Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 625

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ56011033, Бөхнүүд овогт Гүнчингийн Сэртэвийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Г.Сэртэв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1956 онд төрсөн, 60 настай. Би Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 16 настайгаасаа буюу 1977 оноос эхлэн илгээлтээр малчин болж 1990 он хүртэл мал маллаж байсан болно. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэвэрийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Сүүлд авсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч эхэлж авсан хөдөлмөрийн дэвтрээ авч амжаагүй байтал дэвтэр гээгдэж, нэгдлийн контор шатсан учир Цог нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Цог нэгдэлд 1977 оноос 1990 он хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Х.Чулуун, Н.Цэндсүрэн нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Г.Сэртэв нь 1977 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Гүнчингийн Сэртэвийн 1983 оны 2-3 дугаар сар, 1989 оны 6-7 дугаар саруудад Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

         Г.Сэртэвийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “Түүний 1983 оноос 1989 оныг дуустал Өмнөговь сумын Цог нэгдэлд ажиллаж байсан хоног, авч байсан хөдөлмөрийн хөлс бичигджээ”.

         Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Х.Чулуун, Н.Цэндсүрэн нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Х.Чулууны “Миний бие нь 1971 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус сумын нэгдэлд ажиллаж байхад буюу 1977 оноос Цог нэгдлийн Улиастай бригадад Г.Сэртэв нь хоньчноор ажиллах болсон. Г.Сэртэв нь тус нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Одоо ч Г.Сэртэв нь мал ахуйтай, тус сумандаа ажиллаж, амьдарч байгаа” гэж, гэрч Н.Цэндсүрэнгийн “Миний бие нь 1979 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус сумын нэгдэлд малчнаар ажиллаж байхад буюу 1977 оноос Цог нэгдлийн Улиастай бригадад Г.Сэртэв нь хоньчноор ажиллаж эхэлсэн ба тус нэгдэлд 1993 оныг дуустал малчнаар ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 641 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Хэдийгээр гэрч Х.Чулуун, Н.Цэндсүрэн нар нь нэхэмжлэгчийг 1977 оноос Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн хэмээн мэдүүлсэн боловч Г.Сэртэв нь 1977 оноос 1982 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлын талаар Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт болон түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт бичигдээгүй байх тул дээрх онуудад ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

         Харин нэхэмжлэгч Г.Сэртэв нь 1983 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Г.Сэртэвийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Чулуун, Н.Цэндсүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

       Иймд нэхэмжлэгч Г.Сэртэвийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1983 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 7 /долоо/ жил ажиллаж байсан байдлыг тогтоож, 1977 оноос 1982 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Бөхнүүд овогт Гүнчингийн Сэртэвийн 1983 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 7 /долоо/ жил ажиллаж байсан байдлыг тогтоож, 1977 оноос 1982 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.           

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Г.Сэртэвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ