Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0186

 

    “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 819 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н гаргасан давж заалдах гомдлын дагуу “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 819 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 48 дугаар зүйлийн 48.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль  орчин, аялал, жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдолдоо: “...Тусгай хамгаалалттай Дархан цаазат газарт ТУсгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн аманд 3.4 га талбай газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5 дахь заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “Т” ХХК-ийн газар ашиглах эрхийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1-д заасан зүйл заалтыг гол үндэслэл болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10, 11, 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгохыг хориглосон байхад хуулийг буруу хэрэглэн 17 дугаар зүйлийн 17.3 дахь буюу Байгалийн цогцолборт газрын дэглэмд холбогдох зориулалтыг дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин анх олгосон сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалыг хүчингүй болгосон.

Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын зүгээс тодорхой арга хэмжээ авч захиргааны акт гаргахад анхан шатны шүүх нь дээрх хуулийн тодорхой заалт, илэрхий харагдах баримтыг үнэлээгүй, анх олгосон тушаал хуульд нийцсэн эсэхэд огт дүгнэлт хийхгүйгээр хуулийн гажуудлыг нэгэнт хуулиа зөрчөөд яваад ирсэн тул гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 819 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, маргааны зүйлд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар[1] нэхэмжлэгч “Т” ХХК-д “Богдхан уулын дархан цаазат газарт Хүүшийн ам нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 3,4 га талбайд газар ашиглах эрх олгож, гэрээ байгуулан[2], гэрчилгээ[3] олгосон байна.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар[4] “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар олгосон” гэх үндэслэлээр 46 иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгосон бөгөөд тушаалын хавсралтын 5 дахь заалтад “Т” ХХК-д газар ашиглах эрх олгосон 2017 оны А/14 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н “...Анхан шатны шүүх хуулийг зөрчиж, буруу хэрэглэн, аялал жуулчлалын зориулалтаар олгосноор нийтэд илэрхий тодорхой харагдах Тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулын бүсэд 9-15 давхар түүнээс дээш өндөртэй орон сууц, зочид буудал, үйлчилгээний барилга байгууламж ихээр баригдаж байгалийн унаган төрх байдал, дэглэм алдагдаж, сөрөг нөлөөлөл үзүүлж ... байгааг дэмжсэн шийдвэр гаргасан...” гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах үйл ажиллагаа явуулах зориулалтаар газар ашиглах эрх олгохоор зохицуулсныг зөрчиж аялал жуулчлалын зориулалтаар буюу байгалийн цогцолборт газрын дэглэмд холбогдох зохицуулалтыг дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосныг маргаан бүхий тушаалаар хүчингүй болгосон хэмээн хариуцагч маргажээ.     

Нэхэмжлэгч “Т” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар дархан цаазат газарт газар ашиглуулах эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т зааснаар байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн дэглэмд “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих” үйл ажиллагаа явуулж болохоор зохицуулсныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал болох дархан цаазат газар болон байгалийн цогцолбор газрын хамгаалалтын дэглэмийг зөрчиж газар ашиглуулахаар шийдвэрлэснийг хариуцагч зөвтгөж шийдвэрлэсэн нь тогтоогдож байх боловч энэхүү тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргаа үйл ажиллагаандаа тусгай зарчмыг баримтлах үүрэгтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим нь захиргааны үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг       ойлгох бөгөөд энэхүү тохиолдолд нэхэмжлэгч компанид уг зарчим тодорхой хэмжээнд үйлчлэхээр байна гэж үзлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалыг хариуцагч захиргааны байгууллага гаргасан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч тал тухайн газар хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулан тодорхой тооны байшин барьсан болох нь хэрэгт авагдсан фото зураг[5], хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогджээ.

Энэхүү маргаан бүхий тохиолдолд анхан шатны шүүх “ ...хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хангагдах учиртай, ... дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэх байдал тогтоогдоогүй” хэмээн дүгнэхдээ нотлох баримт дутуу бүрдүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь ашиглаж буй 3,4 га газарт бүхэлд нь барилга байгууламж барьж хөрөнгө оруулалт хийгээгүй тохиолдолд газар ашиглагчийн хувьд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь бүхэлдээ хамаарч, хариуцагч тус зарчмыг баримтлаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд хэрхэн үндэслэж буйг дүгнээгүй нь үндэслэлгүй болжээ.

Мөн түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06б/8044 дүгээр албан бичгээр[6] ирүүлсэн агаарын зургийг кадастрын зурагтай давхцуулсан зургаас үзвэл “Т” ХХК-д ашиглуулахаар олгосон 3.4 га газар нь ойн сан бүхий газартай тодорхой хэмжээгээр давхцалтай болох нь харагдаж байна.

Газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Ойн сан бүхий газарт ой мод, загтай газар, модыг нь огтолсон талбай, ойн цоорхой, зурвас, ойг өсгөн үржүүлэхэд зориулсан, ой тэлэн ургах боломжийг хангахуйц газар хамаарна” гэж заасан.

Ийнхүү итгэл хамгаалах зарчим нь нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд бүхэлдээ хамаарах эсэх, тухайн ойн сан бүхий газар нь нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай хэдий хэмжээгээр давхцалтай болохыг тогтоогоогүй, уг дархан цаазат газрын ямар бүсэд хамаарч байгаа болон тухайн баригдсан гэх байшингууд нь энэ тохиолдолд зөвшөөрөгдөх эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй, нотлох баримт цуглуулаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл, маргаан бүхий актад үндэслэл бүхий дүгнэлт өгөх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 819 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 87 хуудас

[2] Хавтаст хэргийн 67-68 хуудас

[3] Хавтаст хэргийн 41 хуудас

[4] Хавтаст хэргийн 36-37 хуудас

[5] Хавтаст хэргийн 75-82 хуудас

[6] Хавтаст хэргийн 152-153