зогсож байсан ба биед нь хүрч цохиж зодсон зүйл байхгүй. Би хүүхэдтэйгээ хамт байсан. манай хүүхэд 4 настай юм. Тэгээд цагдаа ирээд машинаас тэр 2 хүүхнийг буулгаад аваад/тарсан. Цагдаад нь зургийг сайн аваарай гэхэд дуудлагаар ирсэн цагдаа нь зургийг нь авсан хэн гэдэг цагдаа ирсэнийг нь мэдэхгүй. Би хадам ээжийнд очоод хадам ээж Үыг таньдаг гэхээр нь хадам ээжтэй хамт цагдаа дээр ирсэн. Тэгэхэд Ү нөгөө зогтуу хүүхэнтэйгээ хамт байсан. тэгээд би Үын нөхөрт нь очиж хэлэхэд Үын нөхөр нь шүдээ авна гээд гараад явсан. Би хүүхдээ аваад явж байгаа юм байх гэж бодсон гэж байсан. Би тэгээд эхнэрээ ав гэхэд нөхөр нь “үгүй би эхнэрээ авахгүй салж нийлэх дээрээ тулаад байгаа юм” гэсэн. тэгээд цагдаа дээр ирээд жижүүрийн цагдаа дээр ирээд “наад эмэгтэйгээ битгий гаргаарай нөхөртөө зодуулаад янз бүр болчихов гэж хэлчихээд гараад машиндаа сууж байхад удалгүй Ү нь гараад явчихсан Тэгээд би хэдийд нь 103-т Ү үзүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг хэдэн хоногийн дараа гаргасаныг гайхаад олохгүй байгаа юм тэр өдрөө гаргаагүй байх юм. 5 дугаар багийн хэсгийн байцаагч надад мэдүүлэг авахдаа “Ү ирээд алга болсон өөрөө гомдол саналгүй намайг зодож нүдээгүй би эмчийн магадлагаа гаргахгүй гээд үзүүлэхгүй 2-3 хоног алга боллоо гэрээс нь олохгүй байна байсан. тэгээд “найзынх нь гэрт очоод олоодох үзээдэх” гэж 5 дугаар багийн байцаагч хэлэхээр нь Т бид 2 Цын гэрт очиж манай Т Цтой уулзахад “Ү манайд байхгүй ирээгүй” гэсэн. тэгээд 5 дугаар багийн байцаагчид утсаар Цын гэрийн хаягийг зааж өгчихөөд дараа нь Үтай манай нөхөр, хадам ээж 2 уулзахад 5 багийн хэсгийн байцаагч загнасаар байгаад шүүх шинжилгээ өгүүлсэн Э зодож нүдээгүй гомдол санал байхгүй гээд байхад байцаагч загнасаар байгаад шинжилгээ өгүүлсэн хөөцөлдөж явсаар байгаад 2 өдөр гэрээр нь явж байгаад шинжилгээнд гэж манай хадам ээж, нөхөр 2-т хэлсэн гэж манай нөхөр надад хэлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 61-63/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Д.Үын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би тухайн өдөр өглөө 10 цагийн орчимд шүдээ авхуулах гээд гэрээс гарсан. Тэгээд хойшоо Ц гэдэг найзтайгаа явах гээд тэднийд очсон чинь Т Цын гадаа машинтайгаа Цтой уулзаж байсан тэгээд Т архи ууя гээд бид 3 нэг шил архи уусан. Намайг очиход Т Ц 2 архи ууж байсан. Тэгээд нэлээн байж байгаад бид 3 шүдний эмнэлэг рүү хамт яваад би шүдээ авхуулсан. Тэндээс бид нар буцаж Цын гадаа очиж архи ууж байгаад орой 17 цаг болоод Ц Эко цэцэрлэгээс хүүхдээ авах гээд бид 3 явж Ц хүүхдээ аваад бид нар цэцэрлэгийн үүднээс хөдлөх гэж байхад Тын эхнэр хадам аав ээж нар ирсэн. Би машиных нь урд суусан байсан чинь Тын эхнэр Э ирээд хаалга онгойлгоод намайг шууд үсдэж аваад миний нүүр үү гараараа атгаж байгаад зөндөө цохисон. Ээж нь бас хажуунаас нь базаж байсан.Би үсдүүлээд даруулсан учраас хэн яаж цохисныг мэдэхгүй. Намайг зодож байх хооронд аав нь цагдаа дуудсан юм шиг байл ээ. Удалгүй цагдаа ирээд Ц бид 2-ыг цагдаа руу авч ирсэн. Т хаашаа явсныг нь мэдэхгүй алга болсон байсан. “..үгүй би машины хайрцаг болон рүлийг мөргөөгүй. Би өөрөө юу ч мөргөөгүй. Тэрнийгээ би сайн мэдэж байгаа. Би Эыг ирэх үед нь өөрийнхөө сууж байсан жолоочийн хажуугийн суудал дахь хаалгыг түгжсэн чинь Э жолоочийн талаар орж ирээд намайг хэд цохиод миний хаалгыг онгойлгосон. Тэгээд миний талын хаалгыг онгойлгож намайг гараараа зодсон. Намайг үсдэж цохиж зодсон. Би өөрөө машины рүл болон урд хайрцаг мөргөөгүй. Э намайг зодсон. Миний гуя руу Энхжаргап бид нар архи ууж байсан шилэн аягаар гуя руу цохиж байсан. Би ухаан алдаагүй. /хх-н 25-30/

 ...Би нөхөртөө зодуулж байгаагүй ээ миний биед учруулсан гэмтлийг манай нөхөр надад учруулаагүй, Би зодуулсан өдрөө буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эмнэлэгт орой цагдаа дээр ирсний дараа мэс заслын тасагт очиж нэрийг нь мэдэхгүй залуу эрэгтэй эмчид үзүүлсэн, цагийг нь санахгүй байна.Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 71-72/,

4. Гэрч Б.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн өдөр Г.Т нь манайд ирсэн. Тэгээд намайг суучих гээд машиндаа суулгаад Үыг дуудаад өгчих гэсэн. Тэгэхээр нь би найз Ү руу залгаад түүнийг дуудсан. Тэгтэл Ү ганцаараа ирсэн. Тэгээд бид 3 манайхаас жаахан холдоод Тын машинд юм ярьж сууцгаасан. Тэгж байхдаа бид 3 Тын машинаар төв рүү ороод шүдний эмнэлэг ороод Ү шүдээ авхуулсан, тэгээд буцаад манай гэрээс хойшоо гарч зогссон. Тухайн үед машиныг Т өөрөө жолоодож байсан, тэгээд бид 3 нэг шил 0,75 гр архи хувааж уугаад юм ярьж байгаад нэг мэдэхэд хүүхэд авах цаг болсон байхаар нь би хүүхэд рүүгээ явъя гэхэд тэр 2 хамт явахаар болоод бид 3 хамт амчуулын Эко цэцэрлэгт 17 цагийн орчимд ирсэн. Би Тт архи уучихсан машинаа барьж яах юм бэ би явчхаад ирье гэтэл Т зүгээр зүгээр гээд машинаа жолоодоод явсан. Тухайн үед би машины арын суудал дээр, Ү жолоочийн хажууд сууж явсан. Т өөрөө машинаа жолоодож явсан, Эко цэцэрлэг рүү Ү манай хүүхдийг авах гээд орсон. Тэгээд Ү хүүхэд аваад машинд суусан чинь нэг машин хүрээд ирсэн чинь Тын эхнэр нь гэсэн тэгтэл Т буугаад зугтаасан, Ү жолоочийн хажуугийн суудал дээр би хүүхэдтэйгээ хойд сандал дээр байсан. Тын эхнэр хүрч ирээд Үыг янз бүрээр хэлээд учир зүггүй үсдээд нүүр нүдгүй таарсан газар нь гараараа цохиж зодсон. Мөн машин дотор байсан шилэн аягаар Үын гуя руу нь цохиод байсан. Ү өмнөөс нь зодолдоогүй тэгж байгаад Тын эхнэр нь цагдаа дуудаад цагдаа ирээд Ү бид 2-ыг Цагдаагийн машинд суулгаад аваад ирсэн. Би лав аймар согтуу биш байсан. Үыг харахад зүгээр байсан тийм учраас би цэцэрлэг рүү оруулж хүүхдээ авхуулсан. Ү бид 2 болсон үйл явдлыг мэдэх чадвартай байсан. Би Э Үыг зодоод байхаар нь болио чээ гэсэн чинь Э хаалга онгойлгоод миний хацар руу нэг удаа цохисон. Тэгээд больсон. Ү тасраагүй ээ манай хүүхдийн цэцэрлэгээс авч орж ирээд дөнгөж машинд орж ирээд жолоочийн хажууд сууж байсан. Манай хүүхэд 1 ой 5 сартай Ү өөрөө машины урд хайрцаг мөргөөгүй Э л түүнийг толгой хуу цохиж байсан. Эхпээд Э Тыг буугаад явангуут жолооч талаас нь орж ирж Үыг цохичхоод дараа нь Үын талаас орж ирээд Үыг зодсон. Түүнээс Ү машины рүл мөргөөгүй би өөрөө яг харж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/

5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 231 дугаартай шинжээчийн:

1. Д.Үын биед баруун нүдний доод зовхи, хамар, дух, чамархай, хэвлий нуруу, гуянд цус хуралт, дух, хацар, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь мохоохүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 06-09/ болон хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Ч.Эын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 66-70 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ч.Эын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Э нь “хохирогч Д.Үыг хөнгөн гэмтэл учиртал зодоогүй, шинжээчийн дүгнэлт хэд хоногийн дараа гарсан” гэж мэдүүлж байсан боловч мөрдөн шалгах ажиллагаа дуусаж хэрэг прокурорт шилжсэний дараа “мөрдөн шалгах ажиллагааны явцад зодоогүй гэж мэдүүлэг өгч байсан одоо гэм буруугаа хүлээж байна хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэж хүсэлт бичгээр гаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Үыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байгаа тул прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Үыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Үын мэдүүлэг, гэрч Б.Цын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 231 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Ч.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ч.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Эын эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ч.Эд хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Ч.Эын орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Э нь урьд ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ч.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Ч.Эыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан Ч.Эыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ч.Эын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ч.Эд хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ