Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 113

 

П.Э, Ж.Б, Н.Н, Ц.Т, П.Л, С.Г, 

Ц.М нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч П.Эын өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, шүүгдэгч Ц.Тгийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар магадлалтай, П.Э, Ж.Б, Н.Н, Ц.Т, П.Л, С.Г, Ц.М нарт холбогдох 1912000540128 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын туслах прокурор О.Мөнхбаатарын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг,

урьд Архангай аймгийн шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 1 жил, 6 сар хорих ял,

Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил, 5 cap, 20 хоног хорих ял,

Булган аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 107 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ял,

Хөвсгөл аймгийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 4 жил хорих ялаар,

Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 3 сар хорих ял,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нийт 5 жил хорих ял,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 12 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн П.Э,

2.Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Ж.Б,

3.Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, урьд ял шийтгэлгүй, Ц.Т,

4.Монгол Улсын иргэн, 1959 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Ц.М,

5.Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд Орхон аймгийн шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1-д зааснаар 21 жил хорих ял шийтгүүлсэн, С.Г,

6.Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг,

урьд Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 196 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил, 6 сар хорих ял шийтгүүлж, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 3 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, П.Л,

7.Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, урьд ял шийтгэлгүй, Н.Н

Шүүгдэгч П.Э, С.Г, П.Л нар нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ж.Б, Н.Н нар нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ц.Т, Ц.М нар нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Лд холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 02-ны хооронд Ц.Хгийн зуслангийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 500 литр айраг, худгийн насос, ямааны сам, хатгамал зэрэг эд хөрөнгийг хулгайлсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Лд Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч П.Эыг олон тооны мал хулгайлсан, бүлэглэн, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, шүүгдэгч Ж.Б, Н.Н нарыг олон тооны мал хулгайлсан, шүүгдэгч Ц.Т, Ц.М нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Гийг олон тооны мал хулгайлсан, бүлэглэн, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Лыг олон тооны мал хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ял, шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ял, шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, шүүгдэгч Ц.Тг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч П.Лыг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Лд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 3 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 cap 5 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3  жил 6 cap 5 хоног хорих ялыг эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э, С.Г, Ж.Б, Н.Н, П.Л нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э, С.Г, Ж.Б, Н.Н, П.Л нарт оногдуулсан хорих ялуудыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч П.Эод оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч С.Гэд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч П.Лд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 cap 5 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоож шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14 дэх заалтын “П.Эоос 2,250,000 төгрөг ...” гэснийг “П.Эоос 1,500,000 төгрөг ...” гэж, “Ц.Тгээс 2,250,000 төгрөг ...” гэснийг “Ц.Тгээс 1,500,000 төгрөг ...” гэж өөрчилж, “... улсын орлогод ...” гэсний урд “Н.Нгээс 60-52 ОРО улсын дугаартай Нийссан Пулсар маркийн машины үнээс 1,500,000 төгрөгийг гаргуулж...” гэж нэмж, тогтоолын бусад зүйл, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 629 дүгээр тогтоолоор П.Э, Ж.Б, Н.Н, Ц.Т, П.Л, С.Г, Ц.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын туслах прокурор О.Мөнхбаатар 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бичсэн 5/08 дугаар дүгнэлтдээ: “... Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор С.Гэд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ял, шүүгдэгч П.Эод Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч Н.Гэд 5 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч П.Эод 7 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд дээрх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, нөхцөлийг тодорхойлсон ба “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ”; 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж зохицуулжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Э, С.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан хорих ялыг оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээ болох 5 жилээс хэтрүүлэн нийт эдлэх ялыг тогтоож, Эрүүгийн хуулийг илтэд буруу хэрэглэжээ. Мөн давж заалдах шатны шүүх, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” үндэслэлд тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн асуудал төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийн суурь ухагдахууныг авч үздэг. Шүүх хуулийн илэрхий, хоёрдмол салаа утгагүй зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, эсхүл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан ялын дээд хэмжээнээс хэтрүүлэн эдлэх ялыг тогтоосон нь хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлд хамаарах юм.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ...” гэж тодорхойлж, Өршөөлийн хуулийг хэрэглэхдээ Эрүүгийн хуульд заасан ялын дээд хэмжээнд нийцүүлэн, ялыг нэмж нэгтгэх зохицуулалтыг баримтлах хоёрдмол салаа утгагүй, ойлгомжтой байдлаар хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоож, дахин хэлэлцүүлэхээр, эсхүл прокурорт буцаах шийдвэрийг гаргахаар хуульчилсан бөгөөд эрүүгийн 1912000540128 дугаартай хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шаардлагагүй, хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тодруулсан байх тул давж заалдах журмаар хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, шүүгдэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой.

Иймд Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дахь заалтад заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ”, 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэжээ. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Э, С.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хорих ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээ болох 5 жилээс хэтрүүлсэн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэж заасан үндэслэлийн дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хянан шийдвэрлэсэн тул шүүгдэгч П.Э, С.Г нарт холбогдох хэсгийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар хэлэлцүүлэх нь зүйтэй байна гэв.

Шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч А.Төмөрчулуун хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Прокурорын гаргасан дүгнэлт болон өөрийн гаргасан гомдлоо дэмжиж байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч П.Эын өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Шийтгэх тогтоол, магадлалаар П.Эын эрх зүйн байдал болон хувийн байдалд нь тохирсон ял шийтгэсэн. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуульд заасан ялын дээд хэмжээнээс хэтрүүлж ял оногдуулсан гэж үзэх үндэслэлгүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийг П.Э-д хэрэглэсэн нь хууль ёсны юм. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуульд зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тухайн ялыг оногдуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тийм учраас прокурорын дүгнэлтэд дурдагдсан зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Тогтоол, магадлал нь хууль ёсны, үндэслэл бүхий гарсан тул прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Тгийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хяналтын шатны шүүхэд үйлчлүүлэгч Ц.Тгийн хамт гомдол гаргасан. Гомдол гаргахдаа С.Г, П.Э нарын үйлдэлтэй холбоотой бус зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа нутаг дэвсгэрийн харьяаллын онцлогоос хамаарч хэт багасгасан агуулгаар гомдол гаргасан. Хэргийг анхан шатны шүүх рүү буцааж дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Улсын ерөнхий прокурорын туслах прокурор О.Мөнхбаатарын бичсэн дүгнэлтийг үндэслэн П.Э, Ж.Б, Н.Н, Ц.Т, П.Л, С.Г, Ц.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох үндэслэлд тухайн эрүүгийн хэргийг шүүх хянан хэлэлцэх үед хэргийн үйл баримт, хууль хэрэглээнд ноцтой нөлөөлөхүйц, өмнө нь мэдэгдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлууд хамаарна.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эдгээр нөхцөл байдал илэрвэл хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийн тулд өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг алдаа гарсан тэр шатнаас эхлэн дахин шалгаж, шийдвэрлэхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой журам болгон хуулиар тогтоож өгсөн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн ...” нөхцөл байдал тогтоогдвол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар хуульчилжээ.

Хуулийг илт буруу хэрэглэсэн гэдэгт шүүх хуулийн илэрхий, тодорхой зохицуулалтыг буруу ойлгож хэрэглэсэн, эсхүл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тохиолдлыг ойлгох ба тухайн хуулийн зүйл, хэсэг, заалт нь ямар нэгэн салаа утгагүй, нэмэлт тайлбар хийх шаардлагагүй ойлгомжтой байх ёстой. 

Хүний эрх ноцтой зөрчигдсөн гэдэгт хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон  эрхийг хассан, хязгаарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах боломжгүйд хүргэсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, нөхцөлийг хүндрүүлсэн, эсхүл гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүйн улмаас хилсээр ял шийтгүүлж, эрх зүйн байдлыг дордуулсан зэрэг үр дагаварт хүргэсэн зөрчлийг ойлгох бөгөөд дээрх асуудлуудыг хооронд нь уялдаа холбоотой авч үзэхээр байна.

3.Шийтгэх тогтоолоос үзэхэд шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ял, шүүгдэгч С.Гэд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.Эын ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч С.Гийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээнээс хэтрүүлэн ял оногдуулсан байна.

4.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан нь тухайн төрлийн ялын хуулиар тогтоосон дээд хэмжээ байх бөгөөд нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хэмжээ нь дээрх хуулиар тогтоосон хязгаараас хэтэрч болохгүй.

Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хорих ялын хэмжээ нь 5 жил, түүнээс бага хугацаатай байхаар тогтоожээ.

5.Анхан шатны шүүх, шүүгдэгч П.Э, С.Г нарын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг тус бүрд хорих ял шийтгэн, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг хэрэглэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг шүүгдэгч П.Э-д 7 жил зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч С.Г-д 5 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн төрлийн ялын хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтэрч шүүгдэгч нарын эрхийг ноцтой зөрчсөн байна. 

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг илрүүлж, зөвтгөөгүйн улмаас Эрүүгийн хуулийг илт буруу хэрэглэж хүний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг үндэслэн прокурорын дүгнэлтийг хангаж, шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч П.Э, С.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар магадлалын шүүгдэгч П.Э, С.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

                           ШҮҮГЧИД                                                        С.БАТДЭЛГЭР

      М.ПҮРЭВСҮРЭН

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

     Ч.ХОСБАЯР