| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0137/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/144 |
| Огноо | 2019-05-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга:Н.Гантулга,
Шүүгдэгч: Д.А, түүний өмгөөлөгч Д.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002830178 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын ******* овогт Д.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2019 оны 03 дугаар сарын 17-аас 2019 оны 03 дугаар сарын 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны гадна авто тээврийн хэрэгслийн зогсоолд байсан Х.Агийн эзэмшлийн авто тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 340 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Миний бие 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орой найз *******, ******* нарын хамтаар 0.75-тай нэг шил архи авч Мазаалай парк дотор уусан. Ингээд төлбөр тооцоо хийх болоход бид нарт мөнгө байхгүй болоод 24 000 төгрөгийн барьцаанд найз ******* нь өөрийн гар утсаа тавьж гарсан. *******ыг гэрт нь хүргэж өгөх гээд явсан. Би тэр 2-оос салаад ганцаараа явсан. Бид нар баар хаахад буюу шөнийн 00 цаг өнгөрч байхад салсан. Ингээд нэг мэдэхэд би ганцаараа 104 дүгээр байрны гадаа зогсож байсан. Тэгээд байж байхад маргааш *******ын утсыг авч өгнө гээд хэлчихсэн. Надад маргааш мөнгө олдохгүй юм чинь гэж бодсон. Тэгээд аккумлятор хулгайлж аваад зараад мөнгийг нь өгчихье гэж бодсон. Тэгээд хамгийн эхпээд ланд-80 маркийн машины доогуур хэвтэж байгаад копудыг нь тороосыг нь татаж онгойлгож 2 ширхэг 90 ампер цагтай аккумляторыг аваад хажуу талынх нь хуучин паркийн хашаанд оруулж тавиад явах гэснээ хуучин аккумлятор зах дээр нэг ширхэг 5000 төгрөгөөр худалдаж авдаг, гар утасны 24 000 төгрөгийн хүрэхгүй гэж бодоод дахин аккумлятор авахаар буцаж нөгөө 104 дүгээр байрны гадаа очиж цагаан өнгийн карина маркийн машины копудыг нь тороосыг нь татаж онгойлгоод аккумляторыг нь аваад явж нөгөө өмнө авсан 2 аккумляторынхаа хажууд аваачиж тавиад буцаад зогсоол дээр ирж дахин цагаан өнийн пронтер маркийн машины аккумляторыг аваад нөгөө 3 ширхэг аккумлятор байгаа газраа ирээд хоёр хоёроор нь цааш нь мод руу нууж тавиад нэг аккумляторыг нь аваад *******ын гэрт ирж хоносон. Тэгээд маргааш нь би *******т шөнө 104 дүгээр байрны гаднаас 4 ширхэг аккумлятор хулгайлж авсан. Нэгийг нь шөнө аваад ирсэн. Хоёулаа зах ороод үнийг асуугаатхая хамт явъя гээд Гандангийн хажуу талын түүхий эд авдаг газарт очиж асуухад 90 ампер цагтай аккумляторыг 23 000 төгрөг, 60 ампер цагтай нь 15 000 төгрөгөөр авна гэж байхаар нь буцаж ирээд *******ын гэрээс нэг ширхэг 90 ампер цагтай аккумлятораа аваад Гандангийн хажуу талын түүхий эд авдаг хүнд 23 000 төгрөгөөр зараад Оргил бааранд очиж гар утсаа авах гэхэд хүн байхгүй байж байгаад авч чадаагүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 53-56/,
2.Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Х.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 09 цагийн үед машинаа асаах гэсэн чинь асахгүй байхаар нь машины урд хамрыг сөхөж үзэхэд машины 2 ширхэг аккумлятор байхгүй алга болсон байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Миний машины алдагдсан 2 ширхэг аккумлятор нь 90 ампер цагтай аккумлятор байсан...Би алдагдсан 2 ширхэг аккумлятораа буцаан авсан надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 33-35/,
4. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Миний бие ам бүл 7-лаа нөхөр 5-н хүүхдийн хамт амьдардаг. Д.А миний том хүү байгаа юм Манай хувиараа машин засварладаг. Би тэнгэр даатгалын газарт менежер ажилтай. Хүү А нь 9 дүгээр анги төгссөн бүрэн бус дунд боловсролтой, цэргийн алба хаасан одоо эрхэлсэн тодорхой ажилгүй.Одоо гэртэй байдаг эхнэр хүүхэд байхгүй... гэх мэдүүлэг./хх-ийн 37-39/,
5. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 154 дугаар шинжээчийн:
1.Аккумлятор 90 А-тай 2 ширхэг нэг бүрийн үнэ 170.000 төгрөг нийт 340.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/ болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хх-ийн 75-110 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн тухай лавлагаа, хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн тодорхойлолт, хавтаст хэрэгт авагдсан 74 дүгээр хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржготов шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Д.Аын гэм буруугийн талаар маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүхээс шүүгдэгч Д.А нь 2019 оны 03 дугаар сарын 17-аас 2019 оны 03 дугаар сарын 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны гадна авто тээврийн хэрэгслийн зогсоолд байсан *******ын эзэмшлийн авто тээврийн хэрэгслийн аккумляторыг хулгайлж ерэн мянган төгрөгийн, мөн өдөр иргэн *******ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн аккумляторыг хулгайлж нэг зуун далан мянган төгрөгийг хохирл учруулсан зөрчил гаргасан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл эдэлж байсан бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэж өмгөөлөгчийн саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.А нь 2019 оны 03 дугаар сарын 17-аас 2019 оны 03 дугаар сарын 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны гадна авто тээврийн хэрэгслийн зогсоолд байсан Х.Агийн эзэмшлийн авто тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 340 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Х.А, гэрч Д.Б, ******* нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 154 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Аыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,.... хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ат оногдуулсан хорих ялыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ат зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үззх үзлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.А нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Д.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Д.Аыг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Д.Ат оногдуулсан зургаан / 06 / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Д.Ат зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Д.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 22-ний өдрөөс эхлэн өөрчилж түүнийг цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 22-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ