| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00969/И |
| Дугаар | 207/ма2025/00106 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 207/ма2025/00106
“****** эмнэлэг” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, хариуцагч Б.******т холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2025/00016 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : “****** эмнэлэг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.******т холбогдох,
“Б.******ийг 2016 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл ****** ХХК-ийн эрх бүхийн албан тушаалтнаар буюу ****** ХХК-д санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа албан тушаалтан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Сувдаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****** эмнэлэг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
****** ХХК-д ажиллаж байсан Б.******ийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/2023/00619 тоот шийдвэр болон Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2023/00195 тоот тогтоолоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзэн ******ТӨҮГ-ын ****** эмнэлэг ХХК-ийн Санхүүгийн албаны дарга, маркетингийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Тухайн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраар хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийг хянуулах ба уг асуудлыг шийдвэрлэх явцад ****** ХХК-д одоог хүртэл Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байгаа талаар мэдлээ. Энэ нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.-т зааснаар Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэсний дагуу Б.****** нь ****** ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан байна. Тухайн байгууллагын албан тушаалтан бол манай компанийн эрхэд ашиг сонирхлын ноцтой зөрчил үүсгэж, байгууллагын эрх ашгийг хохироож байна гэж үзэж байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Б.******ийг 2016 оны 08 сараас өнөөдрийг хүртэл ****** ХХК-ийн компанийн эрх бүхий албан тушаалтнаар буюу ****** ХХК-д санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа албан тушаалтан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд Б.******т холбогдуулан гаргасан ****** эмнэлэгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Б.******ийг өмнө Эрдэнэт ****** эмнэлэг ХХК-д ямар ажил албан тушаалд ажиллаж байсныг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 619 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, уг шийдвэрийг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Нөгөө талаас уг нэхэмжлэлээр нэхэмжлэгч байгууллага нь Б.******ээс юу нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон бүрдүүлбэр хангаагүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны үндсэн дээр юу нэхэмжилж байгааг мэдэж, ойлгож байж мэтгэлцэх боломж бүрдэхээр байгааг тайлбар болгож бичив” гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2025/00016 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.4.-д заасныг баримтлан Б.******ийг ****** ХХК-ийн санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа албан тушаалтан болохыг тогтоолгох “****** эмнэлэг” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Сувдаа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
“Б.******ийг 2016 оны 08 сараас өнөөдрийг хүртэл “****** ХХК”-ийн “эрх бүхий албан тушаалтнаар” Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа “албан тушаалтан болохыг тогтоолгох” шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг “ойлгохгүй байна” гэх үндэслэл зааж, уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх товч тайлбар гаргасан. Өөрөөр хэлбэл Б.****** нь 2016 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл хаана ямар ажил эрхэлж байсан болон ялангуяа 2022 оны 04 дүгээр сарын 18-аас хойш өнөөдрийг хүртэл “******”ХХК-д “эрх бүхий албан тушаал” эрхэлж байгаагаа нууж, “****** эмнэлэг” ХХК-ийн Компанийн тухай хуулийн 84-р зүйлийн 1-ийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн. “****** эмнэлэг” ХХК нь хувийн байгууллага биш бөгөөд төрийн өмчит компани. Энэхүү компанийн удирдах буюу эрх бүхий албан тушаалтан нь Авлигатай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж, эрх бүхий албан тушаалд томилогдож байгаа этгээд ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа эсэхийг мэдэгдэх үүрэгтэй. Түүнчлэн Компанийн тухай хуулийг мөн хэрэгжүүлэн ажиллах ялангуяа ашиг сонирхлын зөрчилтэй компанид “эрх бүхий албан тушаал” одоо хүртэл эрхэлж байгаа бол компанид ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзнэ. Б.****** нь “******” ХХК-нд ямар, ямар ажил “албан тушаал” эрхэлдэг байсныг тогтоолгох асуудлыг өмнө нь шүүхээр хэлэлцүүлж байгаагүй бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2023/0619 тоот шийдвэр нь Б.******ийг “******” ТӨҮГ-ийн “****** эмнэлэг” ХХК-ийн Санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр бөгөөд “******” ХХК-д хэзээ хэдэн оноос “эрх бүхий албан тушаал” эрхэлж байгаа ялангуяа одоог хүртэл “******” ХХК-д “эрх бүхий албан тушаал” эрхэлж байгаа эсэх талаар тогтоосон шийдвэр гарч байгаагүй болно. Учир нь одоог хүртэл ****** ХХК-д “эрх бүхий албан тушаал” -д буюу “ерөнхий нягтлан бодогч" албан тушаал эрхэлж байгаа үйл баримт Орхон аймгийн Татварын газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/75 албан бичгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 2022-2024 оныг хүртэл “******” ХХК-ийн “ерөнхий нягтлан бодогч”-оор буюу эрх бүхий албан тушаал эрхэлж байгаа талаарх баримт ирүүлсэн. Уг нотлох баримтыг хэргийг шийдвэрлэхдээ судласан атлаа хэрхэн үнэлж байгаа, хэрэгт ач холбогдолтой эсэх, уг баримтыг хариуцагч няцаан үгүйсгэсэн ямар баримт байгааг шүүх дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.4 заалтыг зөрчсөн. Энэхүү баримтын талаар хариуцагч тал мэтгэлцэхдээ тус компани-д “ажиллаж байгаа нь үнэн” гэхдээ хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй, зөвхөн санхүүгийн тайланг л гаргадаг гэх байдлаар тайлбарлаж, уг эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагаа няцаагаагүй хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. Тус компанид “эрх бүхий албан тушаал” эрхэлж байгаа нь нотлогдсон байхад шүүх “******” ХХК-д ажиллаж байгааг тогтоолгоно гэдэг нь үндэслэлгүй гэж Хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн хөдөлмөрийн харилцааны маргаан үүсгэсэн мэт үзэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтын агуулгад хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийгээгүй байна. “****** эмнэлэг” ХХК-ийн Санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарах үед “******” ХХК-тай харилцаа холбоогүй, уг компани хаана байгааг нь мэдэхгүй, тус компаниас ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээ болон бусад баримтыг шаардан гаргуулах нь хуульд нийцэхгүй, уг компанийн талаар мэдэхгүй, халагдсан гэх мэтээр шүүхэд удаа дараа мэтгэлцэж байсан баримтуудыг тус хэргээс хуулбарлан хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн компанийг татан буугдсан гэж мэтгэлцэж, улмаар Улсын дээд шүүх уг үндэслэлийг хүлээн авч “******” ХХК-ийг татан буугдсан гэх агуулгатайгаар хэргийг шийдвэрлэж байсан. Гэтэл тухайн компани өнөөдрийг хүртэл байдаг, татан буугдаагүй, компанийн үйл ажиллагаа, санхүү тайланг мэддэг, тайлагнадаг болох нь баримтаар нотлогдсон, ялангуяа 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс уг компаниас халагдсан гэх тайлбар гаргаж байсан, холбогдох баримт шүүхэд ирүүлж байсан этгээд “******” ХХК-д өнөөдрийг хүртэл “ерөнхий нягтлан бодогч буюу эрх бүхий албан тушаал” эрхэлж байгаа үйл баримт тогтоогдож байхад “ажилд эгүүлэн тогтоосон гэх шийдвэр” нотлох баримтыг үндэслэн одоо эрхэлж буй “эрх бүхий албан тушаал”-ыг үгүйсгэх нь бодит үндэслэл гэж үзэх боломжгүй байна. Харин хариуцагч энэ талаар үгүйсгэсэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй өөрөөр хэлбэл “******” ХХК-д өнөөдрийг хүртэл “эрх бүхий албан тушаалтнаар” байгаагаа “үгүйсгэж” нотлоогүй болно. Тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг эсэхийг бид тогтоолгох гэсэн шаардлага анхнаасаа гаргаагүй, харин тус компанид өнөөдрийг хүртэл “эрх бүхий албан тушаал” эрхэлж байгааг тогтоолгох шаардлага гаргасан ба “****** эмнлэг” ХХК нь Компанийн тухай хуулийн 84-р зүйлийн 1-ийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхол үүсэж байгаа эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт юм. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2023/0619 тоот шийдвэрийг биелүүлэхгүй гэж бид мэтгэлцээгүй бөгөөд мэтгэлцэж буй үйл баримтад анхан шатны шүүх бодит үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх Ажилласан жил тогтоолгох, эсхүл ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан мэт үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байх тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2025 /0016 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “****** эмнэлэг” ХХК хариуцагч Б.******т холбогдуулан “Б.******ийг 2016 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл ****** ХХК-ийн эрх бүхийн албан тушаалтнаар буюу ****** ХХК-д санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа албан тушаалтан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан./хх1, 2х/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Б.******ийг өмнө “Эрдэнэт ******” эмнэлэг ХХК-д ямар ажил албан тушаалд ажиллаж байсныг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023.04.25-ны өдрийн 619 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, уг шийдвэрийг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас 2023.10.19-ны өдөр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна....Нөгөө талаас уг нэхэмжлэлээр нэхэмжлэгч байгууллага нь Б.******ээс юу нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон бүрдүүлбэр хангаагүй...” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан./хх49х/
3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.
3.1 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 78 дугаар тогтоол, ******ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******дугаар тушаалын дагуу ******ХХК /хуучин нэрээр/-ийн ерөнхий захирлын Хөрөнгө балансаас хасах тухай 2015 оны А/108 дугаар тушаалаар ****** ХХК-д хөрөнгө шилжүүлсэн шийдвэрийг хүчингүйд тооцож эмнэлгийн хөрөнгийг төр буцаан авах шийдвэр гарч, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 138 дугаар тогтоолоор ******ТӨҮГ-ын ****** эмнэлэг төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулагдаж, ****** ХХК-д ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилтнуудыг ****** эмнэлэг ХХК-д өмнө нь эрхэлж байсан тус тусынх нь ажилд шилжүүлэн томилсон, /хх26-32/
3.2 Ийнхүү ажилчдыг шилжүүлэн томилохдоо Б.******ийг өмнө эрхэлж байсан санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын ажилд томилоогүйгээс Б.****** нь эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсанаар Орхон аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2023/00619 дугаар шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2023/00195 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1., 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар ******ТӨҮГ-ын ****** эмнэлэг ХХК-ийн санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг ******ТӨҮГ-ын ****** эмнэлэг ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна. /хх26-33, 40-44/
4. Анхан шатны шүүх “...нэгэнт шүүхийн шийдвэрээр Б.******ийг ******ТӨҮГ-ын ****** эмнэлэг ХХК-ийн санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байхад ****** ХХК-д ажиллаж байгааг тогтоолгоно гэж буй нь үндэслэлгүй, ... нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үйлдэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.4.-д заасатай нийцсэн байна.
5.Нэхэмжлэгч “... Б.******ийг тус компанид өнөөдрийг хүртэл “эрх бүхий албан тушаал” эрхэлж байгааг тогтоолгох шаардлага гаргасан ба “****** эмнэлэг” ХХК нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-ийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхол үүсэж байгаа эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой” гэж маргаж байгаа боловч Б.******ийг ****** ХХК-ийн санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа албан тушаалтан болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол сэргэх нөхцөл бүрдэхгүй, Б.****** нь ****** эмнэлэг ХХК-ийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Сувдаагийн шүүхуд гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2025/00016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Сувдаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Сувдаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ