| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0840/Э |
| Дугаар | 849 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Хашбаатар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 849
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,улсын яллагч Ц.Хашбаатар,, шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт О-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02464 0253 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт О-ийн Д, Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч О.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цаг 04 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаан дэлгүүрийн баруун замд Тоёота Приус маркийн 0434 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчиж, өөдөөсөө ирж явсан Ж.Б-ийн жолоодож явсан “Хюндай Соната 6” маркийн 9215 УНХ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч П.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Д.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.Б-ний эд хөрөнгөнд 2430000 төгрөгийн хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт О-ийн Д нь2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цаг 04 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаан дэлгүүрийн баруун замд “Toyota Pruis”загварын 0434 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д“Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж, өөдөөсөө ирж явсан Ж.Б-ийн жолоодож явсан “Hyundai Sonata 6”загварын 9215 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч П.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Д.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.Б-ний эд хөрөнгөд 2,430,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1.Шүүгдэгч О.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн: “....2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн орчимд Зүүн салаа орчимд нэг айл хайж явж байгаад машины урдуур эргэчихсэн юм. Өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эрүүл мэндийн шалтгаанаар миний сонсгол сүүлийн үед муудсан...” гэсэн мэдүүлэг;
3. Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ...Зүүнсалаанд аавыгаа хүргэж өгчхөөд буцаад гэр рүүгээ харьж явсан. Тэгтэл 19 цагийн үедЗүүнсалааны замд эсрэг урсгалаас нэг Prius загварын автомашин зүүн гар тийшээ дараад миний машины урдуур эргээд ороод ирсэн. Тэгэхээр нь би тоормос гишгэсэн боловч тулаад ирчихсэн байсан болохоор машинаа зогсоож чадалгүй нөгөө машиныг мөргөөд, замаас гараад зогссон. Миний биед ослоос болж тухайн үед хүзүү жаахан өвдөж байсан одоо бол зүгээр байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/;
4.Иргэний нэхэмжлэгч Э.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Hyundai Sonata-6 маркийн 92-15 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Автомашины урд хэсэг бүхэлдээ эвдэрсэн, миний хохирлыг 3-4 удаа дансаар хувааж шилжүүлж өгсөн, одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-32-34 дүгээр хуудас/;
5.Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны орой Д-тай хамт 19 цагийн үед Зүүн салаанд айлд очих гээд явж байсан. Тэгтэл Д зүүн гар тийшээ гарц руу эргэх шиг болсон. Тэгээд юм санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлгийн машинд сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/;
6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5358 дугаартай: “...П.Т-ийн биед зүүн шилбэний шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэсэндүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/;
7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6352 дугаартай: “...Д.П-ийн биед цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/;
8.Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13643128 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 79-81 дүгээр хуудас/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-18 дугаар хуудас/;
9.Шүүгдэгч О.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 105 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл(хх-ийн 106 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 104 дүгээр хуудас);
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Д.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус бүр учирсан, мөн хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас Э.Б-ний эд хөрөнгөнд 2,430,000 төгрөгийн хохирол учирсан болохыг эргэлзээгүй тогтоосон байх тул шүүх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд гэмт хэргийн улмааснэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Д-ийн үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч О.Д нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч О.Д нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөнболно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Д-г“авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг нэгхүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэнгэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Д-ийн үйлдлийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөд 2,430,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байгаа нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй учир энэ үйлдлийг гэм буруутайд тооцохгүй бөгөөд гэм хорын хэмжээнд үнэлж, шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч О.Д нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.П-д эмчилгээний зардалд 600,000 төгрөг, автомашины засварт 2,300,000 төгрөг төлсөн талаарх баримт мөрдөн байцаалтын шатанд авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнбайгаагэрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөдхүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэв.
Шүүгдэгч О.Д нь эрхэлсэн тодорхой ажилтай, түүний өмчлөлд бүртгэгдсэн хөрөнгө байхгүй, орлогын эх үүсвэр тодорхойгүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас олон хүний эрүүл мэнд, хөрөнгөд хохирол учирсан байх тул шүүх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах үүднээс улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-дхоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ял дээр нэмж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон хэмээн дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт О-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял болонхоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх үндсэн ял тус тус шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч О.Д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА