| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 181/2023/02932/И |
| Дугаар | 210/МА2025/01726 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01726
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04773 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Илүү цагийн нэмэгдэл хөлс 18,231,931 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын ажил үүрэг гүйцэтгэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж, нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгэж, 14 хоног амарч байна.
1.2. Хариуцагчийн зүгээс ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул *******-иас 2022 оны 9 дүгээр сард илүү цаг 56, нэг цагийн хөлс 40,418 төгрөг 1,5 дахин нэмэгдүүлбэл илүү цагийн хөлс 3,395,112 төгрөг, 2022 оны 10 дугаар сард 56 цаг, нэг цагийн хөлс 37,163 төгрөг илүү цагийн хөлс 3,121,692 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 56 цаг, нэг цагийн хөлс 60,045 төгрөг илүү цагийн хөлс 5,043,780 төгрөг, 2023 оны 1 дүгээр сард 56 цаг, нэг цагийн хөлс 87,689 төгрөг илүү цагийн хөлс 6,671,347 төгрөг нийт 18,231,931 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй.
2.2. Нэхэмжлэгч илүү цагтай холбоотой шаардлага гаргах бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолно. Нэхэмжлэгч нь 2022 оны 9, 10 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэхэмжилсэн байх боловч эл асуудлыг шийдвэрлүүлэх гомдлыг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөр огноолсныг ажил олгогчийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс мөн оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 16:05 минутад хүлээн авсан байдаг. Үүнээс үзвэл хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тоолоход 406 хоног, 2022 оны 9, 10 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийн хувьд 150 хоног хэтрүүлсэн байна.
2.3. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Захирамж гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тоолвол шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байна. Нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон байх боловч мөн оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд өгсөн. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан *******-иас нэмэгдэл хөлс 6,077,310 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,154,621 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 112,187 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгчийн маргаж буй асуудал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэр биш тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч нар нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргах байсан.
******* нь cap бүрийн 10, 25-ны өдрүүдэд цалин хөлсийг тооцон олгодог. Ажилтны тухайн сарын илүү цагийн нэмэгдэл хөлс нь дараа сарын 10-ны өдрийн цалин хөлсөд бүрэн бодогдож олгогддог бөгөөд хэрэв 9 дүгээр сард илүү цагийн хөлсийг дутуу олгосон буюу эрх зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд 10 дугаар сарын 10-ны цалин олгосон өдрөөс тооцон 90 хоногийн дотор *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргах ёстой байсан.
Гэтэл нэхэмжлэгч нь уг комисст анх 3 дугаар сарын 10-ны өдөр гэсэн огноотой гомдлыг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 153 хоногийн дараа гомдол гаргасан. Түүнчлэн 10 дугаар сард илүү цагийн цалин хөлсийг дутуу олгосон гэж үзсэн тохиолдолд 11 дүгээр сарын 10-ны өдрөөс, 12 дугаар сарын илүү цагийн хөлсийг дутуу олгосон гэж үзсэн тохиолдолд 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 90 хоногийн дотор *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргах ёстой байсан. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь илүү цагийн хөлс гаргуулахаар шаардах эрхгүй буюу хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.
4.2. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг шүүх 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн өдөр мэдэж, гардаж авсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тоооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан.
Үүнээс үзвэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32023/08879 дугаар захирамж гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тоолох ёстой. Ийнхүү тоолвол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх хугацаа 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байна. Нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон байх боловч мөн оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд өгсөн байдаг. Үүнээс үзвэл аль ч тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчийн хувьд татгалзах эрхтэй.
4.3. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр “2022 оны 9 дүгээр сарын сүүлийн цалин хөлс олгосон 2022 оны 10 дугаар сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д заасан “90 хоногийн хугацаа”-г тоолж эхлэх тул дээр дурдсанаар холбогдох газруудад тухай бүрт гомдол гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх “нэхэмжлэгч “илүү цаг”-тай холбоотой гомдлыг урьд гаргасан тул 2022 оны 12 дугаар cap, 2023 оны 01 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсний хувьд урьдчилан шийдвэрлүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй, шүүх нэг мөр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь нэхэмжлэгч нь *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргахдаа 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийг гаргуулахаар гомдол гаргаж байсан бөгөөд шүүхэд ч энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж маргаж ирсэн. Гэтэл шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа удаан хугацаанд үргэлжилсний дараа 2025 оны 4 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, 2022 оны 12 дугаар cap, 2023 оны 1 дүгээр сард холбогдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг гаргуулахаар шаардсан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлийг бий болгохын зэрэгцээ урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаагүй асуудлаар шууд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх байдлаар нэхэмжлэл гаргаж буйг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй юм. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан илүү цагийн нэмэгдэл хөлс 2022 оны 9-10, 12 дугаар сарын 11,560,584 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 6,671,347 төгрөг нийт 18,231,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын ажил эрхэлдэг бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр уртын ээлжийн горимоор нэг ээлжид 14 хоног ажиллаж, 14 хоног амарч, нэг өдөрт 12 цаг ажиллаж байсан. /1хх-ийн 27-33, 119-124 дүгээр тал/
3.2. Талууд 2022 оны 9, 10, 12, 2023 оны 1 дүгээр сард ажилласан цаг, олгосон цалин хөлсний хэмжээнд маргаагүй, харин нэхэмжлэгчийн нэг өдөрт ажилласан 12 цагийн 4 цагийг илүү цагаар ажилласан гэж үзэх эсэх, энэ талаар гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн эсэх асуудал нь маргааны зүйл болжээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон маргааны үйл баримтыг зөв тодорхойлсон боловч зарим нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас хөдөлмөрийн эрхийн маргаанд холбогдох хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, уг хугацааны тасалдлыг буруу тооцсон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно.” гэж, энэ зүйлийн 92.3 дахь хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно.” гэж, мөн энэ зүйлийн 92.4 дэх хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна.” гэж тус тус заасан.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт “Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна.” гэж, энэ зүйлийн 87.3 дахь хэсэгт “Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно.” гэж тус тус зохицуулжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд уртын ээлжийн ажилтны нэг өдрийн ердийн ажлын үргэлжлэх хугацааг 12 цаг гэж үзэх боломжгүй, ердийн ажлын нэгэн адил өдрийн 8 цагийг баримтлах ба мөн нэг ээлжид 14 хоног ажиллах, энэ хугацаанд илүү цагаар ажиллуулах бол өдөрт 4 цагаас илүүгүй байх, амрах хугацааг 14 хоног гэж тогтоосон нь уг хугацаанд өдөрт илүү ажилласан 4 цаг багтаагүй буюу ажилтныг нөхөн амраасан гэж үзэхгүй юм. Энэ талаарх хууль зүйн ойлголтыг Монгол Улсын дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар нэр бүхий хүмүүсийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох илүү цагийн цалин хөлсний талаарх маргааныг хянан шийдвэрлэж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон. /Жнь: 2024.09.10-ны өдрийн 001/ХТ2024/00175, 001/ХТ2024/000179, 2024.09.17-ны өдрийн 001/ХТ2024/00188, 2024.10.03-ны өдрийн 001/ХТ2024/00203 гэх мэт/
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 9, 10, 12, 2023 оны 1 дүгээр сард тус бүр 56 цаг илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг шаардах эрхтэй. Энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон. /1хх-ийн 56, 58, 2хх-ийн 155, 156/
4.2. Талуудын хооронд үүссэн дээрх хөдөлмөрийн эрхийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасан маргаанд хамаарах тул нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах байгууллагад гомдлоо гаргана.
Гэвч нэхэмжлэгч нь 2022 оны 9, 10 дугаар сард илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг шаардаж хариуцагч байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрүүдэд /2хх-79-81, 177/ гомдол гаргасныг эрх бүхий байгууллагад гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлийг заан буцаасан үйл баримт хэрэг авагдсан баримтаар тогтоогджээ.
Улмаар, нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хандаж, тус хорооны 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг мөн өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, уг захирамжид заасан зөрчлийг арилгаж, нэхэмжлэлээ 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дахин гаргажээ. /1хх-86-97, 2хх-168-175/
Мөн 2022 оны 12, 2023 оны 1 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлс шаардсан нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан байх ба талуудын хооронд нэгэнт хөдөлмөрийн эрхийн маргаан үүссэн нөхцөлд дээрх хөдөлмөрийн эрхийн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасан журмыг хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч нь 2022 оны 9, 10, 12, 2023 оны 1 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсийг шаардах гомдол гаргах хуульд заасан 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг мөн хэтрүүлсэн байна.
Тодруулбал, 1хх-ийн 56-58, 2хх-ийн 158-161 дүгээр талд авагдсан цалингийн тооцооллын баримтаас үзэхэд 2022 оны 9, 10 дугаар сард холбогдох илүү цагийн нэмэгдэл хөлсний талаарх гомдлыг 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс мөн оны 2 дугаар сарын 08-ны өдөр, 2022 оны 12, 2023 оны 1 дүгээр сарын хувьд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл гаргахаар байх ба энэ хугацаанд гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.7 дахь хэсэгт заасан журмаар хөөн хэлэлцэх хугацааг тоолвол 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах байжээ.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг холбогдох газруудад тухай бүр гомдол гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчсөнөөс гадна хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Мөн 1хх-ийн 61-73 дугаар талд авагдсан *******-ийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2022-2025 оны хамтын гэрээний 2.13-т заасан зохицуулалт нь хуульд нийцээгүй боловч энэ нь гомдол гаргах эрхийг хязгаарлахгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэнийг зөвтгөх үндэслэл болохгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
6. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэл бүхэлдээ хангагдахгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох илүү цагийн нэмэгдэл хөлс 18,231,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,187 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.ГАНДИЙМАА