Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 827

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, улсын яллагч А.Мөнхзул, шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт М-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908017080991 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Т овогт М-ын О, Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цахилгаан холбооны инженер мэргэжилтэй,цахилгаан холбоо компанид техник үйлчилгээний ажилтай, ам бүл хоёр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 11 дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 12 дугаар  гудамжинд түргэн Д.Б-ыг согтуу унтаж байхад нь түүний эзэмшлийн эд хөрөнгийг буюу “Хаан” банкны төлбөрийн карт, картаас 477,300 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 482,300 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Т овогт М-ын О нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 12 дугаар гудамжинд түргэн Д.Б-ыг согтуу унтаж байхад нь түүний эзэмшлийн эд хөрөнгө болох“Хаан” банкны төлбөрийн картыг нууцаар авч явж, картаас нь 477,300 төгрөгийг зөвшөөрөлгүйгээравч, өөрийн дураар захиран зарцуулж, бусдад нийт 482,300 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч М.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

            2.Хохирогч Д.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тухайн үед нэлээн согтолттой байсан юм.  Маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр О-аас чи ахынхаа Хаан банкны төлбөрийн картыг авсан уу гэж асуутал та өөрөө дэлгүүрээс төлбөрийн картаа аваад халаасандаа хийсэн замдаа хаясан байж магадгүй гэж хэлэхээр нь би О-ийн үгэнд итгээд Хаан банкны төлбөрийн картаа хаясан гэж бодоод мэдүүлсэн юм. Намайг тасарчихсан байхад миний халааснаас төлбөрийн картыг минь авчихсан байсан. ..Би тухайн үед тасраад уначихсан байсан болохоор мэдээгүй. Нэг сэртэл М.О байхгүй болчихсон байхаар нь  гэртээ харьсан юм байх гэж бодсон. Би тухайн үед Төлбөрийн картаа алдсан гэдгээ мэдээгүй. Маргааш өдөр нь картаа алдсан гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуудас);

            3.Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б ах О гэх залуутай хоёулаа орж ирж үйлчлүүлээд гарсан. Тэр хоёр архи уучихсан согтуу байсан. ...Маргааш өглөө нь манай дэлгүүрээр орж ирээд би Хаан банкны төлбөрийн картаа танай дэлгүүрт орхисон уу гэж асуухаар нь орхиогүй гэж хэлтэл ахдаа 1 шил архи зээлчих гэхээр нь зээл өгөхгүй гэж хэлээд гаргасан.Дараа нь О орж ирж манай дэлгүүрээс төлбөрийн карт уншуулж эд зүйлс худалдан аваад гарсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30 дугаар хуудас);           

            4.Шүүгдэгч М.О-ийн иргэний иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 48 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 47 дугаар хуудас), жолоочийн лавлагаа (хх-ийн 49 дүгээр хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 50 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хх-ийн 51 дүгээр хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 52 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 53 дугаар хуудас), хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 54 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55 дугаар хуудас);

            5.Шүүгдэгч М.О-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...би 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Д.Б ах бид хоёр Г, Э, Б нараас салж яваад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 13 дугаар  гудамжинд байрлах Түмэн нэртэй Хүнсний дэлгүүрээс 2 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи авч, Баруунбаян-Уулын 12 дугаар  гудамжинд орж 1шил архиа хувааж ууж дуусгатал, Д.Б ах тасраад унтчихсан юм. Би тэгэхээр нь энгэрийн хармаанаас нь Хаан банкны төлбөрийн картыг нь аваад дэлгүүр орж 5-6 удаа уншуулж ойр зуурын юм авчхаад, Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 435,000 төгрөгийг уншуулж аваад, тэр мөнгөөрөө бааранд ороод ууж идээд дуусгасан юм. ...Би тухайн үед Д.Б-тай хамт дэлгүүр орж архи авахдаа нууц дугаарыг нь цээжилчихсэн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 71-73 дугаар хуудас) зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч М.О-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчид 482,300 төгрөгийн шууд хохирол учирсанбөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

Шүүгдэгч М.О-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын бага хэмжээнээс дээш үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.О-ийг“хулгайлах” гэмт хэрэгүйлдсэнгэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Б-ны өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан (хх-ийн 15 дугаар хуудас) гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч М.О-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй...” гэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаншүүгдэгч М.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна.

Шүүгдэгч М.О-т зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл,38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овогт М-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан“хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч М.О-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Шүүгдэгч М.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Шүүгдэгч М.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээрбусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.О-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА