Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/01575

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05578 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******т холбогдох 

Гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******тэй 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулж, эдгээр гэрээгээр 127 ширхэг фитнесийн болон спа тоног төхөөрөмж, нэр, лого, хичээлийн ая, пейж хуудас, компанийн хувьцаа зэргийг 125,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 90,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 35,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэхээр тохиролцсон.

1.2. ******* нь худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргүүдээ биелүүлээгүй, биет байдлын доголдолтой тоног төхөөрөмж хүлээлгэн өгч, эрх ашгийг хохироосон гэх агуулгаар  90,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан, шүүх нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 1 дүгээр саpын 13-ны өдөр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

1.3. Дээрх шийдвэр, магадлалаар *******тэй байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр гэж үзсэн тул гэрээний үлдэгдэл төлбөр 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******ээс 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 192/Ш32025/28952 дугаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасан байх бөгөөд уг захирамжаар шүүх хуралдааны товыг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр товлож, шүүх хуралдааны товыг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр утсаар мэдэгдсэний дагуу 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 10 цагт шүүхэд хүрэлцэн очиход нь 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдаан болсон талаар мэдсэн.

Шүүгчийн туслах шүүх хуралдаан 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт болох талаар мессеж явуулах байдлаар мэдэгдсэн гэж тайлбарладаг боловч хуралдааны товыг мессежээр мэдэгдэх нь хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэхгүй бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

4.2. ******* нь 2023 оны 11 дүгээр сард *******д холбогдуулан “Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 90,000,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаж, ******* сөрөг нэхэмжлэл гарган шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05229 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МA2025/00113 дугаар магадлалаар нэхэмжлэгч *******ийн 90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Талуудын хооронд 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний маргаан 2023 оны 11 дүгээр сараар шүүхэд хандсанаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 2025 оны 1 дүгээр сард дуусгавар болсон тул гэрээнд заасан 35,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тоног төхөөрөмжийг ******* хүлээн аваагүй бөгөөд ашиглаж үйл ажиллагаа огт явуулаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх өмнөх шүүхийн шийдвэр, магадлалыг нотлох шаардлагагүй үнэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд нотлох баримтын шаардлага хангахгүй гэрээний хуулбар өгсөн байх бөгөөд уг гэрээний хавсралтын хуулбар байхгүй байгаа юм. Хэрэв шүүхийн зүгээс хариуцагчид шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн бол хэргийн оролцогчийн эрхийн хүрээнд нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулан хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргах байсан.

4.3. Иймд, анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасныг тус тус зөрчсөн байх тул хэргийг буцааж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хэрхэн хангаагүй болохыг тайлбарлахдаа шүүх хуралдааны товыг мэдсэн талаар тайлбарлаагүй. Шүүх хуралдаан товлогдсон болохыг мэдсэн учраас өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцохоор ярилцаж байсан гэх агуулгаар тайлбарласан. Хариуцагч нь өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй үйл явц, өөрт оногдсон эрхийг хуульд заасан хугацаанд хэрэгжүүлэх эсэх нь хариуцагчаас хамаарна. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос харахад 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон болохыг мэдэж байсан буюу шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан боловч хариуцагч нь өөрөө ирээгүй. 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр буюу шүүх хуралдаан явагдахаас 24 хоногийн өмнө хариуцагчид нэхэмжлэлийг гардуулсан. Хариуцагч нь тухайн 24 хоногийн хугацаанд шүүхэд хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэй. Хариуцагчид хэргийн материал танилцуулж эрх, үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан. Хариу тайлбараа хуульд заасан 14 хоногийн хугацаанд ирүүлээгүй бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор хуульд заасан. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан.

5.2. Анхан шатны шүүх тухайн нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас шүүхийн шийдвэрт дурдах шаардлагагүй. Шүүхийн шийдвэрт хариуцагчийн хуулиар тогтоосон 14 хоногийн хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болохыг зааж, үр дагаврыг нь дурдсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь хуульд нийцнэ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. 

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1, 76.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох бөгөөд ийнхүү товлосноо хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ.

Шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШЗ2025/28952 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлосон атлаа 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулж, хариуцагчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ.  

Хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 30 минутад товлосон шүүх хуралдааны товыг өөрчлөх талаар бичгээр гаргасан хүсэлт авагдсан байх боловч уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ямар нэг эрх зүйн акт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх ямар үндэслэлээр 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад шүүх хуралдааныг явуулах болсон талаар эрх зүйн акт гаргаагүй буюу иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулаагүй атлаа 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулсан нь ойлгомжгүй болжээ. 

3.2 Түүнчлэн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гараагүй байхад буюу 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдсан байх ба уг баримтад хариуцагч утсаа аваагүй тул мессеж үлдээсэн гэх тэмдэглэгээ хийгдэж, тус баримтыг үндэслэн хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй. 

4. Иймд шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх зэрэг хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх зөрчсөний улмаас хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, улмаар мэтгэлцэх эрх зөрчигдсөн байх тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

5. Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдааг залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05578 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР

 

                                             ШҮҮГЧИД                                             Н.ГЭРЭЛТУЯА

 

                                                                                                           Т.ГАНДИЙМАА