| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 128/2025/0582/З |
| Дугаар | 001/ХТ2026/0033 |
| Огноо | 2026-03-31 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2026/0033
“Т***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт
шалгалтын тасгийн татварын улсын байцаагч
нарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0838 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2026/0045 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2026/0089 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т***, өмгөөлөгч Б.Баттогтох (№3720), хариуцагч Ц.А***, Ч.Э***, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У*** нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“Т***” ХХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.А***, Ч.Э*** нарт холбогдуулан “... тус татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 4 дэх хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Татварын хяналт шалгалт хийх 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай томилолтын дагуу татвар төлөгч “Т***” ХХК-ийн 2020-2022 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар (эрсдэлд суурилсан-бүрэн) хяналт шалгалт хийж, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсгээр 2021 онд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 дугаар шийдвэртэй, 1681910302 нэгж талбарын дугаартай аж ахуйн зориулалттай 2 га газрын эзэмших эрхийг шилжүүлэхдээ гэрээний үнээр тооцон 648,120,320.00 төгрөгийн хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй; 2 дахь хэсгээр 2020 онд 4,810,607.94 төгрөг, 2021 онд 46,043,929.07 төгрөг, 2022 онд 8,388,436.82 төгрөг, нийт 59,242,973.83 төгрөгийн үйл ажиллагаатай холбогдолгүй хувийн хэрэглээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж, төсөвт төлөх татварыг бууруулсан; 4 дэх хэсгээр 2020 онд 7,589,317.80 төгрөг, 2021 онд 27,349,357.43 төгрөг, 2022 онд 18,972,470.48 төгрөг, нийт 53,911,145.71 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж тус тус дүгнэн нийт 58,522,228.46 төгрөгийн нөхөн татвар, 17,830, 162.11 төгрөгийн торгууль, 25,626,270.97 төгрөгийн алданги, нийт 101,978,661.54 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
2.1.Дээрх нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгч хуулийн этгээд эс зөвшөөрч нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргахад, тус зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн байна.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2019 он)-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 16 дугаар зүйлийн 16.1.1, 18 дугаар зүйлийн 18.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2015 он)-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 14.6, 14.6.2-т тус тус баримтлан “Т***” ХХК-аас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1, 2, 4 дэх хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0838 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2026/0089 дүгээр тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У*** магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
6.1.Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг үндэслэл болгоогүй, Сангийн сайдын 2019 оны 303 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ыг хуулиас зөрүүтэй, зүйл, заалтыг хэргийн бодит байдалд нийцүүлээгүй, буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 208 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлол аргачлал”-ын дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай, нэгж талбарын 16*** дугаар бүхий аж ахуйн зориулалттай 2 га газрын дуудлага худалдааны анхны үнэ нь 1,848,120,320 төгрөг байгаа нь хэрэгт авагдсан баримт, газрын эрх шилжүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дээрх хууль тогтоомж, аргачлал хүчин төгөлдөр хэрэгжиж байсан нь хэргийн үйл баримтаас тодорхой байхад газрын эрх шилжүүлэгч (“Т***” ХХК) тухайн газрыг хэдэн төгрөгөөр худалдаж авсан үнийг тогтоох ёстой гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан бусад баримтыг судлаагүй, хэрэгт хамааралгүй, нэхэмжлэгч талаас буруу бичсэн аргачлалын зүйл, заалтыг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй.
6.2.Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй, хуульд заасан үүргээ биелүүлэх шаардлагагүй мэтээр дүгнэсэн нь хууль дээдлэх, сахин биелүүлэх, шударга, тэгш байх зарчимд нийцээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх зарчмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж, хэрэгт хамааралгүй зүйл заалт хэрэглэж шийдвэр гаргасан.
6.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн.
6.4.Иймд хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 221/MA2026/0045 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
9.Нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий 2024 оны НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 2, 4 дэх хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уг актын 1 дэх хэсгийг мөн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
10.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсгээр ““Т***” ХХК нь 2021 онд Баянгол дүүрэгт байрлах ... 2 га аж ахуйн зориулалттай газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ 648,120,320 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй” гэж үзсэнийг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ “... газрыг Худалдах, худалдан авах гэрээгээр бусдад 1,200,000,000 төгрөгөөр шилжүүлсэн, газрын эрхийг анх дуудлага худалдаанд оролцож 180,000,000 төгрөгөөр худалдаж авсан, “Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ын 2.2 (давхардсан дугаартай)-т “Энэ аргачлалын 2.2, 2.3 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд тухайн газрыг дуудлага худалдаагаар авахад шалгарсан үнэ болон татвар төлөгчөөс мэдүүлсэн газрын эрх худалдах, худалдан авах гэрээний үнийн аль өндөр үнээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно” гэж заасны дагуу гэрээний үнэ буюу 1,200,000,000 төгрөгөөс татвар ногдуулж төлсөн нь журамд нийцсэн гэж, харин хариуцагч татварын улсын байцаагч нараас “... тухайн худалдан борлуулсан газар нь Баянгол дүүргийн 5 дугаар бүсэд /үнэлгээний бүсийн/ хамаарах бөгөөд газрын суурь үнэ 1 га нь 1,088,000,000 төгрөг, 1 м.кв үнэ 108,800 төгрөг, итгэлцүүр 1,73-аар тооцоход дуудлага худалдааны анхны үнэ 1,843,120,320 төгрөг болох бөгөөд Газрын тухай хуулийн 38.6, Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын 2.1, 2.2/2.4/-т заасны дагуу уг 1,843,120,320 төгрөгөөс газрын эрх борлуулсны татвар ногдуулах байсан, акт хууль дүрэм зөрчөөгүй ...” гэх агуулгаар тус тус маргажээ.
11.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно”, Сангийн сайдын 2019 оны 303 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ын 2.1-д “Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогын дүн Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ын дагуу тооцсон дуудлага худалдааны анхны үнээс багагүй байна” гэж, 2.2-т “Газрын эрхийг өөр төрлийн хөрөнгө, үйл ажиллагаагаар харилцан солилцсон, эсхүл дуудлага худалдаагаар олгогдоогүй газрын эрх борлуулж, шилжүүлж байгаа тохиолдолд газрын эрхийн үнэлгээг энэ аргачлалын 2.1-д заасан үнэ болон татвар төлөгчөөс ирүүлсэн газрын эрх борлуулах, шилжүүлэх гэрээний үнийн дүнгийн аль өндөр дүнгээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно” гэж, мөн 2.2 (давхардсан дугаартай)-т “Энэ аргачлалын 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд тухайн газрыг дуудлага худалдаагаар авахад шалгарсан үнэ болон татвар төлөгчөөс мэдүүлсэн газрын эрх худалдах, худалдан авах гэрээний үнийн аль өндөр үнээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно” гэж тус тус зохицуулжээ.
12.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, маргааны үндэслэл болох газар эзэмших эрх шилжүүлсний орлогод татвар ногдуулах суурь үнийг Газрын тухай хууль, газар эзэмших эрхийн үнэлгээ тооцох, татвар ногдлыг тодорхойлох аргачлалд заасан аль үнэлгээг баримтлахтай холбоотой асуудлыг холбогдох баримтыг бүрэн цуглуулж дүгнэхээр байхад анхан шатны шүүх “нэхэмжлэгч уг газрыг дуудлага худалдаагаар авах үеийн анхны үнэ болон бодитоор хэдэн төгрөгөөр худалдан авсан эсэх, тухайн газрын төлбөрийг төлсөн байдал” зэрэг нөхцөл байдлыг холбогдох баримтаар бүрэн тогтоолгүй маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
13.Тухайлбал, анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргийн дагуу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлтэй холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргааны нөхцөл байдлыг бүрэн тодруулах ажиллагааг хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу.
14.Давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч газрыг анх дуудлага худалдаагаар 180,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж, хариуцагчаас уг төлбөр нь дуудлага худалдааны анхны үнэ биш газрыг эрх шилжүүлж авахад улсад төлж байгаа төлбөр гэж зөрүүтэй тайлбарласан, уг газрын хувийн хэрэг, газрыг дуудлага худалдаагаар худалдсантай холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй, эдгээр баримтуудыг цуглуулж, дээрх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай” гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь зөв байна.
15.Иймд, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд, хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2026/0045 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У***-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ