Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 207/ма2025/00108

 

 

 

 

 

 

 

   Т.******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ****** эмнэлэг ХХК-нд

 холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/00623 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** эмнэлэг ХХК-нд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 92,867,421 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч П.******гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болортуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Янжинлхам цахимаар, Г.Саруул цахимаар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан цахимаар, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.****** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 ...Т.****** миний бие Орхон аймгийн ****** эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажилладаг байсан. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ****** эмнэлэгийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн А/01 тоот Ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг бүх ажилтнуудад уншиж танилцуулан Т.****** миний ажлыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор хүлээж авах тухай уншиж сонсгосон. Миний бие шүүхэд хандаж 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Т.****** миний бие ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 56,035,279 төгрөг гаргуулан авсан боловч ******ТӨҮГ-ын ****** эмнэлэг ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын ажилд эргүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг ******ТӨҮГ-ын ****** эмнэлэг ХХК-д даалгасан шийдвэрийг ******ТӨҮГ-ын ****** эмнэлэг ХХК нь одоог хүртэл биелүүлээгүй. Иймд Т.****** миний бие 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 92,867,421 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 

... Т.******гийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2024 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 92,867,421 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна... гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсүмбэр-Уул шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд:

 ...Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 138 дугаар тогтоолоор "******" ТӨҮГ-ын "******" төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болсон. Ингэснээр ******ТӨҮГ-ын өмчлөгч шилжсэн байсан "******" ХХК-ийн эд хөрөнгө, эрхийг дээр дурдсан Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу "****** эмнэлэг" ХХК-д шилжсэн. Т.******г ажпаас чөлөөлөх үед ****** эмнэлэг ХХК байгуулагдаагүй байсан бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг манай эмнэлэг бүрэн хариуцах үүрэг хүлээхгүй. ******ТӨҮГ ажилласнаас бус тэдгээр ажилчдын асуудлыг шинээр байгуулагдсан манай байгууллага хариуцах нь зүйд нийцэхгүй юм. Т.****** нь 2022 оны 10 дугаар сарын байдлаар ****** ХХК-ийн эзэмшлийн Аримамедикал ХХК-д ажиллаж байсан баримт авагдсан байдаг. Гэсэн хэдий ч хуулийн хучин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Т.******г ажилд томилж, хөдөлмөрийн гэрээг байгуулахын тулд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргаж, Авлигатай тэмцэх газарт хянуулах шаардлагыг удаа дараа хургүүлсэн боловч энэ шаардлагыг биелүүлж хамтран ажиллаагүй. Манай эмнэлгийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, ажилгүй байсан хугацааны олговрыг зогсоох байр суурьтай бөгөөд Т.******г ажилд томилоход татгалзах зүйлгүй, энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Т.******д удаа дараа санал гаргасан. Эндээс үзвэл шүүхийн шийдвэрийн үлдэх хэсгийг биелүүлж, ажилд эгүүлэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй үйл баримтад ****** эмнэлэг-ийг буруутгах боломжгүй. Энэ талаар нэхэмжлэлд дурдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/00623 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-т зааснаар хариуцагч ****** эмнэлэг ХХК-иас 92,867,421 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****** эмнэлэг ХХК-иас 622,290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч П.****** давж заалдсан гомдолдоо:

…Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг бол авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, төрийн үйл ажиллагааг шударга, ил тод байлгах чухал хэрэгсэл юм. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Т.******г “******” ТӨҮГ-ын ****** эмнэлэг ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын ажилд нь эгүүлэн тогтоосон байна. Энэ шийдвэрийн дагуу шууд хэрэглэгдэж, Т.******гийн өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэх боломжгүй байна. Учир нь Засгийн газрын тогтоолоор “****** эмнэлэг” ХХК-ийг ******ТӨҮГ-ын ****** эмнэлэг ХХК буюу төрийн өмчит төрөлжсөн эмнэлэг болж өөрчлөгдөхөд Т.******г анхнаасаа ******ТӨҮГ-ын ****** эмнэлэг ХХК нь ажилд аваагүй бөгөөд Т.****** нь ******ТӨҮГ-ын ****** эмнэлэг ХХК-тай хөдөлмөрийн харилцаанд огт ороогүй учраас хуульд заасны дагуу ******ТӨҮГ-ын ****** эмнэлэг ХХК-д Т.****** хувийн ашиг сонирхлын мэдүүлэг огт мэдүүлээгүй нь тогтоогдож байна. Шүүхийн шийдвэрээр ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон ажилтан нь Авлигын эсрэг тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг зөрчиж, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг беглөхгүйгээр дархлагдсан учраас хувийн ашиг сонирхолтой этгээд төрийн албанд томилогдох боломжтой нөхцөл бүрдүүлэхүйц хуулийн цоорхой үүсээд байна. Мөн түүнчлэн өмнө нь үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэх заалт нь Т.****** нь ******ТӨҮГ-ын ****** эмнэлэг ХХК-д ажилд томилогдоод хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ мэдүүлж, хөдөлмөр эрхэлж байхад ажлаас чөлөөлөөд, шүүхийн шийдвэрээр эгүүлэн тус албан тушаалдаа тогтоогдсон тохиолдолд шууд үйлчлэх заалт болно. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй хэдий ч бас хуулиар хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг мэдүүлэх үүргийг хэрэгжүүлэхээс чөлөөлөгдөж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хувийн ашиг сонирхолтой этгээд удирдах албан тушаалд томилогдох эрсдэлийг бий болгож байна.Тийм ч учраас Анхан шатны шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоож, үндэслэл бүхий шүүхийн шийдвэрийг гаргаж чадаагүй байна.Иймд 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/00623 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Т.****** шүүхэд “...ажлаас халагдаад шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгосон боловч ажилдаа орж чадаагүй 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 92,867,421 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Т.******г ажилд нь эгүүлэн томилоход татгалзах зүйлгүй. Т.******д хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч Т.****** нь өөрийн эс үйлдэхүйгээрээ шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд ****** эмнэлэг ХХК нь өөрсдийн буруугаас шалтгаалахгүйгээр маш өндөр хэмжээний зарлага гаргах асуудал үүсэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар, татгалзлал гаргаж мэтгэлцсэн байна.

3.Шүүх хариуцагч ****** эмнэлэг ХХК-иас 92,867,421 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.******д олгож шийдвэрлэжээ.

4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч ****** эмнэлэг ХХК-д эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаад ажил олгогчийн 2022 оны 05 дугаар 09-ний өдрийн А/01 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ба түүнийг  өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №619 дугаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

5.Ажилтан ажлаас халагдсан үеэс цалин хөлс авах эрх нь нэгэн адил зөрчигдөж эхлэх боловч  ажил олгогчийн шийдвэр хууль зөрчсөн эсэхийг шүүхийн шийдвэрээр тогтоож тухайн ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоосон бол шийдвэр биелэгдэх хүртэл уг эрх зөрчигдсөн хэвээр үргэлжилнэ.

6.Нэхэмжлэгч Т.******г өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн  шийдвэр биелэгдээгүй,  одоо  хүртэл ажилд нь томилоогүй байх тул  шүүх ажилгүй байсан хугацааны цалин олговор 92,867,421 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 7.Нэхэмжлэгч Т.******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүх хариуцагчаас гаргуулахдаа  анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №619 дугаар шийдвэрээр “...ажлын нэг өдрийн дундаж  дүнгээр  тооцож  шийдвэрлэсэн нь Хөдөрмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг зөрчөөгүй байна.

8.Иймд анхан  шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн  хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул “... шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоож, үндэслэл бүхий шүүхийн шийдвэрийг гаргаж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх хариуцагчийн төлөөлөгч П.******гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/00623 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч П.******гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч П.******гийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622,287 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.БАТТӨР                

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.АЗЖАРГАЛ

 

                                                        ШҮҮГЧ                              Б.ОЮУНЦЭЦЭГ