Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 639

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 2-13 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО69100569, Булгадар овогт Аюушийн Мядаг,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 2-13 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОО65070871, Хошууд овогт Лхамжавын Дашням нарт холбогдох,

       Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.680.857 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг, нийт 6.683.357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

  Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Аюуш овогтой Мядаг нь тус банкнаас 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1250021186 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 7.000.000 төгрөгийн зээлийг 360 хоногт 29,4 хувийн хүүтэйгээр, хашаа худалдан авах зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээ дуусгавар болох хугацаатайгаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс, Улаангом сум, 9-р багт байрлалтай /ГД:000567178, НТД-851600425/ газар эзэмших эрхийн гэрчилгээ, 29-47 УВХ улсын дугаартай, хар өнгийн 2001 онд үйлдвэрлэгдсэн Santa Fe маркийн суудлын автомашин тус тус барьцаалуулан авсан юм. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа дараагийн саруудаас эхлэн хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 1250021186 зээл болон зээлийн хүүний төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүний төлөлт хийгээгүй байна. Зээлдэгчтэй зээл төлүүлэх талаар удаа дараа уулзаж байсан боловч орлого байхгүй, мөнгө хайж байна гэх зэрэг шалтгаан хэлж зээл төлөхөөс зайлсхийсээр байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.2-т заасан Зээлийн үндсэн хүүг зээлийг ашигласан хугацаанд төлөх, 3.4.5-д заасан банкнаас зээлийн хяналт хийх бүхий л бололцоог хангаж шаардсан мэдээ мэдээллийг гаргаж өгнө гэсэн заалтуудаар хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан барьцаат зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.2, 3.4.3 дахь заалтуудад заасан үүргийг тус тус зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар А.Мядагийн төлөх ёстой үндсэн зээлийн төлбөр 5.876.053,38 төгрөг, зээлийн хүү 792.260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.544 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 121.884 төгрөг, нийт 6.805.241,38 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ     

     Хариуцагч А.Мядаг, Л.Дашням нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6.683.357 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

     Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч А.Мядаг, Л.Дашням нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.680.857 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг, нийт 6.683.357 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Мядаг, Л.Дашням нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.680.857 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг, нийт 6.683.357 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч А.Мядаг, Л.Дашням нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хариуцагч А.Мядаг, Л.Дашням нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.680.857 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг, нийт 6.683.357 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

    Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.884 төгрөгийн тал хувь болох 60.942 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 60.942 төгрөг, хариуцагч А.Мядаг, Л.Дашням нараас 60.942 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Нэхэмжлэгч Хас банкны  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.680.857 төгрөг, нотариатын зардал 2.500 төгрөг, нийт 6.683.357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Мядаг, Л.Дашням нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 60.942 /жаран мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөг, хариуцагч А.Мядаг, Л.Дашням нараас 60.942 /жаран мянга есөн зуун дөчин хоёр/  төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 60.942 /жаран мянга есөн зуун дөчин хоёр/  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.   

     3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Мядаг, Л.Дашням нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ