Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 632

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

     Интернешнл ХХК-ийн байранд байрлах, улсын бүртгэлийн 9016001014, регистрийн 2075377 дугаартай, Голомт банкны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 8-10А тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ87040501, Таргад овогт Дэмбэрэлнямын Батжаргал,

           Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 8-10А тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ85122717, Булжаагууд овогт Намсрайн Энхболд нарт холбогдох,

         Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 25.714.808,33 төгрөг, нотариатын зардал 13.000 төгрөг, нийт 25.727.808,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал Л.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д.Батжаргал болон хамтран зээлдэгч Н.Энхболд нар нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Голомт банктай ЗГ6200001332 тоот зээлийн гэрээ болон БГ/6200001332 тоот барьцааны гэрээ байгуулан нийт 25.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 1.70 хувь, жилийн 20.40 хувийн хүүтэй, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч иргэн Д.Батжаргал, Н.Энхболд нар нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу зээлээ төлөөгүй 197 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд зээлдэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй банкны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн ба банк удаа дараа зээлээ төлөхийг шаардаж, зээлдэгч тухай бүр зээлээ төлнө гэж мэдэгдэж байсан боловч үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй хэвээр байна. Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт төлбөр 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 22.812.052,54 төгрөг, зээлийн үндсэн хүү 2.892.613,.95 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 10.141,84 төгрөг, зээлийн нийт өр төлбөр 25.714.808,33 төгрөг байна. Зээлдэгч Д.Батжаргал, Н.Энхболд нар нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа тул Монгол Улсын Иргэний хууль, зээлдэгчтэй байгуулсан ЗГ6200001332 тоот зээлийн гэрээнд заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаарх зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 25.714.808,33 төгрөг, нотариатын зардал 13.000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд БГ6200001332 тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан Увс аймаг Улаангом сум 6 дугаар баг 8-10А тоот, 56.25 м.кв талбайтай 3 өрөө хувийн орон сууцаар нь үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэжээ.     

          Хариуцагч Д.Батжаргал, Н.Энхболд нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Бид 2013 онд Голомт банкны Увс салбараас хувийн байшин барих зорилгоор 25.000.000 төгрөгийн зээл авч Улаангом сумын 6 дугаар багт байрлах өөрийн эзэмшлийн хашаандаа хувийн орон сууц барьсан. Бид сард 490.000 төгрөг төлдөг байсан бөгөөд сүүлийн 6 сарын хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Учир нь Д.Батжаргал миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, нөхөр Н.Энхболд ганцаараа ажилладаг бөгөөд нөхөр цалингийн зээлтэй, цалингийн зээлээ төлөөд бараг мөнгө үлддэггүй, орлого хүрэлцдэггүй учир эргэн төлөлтөө хийж чадахаа байсан юм. Мөн миний бие Сарнай ресторанд ажиллаж байхдаа Голомт банкнаас цалингийн зээл авсан байсан бөгөөд одоо уг цалингийн зээлийн  барьцаанд барьсан байшингаа тавьсан бөгөөд одоо зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн, цаашид төлөх ямар ч боломжгүй байгаа тул байшингаа зээлийн барьцаанд өгөх хүсэлтэй байна. Бидний байшин барьсан хашаа бидний эзэмшлийн газар бөгөөд бид хашаа, газраа мөн барьцаанд тавьсан байгаа. Уг 25.000.000 төгрөгийг байшин барихдаа бүрэн хэрэглэсэн, зээлийн барьцаанд байшингаа тавьсан байгаа тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Голомт банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна“ гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амар-Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Батжаргал, Н.Энхболд нарын гаргасан тайлбартай танилцлаа. Зээлдэгч нар Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

            Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Д.Батжаргал, Н.Энхболд нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 25.714.808,33 төгрөг, нотариатын зардал 13.000 төгрөг, нийт 25.727.808,33 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.          

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Батжаргал, Н.Энхболд нар нь yэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 25.714.808,33 төгрөг, нотариатын зардал 13.000 төгрөг, нийт 25.727.808,33 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Д.Батжаргал, Н.Энхболд нар нь нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн

           шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Хариуцагч Д.Батжаргал, Н.Энхболд нар нь нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 25.714.808,33 төгрөг, нотариатын зардал 13.000 төгрөг, нийт 25.727.808,33 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

         Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286.589 төгрөгийн тал хувь болох 143.295 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 143.295  төгрөг, хариуцагч Д.Батжаргал, Н.Энхболд нараас 143.295  төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгож шийдвэрлэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Нэхэмжлэгч Голомт банкны  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 25.714.808,33 төгрөг, нотариатын зардал 13.000 төгрөг, нийт 25.727.808,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Батжаргал, Н.Энхболд нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 143.295 /нэг зуун дөчин гурван мянга хоёр зуун ерэн тав/ төгрөг, хариуцагч Д.Батжаргал, Н.Энхболд нараас 143.295 /нэг зуун дөчин гурван мянга хоёр зуун ерэн тав/  төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгож, 143.295 /нэг зуун дөчин гурван мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.   

     3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Батжаргал, Н.Энхболд нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 8-10А тоотод байрлах, 56.25 м.кв талбайтай 3 өрөө хувийн орон сууцийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ