| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00979/И |
| Дугаар | 207/ма2025/00107 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 207/ма2025/00107
Д.******ын нэхэмжлэлтэй,
хариуцагч Д.******ад холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/01057 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.******ад холбогдох,
Сэлбэг, хэрэгслийн үнэ, цалин хөлс, бензиний зардалд 4,705,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Д.******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
“...2023 оны 8 дугаар сарын 09-нд өөрийн эзэмшлийн УАМ ******улсын дугаартай Бонго-3 загварын авто машины моторыг засуулахаар ******тай ярьж ажлын хөлсийг 500 мянган төгрөгөөр тохиролцож Улаанбаатар хотоос 605,000 төгрөгийн сэлбэг авчирч моторыг угсарч дуусахад статчераар асахгүй машинаар чирэхээр хүчээр асч байсан. Хариуцагчид ажлын хөлс 300,000 төгрөг өгсөн. 2023 оны 8 дугаар сарын 17-ны үед айлаас үхэр ачих хэрэг гарсан болохоор машиныг чирч асаахад дээд хос гинжний таг хагарч цуураад тос масло цацсан. Унтраагаад Д.******ад утсаар хэлтэл 2-3 хоногоос очно гээд ирээгүй. Хүлээгээд ирэхгүй 7-8 хоносон, хадлан авах ид ажлын үе байсан болохоор өөрөө задалсан. Тэгтэл дээд духны хөтлөгч, хос гинжний хоёр хөтлөгч арааны 17-ийн хоёр боолт сугараад гадна тагаа дотор талаас нь хавирч түлхээд хагалсан байсан. Хоёр боолт сулраад их биен дэх дээд ангины резво алагдсан тул задаргаанаас 90,000 төгрөгөөр аваад резво тогтоогчийг нь түрхээд угсарсан. Эрдэнэт ороод форсунк шалгадаг газар ороод шалгуулчхаарай гэхээр нь 4 форсункыг тайлж аваад Эрдэнэт орж шалгуулахад 3 ширхэг нь огт ажиллахгүй 1 ширхэг форсунк муу ажиллаж байсан. Машиныг засаж янзлах үед 2023 оны 8 сарын 9-12-ны үед айрагны баяр болж тэр үед ******ыг гэртээ үлдээгээд явсан үед Эрдэнэт орж тасарсан гинж авна гэхэд нь бензиний мөнгө шилжүүлж өгч явуулж байсан. Уг машин нь маслоны шүүрний хос гинж тасраад мотор зуурч зогссон болохоос 4 форсукнаас болж эвдэрч зогсоогүй. Эзгүй хойгуур гинж олж авах нэрээр Эрдэнэт явж байхдаа үнэ өндөр болохоор 4 форсункыг сольсон гэж үзэж байгаа. Мөн дээд духны 2 хөтлөгч арааны 17-ын хоёр боолтыг мартаж чангалаагүй орхисноос тагаа хагалж дээд ангины суурь резво алагдсан болохоор дээд анги тэр чигээр нь солих болж байгаа юм. Иймд Д.******аас Улаанбаатар хотоос авсан сэлбэгийн үнэ 605,000 төгрөг, Эрдэнэт хотоос авсан сэлбэгийн үнэ 280,000 төгрөг, хагарсан тагны мөнгө 90,000 төгрөг, ком дээд анги 1,650,000 төгрөг, 4 ширхэг порсункны 1,560,000 төгрөг, цалин хөлс 300,000 төгрөг, бензин 40,000 төгрөг, 180,000 төгрөг, нийт 4,705,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Д.******ын тайлбар, татгалзлын агуулга:
“...2023 оны 08 сард ******ын Бонго-3 автомашины мотор цохисон байсныг засаж моторыг боож асааж өгсөн, хийх ёстой юмаа хийсэн...” гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/01057 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 350 дугаар 350.1.6.-д заасныг баримтлан хариуцагч Д.******аас 390,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,315,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.******аас улсын тэмдэгтийн хураамжид 12,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.******ад олгож олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.****** давж заалдсан гомдолдоо:
Шүүх Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна гэж дүгнээд зөвхөн ажлынн хөлсний 300,000 төгрөг хариуцагчийн хариуцлагагүйгээс моторд учирсан дахин ашиглаж хэрэглэхгүй болоод солих шаардлагатай болсон эд ангиудыг засаж чадалгүй зөвхөн гадна талын хагарсан тагийг сольсон 90,000 төгрөгийг гаргуулахаас нийт 390,000 төгрөг гаргуулах шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн хариуцлагагүйгээс задалж угсарсан мотор дахин ашиглах боломжгүй болсон тул орж ирсэн мотор 8,500,000 төгрөгөөр худалдаж авч машинд тавьсан юм. Иймд задалж угсарсан моторыг хариуцагч Д.******ад өгч надаас гарч байгаа илүү зардал 4,705,000 төгрөгийг зөвөөр шийдвэрлэж олгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөагөөд үндэслэл бүхий байх тухай шаардлагагыг хангасан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Д.****** шүүхэд “Сэлбэг, хэрэгслийн үнэ, цалин хөлс, бензиний зардалд 4,705,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.****** “...2023 оны 08 дугаар сард ******ын Бонго-3 автомашины мотор цохисон байсныг засаж моторыг боож асааж өгсөн, хийх ёстой юмаа хийсэн...” гэх тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй мэтгэлцсэн байна.
3.Шүүх хариуцагч Д.******аас 390,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,315,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.****** нь өөрийн эзэмшлийн УАМ ******улсын дугаартай Бонго-3 загварын авто машины моторыг хотоос 605,000 төгрөгийн сэлбэг авчруулж засуулахаар хариуцагчтай тохирч, ажлын хөлсөнд 300,000 төгрөгийг төлсөн ба энэ талаар талууд маргаагүй, харин хэд хоногийн дараа тэрээр машиныг чирч асаахад дээд хос гинжний таг хагарч цуураад тос, масло цацсан, дээд духны хөтлөгч, хос гинжний хоёр хөтлөгч арааны 17-ын хоёр боолт сугараад гадна тагаа дотор талаас нь хавирч түлхээд хагалсан, дээд духны 2 хөтлөгч арааны 17-ын хоёр боолтыг мартаж чангалаагүй орхисноос болж уг машины дээд анги тэр чигтээ дахин солигдож засагдснаар талуудын хооронд маргаан үүссэн гэж үзэхээр байна.
5.Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дуаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч Д.****** Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
6.Иргэний хуулийн 352 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... ажил гүйцэтгэгч тогтоосон хугацаанд ямар нэг арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж гарсан зардлыг шаардах эрхтэй байхаар тус тус зохицуулсан.
7.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.****** нь хариуцагчийг машины моторт засварын ажил хийхдээ надаас бензины мөнгө аваад гинж олж авах нэрээр Эрдэнэт явж байхдаа үнэ өндөр болохоор 4 форсункыг сольсон, машины дээд духны 2 хөтлөгч арааны 17-ийн хоёр боолтыг чангалаагүй мартсанаас болж машинд доголдол үүсэж дээд анги солихоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэн, машин эвдэрсэн талаар хэлэхэд очно гэж хэлээд ирээгүй гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, тэрээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй байна.
8.Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг машины доголдол юунаас шалтгаалж үүссэн, машины боолтыг чангалаагүй орхиноос болж уг гэмтэл үүсэх боломжтой эсэхийг тодруулах, мөн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд хуульд заасны дагуу гэрчийн мэдүүлэг авахуулах талаар хүсэлт гаргаагүй байна.
9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.******ын шүүхэд гаргасан “..задалж угсарсан моторыг хариуцагч Д.******ад өгч надаас гарсан илүү зардал 4,705,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэх давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10.Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/01057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Д.******ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ