Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 143

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга:Н.Гантулга,

Шүүгдэгч: Ж.З, түүний өмгөөлөгч Д.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000930155 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Тэмээчин овогт Ж.З.

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Ж.З нь 2018 оны 11 дүгээр сарын 05-наас 2018 оны 11 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Шанд гэх газар нутаглах Р.Аын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар , хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 2 130 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч Ж.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Миний бие өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. иймд хэргийн талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна...Шалтгаан гэх юм бол би зүгээр хөөрөг болон гар утсыг хувьдаа ашиглая гэж бодсон юм гэх мэдүүлэг. /хх-ийн 61-62/,

2.Шүүгдэгч Ж.З нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 3. Хохирогч Р.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Хулгайн гэмт хэрэг 2018 оны 11 дүгээр сарын 05- наас 06-нд шилжих шөнө үйлдэгдсэн . Манай гэрийн хаалгаар орсон юм шиг байна лээ Уг нь хаалган дээр муухан цоож байдаг юм. Тэрийг татаж онгойлгоод дотогшоо орсон юм шиг байна лээ. Гар утас болохоор зүүн талын орны дээд хэсгийн харалдаа унинаас утсаар уядаг байсан юм бодвол тэнд л байсан байх. Хөөргийг болохоор зүүн талын хананд өлгөөтэй байсан цүнхэн дотор хийсэн байсан юм. Сүүлд хөөрөгний гаднах хэсгээр байх дайланг нь орны дээд хэсгээр гаргаж дэлгэж тавьчхаад шалдан хөөргийг аваад явсан байсан юм. гэх мэдүүлэг. /хх-ийн 16-18/,

 4. Гэрч Г.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Бид хоёр тэр айл руу ерөнхийдөө хонох гээд очсон юм. Тус айлыг цоожтой байсан эсэхийг мэдэхгүй байна. хамгийн түрүүнд тэр айл руу З орсон юм. Би бие засчхаад мотоцикпынхоо тэнд байж байгаад Зыг гарч ирэхгүй байхаар нь араас нь яваад орсон чинь З орных нь хажууд зогсож байсан тэгэхээр нь юу хийгээд байгаа юм бэ явъя гэж хэлсэн чинь тэр тэгье гэж хэлээд бид хоёр мотоциклоор унаад тэн.дээс хөдлөөд би Бөмбөгөр сум ороод хадмын даа буусан юм.З гэр лүүгээ явсан...Тэгээд суманд байх хадмынхаа гэрт нь очоод З луу аваагүй гээд байхаар нь би авсан бол унэнгээ хэлээрэй гэсэн чинь утсаа салгаснаа эргээд өөрөө залгаад би авсан юм аа гэж хэлсэн...Тэгэхээр нь би түүнээс хөөрөг, гар утас одоо хаана байгаа бэ гэхэд надад байгаа гэж хэлсэн. Тэгэхээр утсаар ярьсан шөнө З ганцаараа хөөрөг болон гар утсыг манай хадмын гэрт авчраад өгсөн...Тэгээд би хөөрөг болон гар утсыг Бууцагаан сумын хэсгийн төлөөлөгчид авчирч өгсөн юм...гэх мэдүүлэг./хх-ийн 31-32/,

 5. Гэрч А.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Тус өдөр нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны эсхүл 06-ний өдрийн аль нэг өдөр байсан...Өөрөө хоол хийгээгүй байсан учир 21 цаг өнгөрч байхад саахалтын айл болох Хадаагийн гэр лүүн хоол идэх гээд мотоциклтойгоо явсан юм. Тэгээд тэднийд очоод хоол идчихээд буцаад ирсэн чинь гэрийн хаалга онгорхой байж байсан. Гэрийн цоож болон даруулгыг гэрийн үүд хэсгээр газарт хаясан байсан. Манай цоож эвдэрхий гараараа татахад онгойдог юм. Тэгээд гэртээ ороод хамгийн түрүүнд утсаа хайж үзэхэд байхгүй байсан. Мөн гэрийн орон дээр хөөрөгний дайланг ил хэвтэж байхаар нь үзсэн чинь доторх хөөргийг нь авсан байсан. гэх мэдүүлэг. / хх-ийн 22-23/,

6.Гэрч Х.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... 2018 оны 11 дүгээр сарын эхээр манайх өвөлжөөндөө орсон байсан юм. Тухайн үед бид нар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Хавчиг нэртэй газарт байдаг байсан юм. Тэгэхэд Эийнх болохоор манайхаас 1 км гарангийн зайтай Шанд гэх газарт намаржаандаа байсан юм. Дээрх өдөр Эийн хувьд манайд оройхон 20-21 цагийн хооронд ирсэн байх цагийн сайн санахгүй байна ганцаараа мотоцикльтой ирсэн. Түүний хувьд эхнэр аймаг явсан танайд хоол идэхээр ирлээ гэж хэлсэн. Тэгээд манайд хоол идчихээд бараг 4-5 цаг гаран болсон байх нилээн аажуу явсан. Тэгээд тэр өдрийн маргааш нь би тэднийх рүү очиход Э ганцаараа байсан ба хөөрөг болон гар утас алга байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэдний гадаа байсан мотоциклийн мөрийг хөөхөд төв зам руу нийлээд тэгээд мөр мэдэгдэхээргүй болсон. гэх мэдүүлэг. / хх-ийн 36-37/,

6. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

 ... Манайх нөхөр болох Тт хэн хэлсэн эсэхийг мэдэхгүй байна цуг явсан З тэр хоёрыг айлаас хулгай хийсэн гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд манай нөхөр гэртээ ирчхээд З айлаас хулгай хийсэн юм шиг байна би утсаар ярина гэж түүн рүү залгаад ярьсан залгаж ярихад нь би хажууд нь цуг байсан юм. Тэгэхэд манай нөхөр З луу залгаад чи айлын гэрээс хөөрөг, гар утас хулгай хийсэн юм уу гэж асуусан тэгсэн цаанаас нь З анхандаа аваагүй гэж хэлсэн байх манай нөхөр авсан бол надад авчраад өгөөдөх би аваачиж өгье гэж хэлэхэд Заяабааар би авсан юм аа гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш нэлээн хэдэн цагийн дараа З аажуудуу манайд ирээд 1 ширхэг хөөрөг, 1 ширхэг гар утас зэргийг авчраад өгсөн. гэх мэдүүлэг. / хх-ийн 46-47/,

6. Гэрч О.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Түүнтэй найзлаад 5 орчим жил болж байна. Бид хоёрын дунд ах, дүү төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Ж.Зын хувьд эхнэр, 3 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд мал, маллаж оршин суудаг. Түүний хувьд 100 гаран тооны малтай мөн мотоцикльтой.Миний санаж байгаагаар бүрэн дунд боловсролтой, цэргийн алба хааж байсан залуу юм байгаа.Хүнд тусархуу, гэр бүл, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Төлөв, даруу хүн юм байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

7. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 23 дугаар шинжээчийн:

1.Хуучин цагийн тархи манан хөөрөг 1 ширхэг 2100.000 төгрөг

2.Хятад хуучин гар утас 1 ширхэг 30.000 төгрөг, нийт хоёр сая нэг зуун 2130.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-56/ болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хх-ийн 70 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн тухай лавлагаа, хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт,иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэрэгт авагдсан 74 дүгээр хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан баримт болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр 5 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржготов шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Ж.З өөрөө гэм буруугийн талаар маргахгүй байгаа боловч хохирогчийн гэр гаднаас цоожгүй байсан, тул хууль бусаар орсон эсэхэд эргэлзэж байна гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийг гэм буруу эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явуулав.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Р.Алтын гэр гараар онгойдог цоожтой байсан түүнийг онгойлгож газар хаясан байсан талаар хохирогч Р.Алта, гэрч А.Э нар мэдүүлсэн байсан бөгөөд хохирогчийн гэрийн хаалга цоожгүй байсан ч эзэнгүй айлд орж бусдын эд хөрөнгийг хулгайлж байгаа нь хууль бусаар нэвтэрч орсон гэж үзнэ гэж шүүх дүгнэлээ.

Иймд өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ж.З нь 2018 оны 11 дүгээр сарын 05-наас 2018 оны 11 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Шанд” гэх газар нутаглах Р.Алтын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар , хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 2 130 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Р.Алт, гэрч Г.Т,А.Э, Х.Х, Б.Б нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 23 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Зыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Ж.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Ж.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх,...д оршино” гэснийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багаггүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Зт оногдуулсан хорих ялыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ялын хугацаатай адил хугацаагаар авах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ талаар өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.З нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Р.Алтаас замын зардал нэхэмжилнэ гэж шүүх хурлын тов мэдэгдэх үед амаар хэлсэн боловч хэдэн төгрөгийн зардал нэхэмжилж байгаа талаар тодорхой тоо болон нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Зыг ял шийтгэл эдэлсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй талаар ЦЕГ-ын лавлагаанд тогтоогдсон тул түүнийг анх удаа ял шийтгэгдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тэмээчин овогт Ж.Зыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Тэмээчин овогт Ж.Зыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Ж.Зт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Ж.Зт зургаан /06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч Р.Алтын замын зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Зыг бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 22-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                       

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.З авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ