| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2024/01678/И |
| Дугаар | 207/ма2025/00105 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 207/ма2025/00105
| 2025 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 207/МА2025/00105 |
2025 09 25 207/МА2025/00105
О.****** нэхэмжлэлтэй,
хариуцагч О.******д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 312/ШШ2025/01285 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : О.****** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.******д холбогдох,
“Булган шубаны үнэ 1,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч О.****** шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.******, хариуцагч О.******, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.****** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
...Би 2019 оны сүүлээр Орхон аймагт байрлах Молор-Эрдэнэ төвд зохион байгуулагдсан манжуураас ирсэн шубаны дуудлага худалдаанд оролцон булган шуба худалдаж авсан. Тухайн жилээ булган шубаа өвөл нь хальт өмссөн. Тэгээд дараа жил нь өмсөөгүй. Гэтэл манай бэр О.****** нь 2021 онд булган шуба авмаар байна гэж хэлээд “таны авсан булган шуба бараг шинээрээ байгаа биз дээ та шубаа надад зарах уу” гэж асуухаар нь би булган шуба хаана ч өмсөх үү дээ, өмсөж чадахгүй байгаа юм чинь гэж бодоод бэрдээ зарсан. Тэгээд мөнгийг нь ****** ****** нь боломжтой болохоороо өгье гэхэд нь зөвшөөрсөн. Гэтэл О.****** нь одоог хүртэл надаас авсан булган шубаны мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй. Иймд булган шубаны үнэ болох 1,500,000 төгрөгийг О.******эс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.****** татгалзал, тайлбарын агуулга:
“Би уг шубаг худалдаж аваагүй, нөхөр О.****** намайг жирэмсэн байхад надад өмсгөх гадуур хувцас байхгүй гээд ярилцаж байгаад эгч О.******өмсөж байгаа шубыг гуйгаад аваад өгөх үү гээд 2015 онд О.****** надад уг шубыг эгч О.******эс гуйгаад надад авч өгсөн. Тухайн үед хөгшин загвартай байхаар нь оёдолчинд өгч засвар хийлгүүлсэн. Би энэ шубыг 1-2 жил өмссөн гэхдээ байнга өмсөөгүй, одоо хүртэл манай хувцасны шүүгээнд байгаа, хүн ч өмсдөггүй тийм л хувцас. Би О.******эс шубыг худалдаж аваагүй, нөхөр ****** л өөрийнхөө эгчээс өмсөхгүй шуба байгаа би гуйгаад аваад өгье гэж хэлээд намайг жирэмсэн байхад авч өгсөн” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч ****** ******эс 910,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Оюуны ******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 590,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас ****** ******эс 20,150.8 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч О.****** гаргасан давж заалдах гомдлын агуулга:
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Оюуны ****** хариуцагч ****** ******д холбогдуулан булган шубаны үнэ 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...би шубыг худалдан аваагүй, надад бэлэглэсэн гэж ойлгосон...гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргажээ./хх1, 11х/
3.Анхан шатны шүүх хариуцагч О.****** нь нэхэмжлэгч О.****** булган шубыг авсан, авснаасаа хойш загварыг нь өөрчилсөн, одоо шуба хариуцагчид байгаа үйл баримтыг зөв тогтоосон.
4. Хариуцагч “...би шубыг худалдан аваагүй, нөхөр О.****** эгчээсээ шубыг нь надад гуйж авч өгсөн, би бэлэглэсэн гэж бодсон” гэж маргаж байгаа боловч шубыг бэлэглэсэн үйл баримт тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5.Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.
6.Нэхэмжлэгч шубыг 1,500,000 төгрөгөөр худалдсан гэж нэхэмжилсэн боловч шүүх шинжээчийн дүгнэлтэд үндэслэн 910,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн байна.
7. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй тул хариуцагч О.****** “...би шубыг 2016 оноос хойш өмсөөгүй, буцаагаад өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн гомдол үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.Оюун-Эрднэнийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 312/ШШ2025/01285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.****** шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч О.****** давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26,390 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
Р.ҮҮРИЙНТУЯА