| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 129/2017/0038/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2017-05-04 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 15
|
|
Прокурор Н.Цогтбаяр
Ялтны өмгөөлөгч Б.Алтанчимэг
Ялтан Ч.Адилхүү
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Ч.Адилхүүд холбогдох 201603000273 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, 1996 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Улам оргих овгийн Чоймбийгийн Адилхүү /РД: А073051111/
Ч.Адилхүү нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сум, Тамир багийн нутаг дэвсгэрт байрлах хөрөө рамны хашаанаас иргэн П.Банзрагчийн 108 ширхэг банзыг машин механизм хэрэглэн хулгайлж, иргэн П.Банзрагчид 275.600 /хоёр зуун далан таван мянга зургаан зуу/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Ч.Адилхүүд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Ч.Адилхүүг машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ч.Адилхүүг эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ч.Адилхүүд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчилж эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ч.Адилхүүгийн цагдан хоригдсон 27 хоногийг түүний баривчлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Ч.Адилхүүгийн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн автомашины үнэ 3.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, битүүмжилсэн 55-79 АРХ улсын дугаартай портер маркийн автомашиныг эзэмшигч Ж.Үүрийнцолмонд буцаан олгож, Шүүгдэгч Ч.Адилхүү нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Адилхүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд:
Монгол улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, 1996 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Улам оргих овгийн Чоймбийгийн Адилхүү. Регистрийн дугаар А073051111.
Яллагдагч Ч.Адилхүү нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сум, Тамир багийн нутаг дэвсгэрт байрлах хөрөө рамны хашаанаас хохирогч П.Банзрагчийн өмчлөлийн 108 ширхэг банзыг машин механизм хэрэглэн хулгайлж, 275.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллагдагчаар татагдсан байна. Прокуророос хэргийг хянаад 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 37 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.Тус шүүхээс Ч.Адилхүүд холбогдох эрүүгийн 201603000273 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.Адилхүүг машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Адилхүүгийн цагдан хоригдсон 27 хоногийг түүний баривчлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоолыг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч танилцан дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Шүүгдэгч Ч.Адилхүү нь мөрдөн байцаалтын шатанд 27 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байдаг гэтэл Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ч.Адилхүүг “Цагдан хоригдсон хоноггүй” хэмээн дүгнэсэн атлаа тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Ч.Адилхүүгийн цагдан хоригдсон 27 хоногийг түүнии баривчлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн нь тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байна. Иймд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын зохих хэсэгт өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд томилсон прокурорыг оролцуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Дээд шатны прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06 тоот эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т заасан хууль ёсны болон үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Тийм учраас Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Ялтны өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд байгаа ял шалгах хуудсанд суллагдсан шалтгааныг ялын хугацаа дууссан гэж бичээд 1996 оны 05 дугаар сарын 22-ны өдөр таслагдан шийдвэрлэгдэж 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдөр суллагдсан байдаг. Ч.Адилхүү нь өмнө нь 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. Гэтэл яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийг өмнө нь 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн мэтээр бичиж хувийн байдлыг нь дордуулж байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдалд нөлөөлөхгүй гэж үзвэл Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.3-т зааснаар эсэргүүцэл бичсэн этгээд нь давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө эсэргүүцлээсээ татгалзах эрхтэй бөгөөд дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээсээ татгалзаагүй тул түүний эсэргүүцлийг шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлан үзвэл анхан шатны шүүх тус хэрэгт мөрдөн байцаалтын дор дурдсан зарим ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.Тухайлбал: 1986 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 199 дүгээр зүйл нь Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах ба “гэмт хэргийг үл мэдээлэх” гэсэн зүйл анги бөгөөд энэ зүйлд хорих ялын дээд хэмжээ нь хоёр жил гэж хуульчилсан байхад прокурор Ч.Адилхүүг 1996 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэж яллах дүгнэлт үйлджээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр, хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүдийг бүрэн тогтоож чадаагүй байна.
Мөн 1996 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргасан боловч уг тогтоолын бичвэр уншигдах боломжгүй байгаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт гэж үзэхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Ч.Адилхүүгийн цагдан хоригдсон хоногийг анхан шатны шүүх 27 хоног гэж тооцон шийтгэх тогтоолд тусгажээ. Хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад Ч.Адилхүү нь 28 хоног цагдан хоригдсон байгааг дурдах нь зүйтэй.
Дээд шатны прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд дүгнэлт өгөх боломжгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2,318 дугаар зүйлийн 318.2.2, 322 дугаар зүйлийн 322.1-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Адилхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д зааснаар хэргийг прокурорт очтол Ч.Адилхүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА