Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 627

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 18-13 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ89031244, Булжаагууд овогт Чимэд-Очирын Тогтуурын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 02-61 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ90061030, Галзад овогт Нямаагийн Баттогтоход холбогдох,

       Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 4.860.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Тогтуур, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Н.Баттогтох, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хэлмэрч Ж.Сурахбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ч.Тогтуур шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Нямаа овогтой Баттогтохтой үр хүүхэдтэй болж сайхан амьдрахыг хүссэн. Би өөрөө хэл муу, сонсголгүй болохоор заавал хэлтэй хүнтэй амьдарна гэж эмээ, ах, эгч, ээж нараасаа гуйхад тэд нар маань дэмжсэн. Ингээд  2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хөшгөө тайлсан. Хөшиг тайлах ёслолд миний талаас 49 хүн нөгөө талаас 13 хүн оролцсон бөгөөд бид хоёрыг манай ах дүү нар үнэхээр дэмжсэн боловч бидний хооронд амьдралын хүнд нөхцөл байдал үүсэж цаашид хамтын амьдралыг үргэлжлүүлэх, Баттогтохтой амьдрах боломжгүй боллоо. Учир нь би Баттогтохтой гэр бүл болоод 3 сар болоход 3 удаа хагалгаанд орсон. Сүүлийн хагалгаанд нуруунд мэдээ алдуулагчтай орсон. Хагалгаанд 3 удаа орох болсон шалтгаан нь бэлгийн буруу харьцаанаас болсон. Баттогтох бэлгийн харьцаанд орсны дараа тэрээр татаж унаж, толгой, шүд, эрүү, хүзүү, өрц цээж толгойгоороо, мөн гараараа маш хүчтэй цохисноос толгой тархи доргиж, уруулаа хазаж хөлөө савснаас хөлийн шилбэ хөхөрсөн ба хуруу түлж хавдсан. Арай гэж босоод шөнө гар хөлийг нь базаж, хүйтэн усаар арчиж босгож авахад гадагш гүйгээд худаг юмуу гадаа хэвтчихдэг болохоор ойр хавийн айлаас олж авдаг, заримдаа олддоггүй байсан. Тэр хавийн айлууд сайн мэддэг, зарим айл манайд хэвтэж байна ирж аваач гэж дууддаг байсан. Заримдаа хайж олж аваад хувцсыг нь угаадаг. Мөн Баттогтох нь хувцсандаа хүнд хөнгөн бие засаж орхино. Заримдаа би шөнө ганцаараа бараг гарч бие засаж чаддаггүй хүн чинь аав ээжийг нь дуудахад босохгүй болохоор за миний найз санаатай биш өвчин юм чинь гэж өрөвдөөд шөнө түүнийг өөрөө өвдөж байгаагаа ч мэдэхгүй хайж гүйнэ. Миний чих юм сонсохгүй, хэл муу дээрээс нь нүдний нулимс бүрхээд маш хэцүү. Би өтгөнөөр бие засаж чадахгүй бие муудаж 3 сартай хүүхэд дутуу төрөх гээд их ядарч, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орж охиноо төрүүлсэн. Би өөрөө хэл чихнээс болж 2005 онд группт орсон. Харин миний эмээ, өвөө минь Орос, Хятад, Энэтхэг, Япон улсад эмчилгээ сувилгаа, бариа засал, лам гэж явсаар байж хэлэнд маань өөрчлөлт орсон. Харин чихний сонсгол маань 6-9 наснаас хэтрэхгүй хагалгаанд орох байсан боловч одоо хугацаа алдсан, засал авахгүй гэж эмч нар хэлсэн. Гар утас байгаа болоч сонсохгүй. 3 удаагийн хагалгаанд 2014 оны 10 дугаар сарын 04-нд ороод 10 дугаар сарын 09-нд 5 хоноод эмнэлгээс гарахад хамт хэвтэж байгаа эгч нар чи 15-20 хоног бэлгийн харьцаанд орж болохгүй гэж зөвлөхөд нь би Баттогтоход өдөр болгон боолт хийлгэнэ, эмээгийнд хэд хонох уу гэхэд зөвшөөрөөгүй. Би эмээгийндээ ойрхон очно гэхэд эмээ бас зөвшөөрөхгүй болохоор нь би утсаар эмээ рүүгээ уйлаад одоо ир гэхэд эмээ ирсэн. Ирээд яасан бэ гэхэд би танайд очмоор байна гэхэд за та хоёр манайд оч гэсэн боловч нөхөр маань намайг дагаж яваагүй. Ингээд 15 хоног надтай уулзаагүй байж байгаад эмнэлэг дээр боолт хийлгээд явж байхад чи яагаад байгаа юм бэ гэхэд эмээ маань  харин чиний бие сайн уу гэж асуухад сайн сайн гэж хариулчихаад яваад өгсөн. 16 хоногийн дараа аав ээж нь ирээд намайг очиж хувцсаа ав гэсэн. Энэ хагалгаанд ороход 3 сартай гэдгийг мэдэж байсан мөртлөө ирэхгүй, ирсэн ч нааштай биш хандсан. Ер нь хүнийг хайрлаж өрөвдөх сэтгэлгүй хүмүүсийг сонгож амьдарснаа мэдээд өөртөө буруу өгч их шаналж эмээ, ах, эгч, ээжийгээ их зовоосон. Би Батттогтохынд очоод хувцас хунар ах дүү нарын өгсөн 6.700.000 төгрөг авна гэхэд эмээ, Баатар ах, эгч, ээж нар минь миний охин хүлээ, эрүүл төрөөд ав гээд миний ах дүү дахиад 1.000.000 гаруй төгрөгөөр хувцас, гутал авч өгсөн. Мөн эмнэлэгт үзүүлэх болон ламд очих бүгдийг хариуцаж 7 сар болоод охин төрсөн. Охин төрөөд 1 сар 20 хоногтой байхад  6 дугаар сарын 1-нд Баттогтох эмээгийнд маань ирсэн юм. Баттогтох 2015 оны 7 дугаар сарын 3-нд шүүхэд салах өргөдлөө өөрөө өг, би өргөдөл өгөхгүй тэтгэвэр ч өгч чадахгүй гэсэн. Тэгээд 7 дугаар сарын 15-нд Баттогтох хамаатныхаа настай хүнтэй хамт ирээд эмээ, Баатар ах хоёртой уулзаж байсан. Хамаатны тэр ах нь сайн хүн шиг байсан. Баттогтох баяраар хотоос манай ах дүү ирнэ. Ирэхээс нь урд юмаа ав гэхэд нь дагаж ирсэн ах нь юу яриад байна гээд их ичиж байх шиг байсан. Тэгээд дахиад юу ч яриагүй. Эцсийн эцэст би Баттогтохоос болоод олон төрлийн өвчтэй болж, хүүхдээ ч өөрөө асарч чадахгүй эмээ, эгч ах, дүү, ээжийн хүчээр охиноо өсгөж хүн болгож байна. Иймд охиноо өөрөө авна. Ямар ч байсан сайн хүн болгоно. Намайг доромжлоод зогсохгүй миний амь болсон эмээг минь үхнэ гэсэнд гомдолтой байна. Иймд миний нэхэмжилсэн 4.860.000 төгрөг, мөн хүүхдийн тэтгэмжийг Баттогтохоос гаргуулж бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Н.Баттогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ч.Тогтууртай танилцаж улмаар бие биедээ сэтгэлтэй болж 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэрлэсэн. Бидний хамтын амьдралын явцад 2015 онд охин маань төрсөн. Бид хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн бие биенээ гэсэн сэтгэлтэй, бусдын адил үр хүүхдээ халамжилж сайхан амьдарч байсан. Миний бие татаж унадаг өвчний улмаас нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг болохоос нэхэмжлэлд дурдсан шиг хувцсандаа хүнд, хөнгөнөөр бие засдаг тохиолдол байхгүй. Мөн би гэр бүлээ дарамталж, зодож цохиж, хүчирхийлсэн үйлдлийг хийж үзээгүй. Гэтэл Ч.Тогтуурын асрагч эмээ Энэбиш манайд ирж цай уу гээд Ч.Тогтуурыг аваад явсан. Тэгээд би сүүлд очиход Ч.Тогтуур надад чамаас би сална, чи бид хоёр бүтэхгүй, цаашид чамтай амьдрахгүй гэх мэтээр хачин зүйлс ярьж гэнэт өөрчлөгдсөн байсан. Миний бодлоор Энэбиш гэх эмээ нь Ч.Тогтуурыг ятгаж бидний сайхан амьдралыг хоёр тийш болгох гээд байгаа юм шиг санагдсан. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны явцад Ч.Тогтуурыг ерөөсөө яриулаагүй, түүний саналыг харгалзан үзээгүй бүх зүйлийг Энэбиш Тогтуурын өмнөөс ярьж хэлж байсан. Ч.Тогтуур өөрөө хэзээ ч ийм зүйл хэлэх хүн биш. Би үүнд огт итгэхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Ч.Тогтуур нь хариуцагч Н.Баттогтохоос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын өмч болох 4.860.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

       Н.Баттогтох, Ч.Тогтуур нар 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин Т.Анхгоо төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаанууд,  зохигчдын тайлбараар нотлогдож байна.

       Гэрлэгчид нь хөгжлийн бэрхшээлтэй болон хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2014 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь тогтоогдож байх тул Н.Баттогтох, Ч.Тогтуур нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

      Гэрлэгчид нь 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин Т.Анхгоог хэн хэн нь өөрийнхөө асрамжид байлгах шаардлага гаргасан ба хүүхдийн насыг харгалзан охин Т.Анхгоог эх Ч.Тогтуурын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Т.Анхгоог 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Н.Баттогтохоор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

       Шүүх хүүхдийг эх Ч.Тогтуурын асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

        Мөн нэхэмжлэгч нь гэр бүл болоход ах, дүү нарын бэлэглэсэн 4.860.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэ нь гэрлэгчид гэр бүл болсноос хойш бий болсон хамтран өмчлөх дундын өмч байх бөгөөд Ч.Тогтуур нь энэ мөнгөө зарцуулсан болон мөнгөн хуримтлал хийсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ шаардлагаа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Н.Баттогтохоос улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж /Увс аймагт амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 164.800 төгрөг байх ба үүний 50 хувь буюу 82.400 төгрөгийг хариуцагч сар бүр нэхэмжлэгчид төлөх тул үүнийг 12 сараар тооцвол 988.800 төгрөг/ 28.281 төгрөг, нийт 98.481 төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:             

    1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Булжаагууд овогт Чимэд-Очирын Тогтуур, Галзад овогт Нямаагийн Баттогтох нарын гэрлэлтийг цуцалсугай.

      2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин Т.Анхгоог эх Ч.Тогтуурын асрамжид үлдээсүгэй.

      3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Т.Анхгоог 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Баттогтохоор тэжээн тэтгүүлсүгэй.

    4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Тогтуурын хамтран өмчлөх дундын өмч буюу гэр бүл болоход ах, дүү нарын бэлэглэсэн 4.860.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

   5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

   6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.  

     7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.Тогтуур нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Н.Баттогтохоос улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг,  хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 /хорин найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөг, нийт 98.481 /ерэн найман мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөг гаргуулж улсын орлогод буюу Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ