| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0139/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/145 |
| Огноо | 2019-05-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга:Н.Гантулга,
Шүүгдэгч: Э.С, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002830178 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* ******* овогт Э.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.С нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 2-27-05 тоотод байсан эзэнгүй байсан талийгаач эмээ Ч.Цийн гэрт 2019 оны 03 сарын 14-ний өдөр зул өгөхөөр орохдоо бурхан дээр нь байсан гуулин бурхныг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч Ц.Эт 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Э.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Манай эмээ Ц нь манай хашаанд гэр барин амьдардаг. Манайх Баянхонгор сумын 2-25-05 тоотод оршин суудаг юм. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн орчимд эмээ Ций гэр дотор орны гудсан доогуураас эмээ Ций талийгаач ээжийн гэрийн түлхүүрийг авсан намайг гудсан доогуураас түлхүүр авах үед эмээ Ций гэрт ямар нэгэн хүн байгаагүй би түлхүүрийг аваад эмээ Ций ээжийн гэр болох Баянхонгор сумын 2-27-05 тоот хашаанд байх гэрийг онгойлгож ороод бурхны өмнө зул барьчихаад авдар дээр байсан модон гүнгэрваанд байсан бурхныг авч гараад уг гэрийн түлхүүрийг буцааж эмээ Ций орны гудсан доогуур хийсэн. Тэгээд бурхныг аваад хүнд үзүүлэх санаатай гэртээ аваад ирсэн байх үед эмээ Ц нь манай гэрийн үүдэн дээр ирээд талийгаач ээжийн гэрт хулгай орж бурхан алга болчихлоо цагдаад дуудпага өгчихлөө гэхээр нь эмээ Цд бурхныг авсан талаараа хэлээгүй цагдаа дуудсан байхаар нь уг бурхныг авч яваад Баруун бүс худалдааны төвийн баруун талд замын усны хоолойны хажуу талд бурхныг дараа ирж авъя гэж бодоод нууж тавьсан. Тэгтэл манай хадам талын хамаатны эгч Э намайг дуудахад цагдаагийн хүмүүс ирсэн эмээ Ций талийгаач ээжийн гэрт нь үзлэг хийж байсан маргааш нь манай гэрийн хүмүүс болон намайг ирж хурууны хээгээ өг гэж дуудахаар нь цагдаагийн газар очсон чинь Чинзориг гэх намайг өрөөндөө дуудахаар нь өрөөн дотор нь орж бурхныг би авсан талаараа хэлээд байцаалт өгсөн би хамаатны хүмүүстээ бурхныг авсан талаараа хэлж чадаагүй тэгээд би Чинзориг цагдаад бурхныг хаана нуусан талаараа хэлсэн... Тухайн өдөр шинийн 15-ны сайн өдөр байхаар нь эмээ Ций талийгаач ээжийн гэрт байх бурханд зул барих санаатай эмээ Ций орны гудсан доогуураас нь түлхүүрийг авч Баянхонгор сумын 2-27-05 тоотод орсон юм. Миний уг бурхныг авсан шалтгаан нь бурхныг авч гараад хүнд үзүүлж ямар бүтэцтэй бурхан байсан эсэхийг мэдэх гэж бурхныг авсан юм.Тухайн үед эмээ Ц нь хүүхэд хүргэж өгөх гээд эзэнгүй байсан гэр нь онгорхой байхаар нь гэр дотор орж орны гудсан доогуур байсан түлхүүрийг авсан. Намайг уг гэрт орж зул барих гэж байсныг манай эхнэр А мэдэж байсан өөр хүн мэдэхгүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 71-72/,
2.Шүүгдэгч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...“ 2019 оны 03 сарын 14-ний өдөр манай талийгаач ээж Ч.Цийн гэрт хулгай орж бурхан нь алдагдсан байсан. Манай нөхөр С.Г эд зүйл алдагдсан талаар цагдаад мэдэгдсэн. Тэгтэл манай талийгаачийн гэрээс эд зүйлийг манай эгчийн охиных нь нөхөр Э.С хулгайлж нуусан байсныг олж тогтоосон. гэх мэдүүлэг. /хх-ийн 29-33/,
4. Гэрч С.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Манай хадам ээж Ч.Ц нь 2018 оны 04 дүгээр сард нас бараад гэрийг буулгаагүй байсан юм. Тэгтэл талийгаач ээж Ч.Цийн гэрт 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хулгай орж гэрийн авдар дээр байдаг бурхан хийдэг гүнгэрваа дотор байсан бурхан алдагдсан байсан бөгөөд би цагдаагийн 7044102 дугаарын утсанд дуудлага өгсөн юм. Тэгтэл маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Э.С гэгч нь бурхныг хулгай хийсэн болохыг тогтоож бурхан нуусан байсан газрыг олж алдагдсан гэх бурхнаа буцааж авсан юм. Уг нь бол алдагдсан бурхан нь талийгаач хадам ээж Ч.Цийн эзэмшлийн бурхан байсан юм. Манай хадам ээж нас бараад алдагдсан гэх бурхныг нь манай эхнэр Э өвөлж авсан юм тэхээр уг бурхан нь манай эхнэр Эийн эзэмшлийн бурхан байгаа юм. Алдагдсан гэх бурхнаа буцаагаад олоод авсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг./хх-ийн 43-45/,
5. Гэрч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Манай ээж Ч.Ц 2018 оны 04 дүгээр сард нас барсан бөгөөд манай талийгаачийн гэр нь Баянхонгор сумын 2 дугаар багийн 27 дугаар гудамжны 05 тоотод байдаг бөгөөд гэр нь эзэнгүй цоожтой надад уг гэрийн түлхүүр нь байдаг юм. Тэгтэл талийгаач ээж Цийн гэрт 2019 оны 03 дугаар сарын 14- ний өдөр хулгай орж авдар дээр модон гүнгэрваанд байсан бурхан алдагдсан байсныг манай хүргэн Г цагдаагийн газар дуудлага өгч цагдаагийн алба хаагч нар шалгасан. Хулгай орсон гэх гэрийн түлхүүрээ гэртээ өөрийнхөө унтдаг орны гудас доор хийдэг юм. Надад уг хулгай орсон гэх гэрийн түлхүүр байгаа би шаардлага гарвал гаргаж өгч болно. Уг гэрийн түлхүүрийг би урд нь 2019 оны 02 дугаар сард гээсэн дахин 1 түлхүүр байдаг тэр түлхүүр нь надад байгаа. С нь манай ээжийн гэрт өмнө нь орж гарч гэрийн цас, хог шороог арилгах, гэрийг эргэх, зул өргөх гэх мэтээр орж гардаг байсан. гэх мэдүүлэг. / хх-ийн 46-50/,
6.Гэрч М.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Манай нөхөр С нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд эмээ Ций ээж болох талийгаач Цийн гэрт орж зул өргөнө гээд эмээ Ций гэрээс талийгаач эмээ Цийн гэрийн түлхүүрийг аваад зул өргөхөөр явсан. Би тухайн гэртээ байсан бөгөөд 5-10 минутын дараа манай нөхөр С ирээд эмээ Ций ээжийн гэрт зул өргөчихөөд ирлээ гэсэн. Тэгтэл удалгүй эмээ Ц нь талийгаач эмээ Цийн гэрт оччихоод иртэл гэрт хулгай орсон байна бурхан алга болсон байна хүргэн Г нь цагдаад дуудлага өгчихпөө гэсэн. Тэр үед манай нөхөр С нь хүүхэд сургуульд хүргэж өгнө гараад явсан удалгүй цагдаа нар ирж талийгаач эмээ Цийн гэрт үзлэг хийж байх үед Г ах, Э эгч 2 манай нөхөр Сийг дуудсан удалгүй манай нөхөр С ирсэн. Тэгээд маргааш нь цагдаа дээр нөхөр С, эмээ Ц бид нарыг гар хурууны хээ өг гээд цагдаа дээр дуудсан манай нөхөр Чинзориг цагдаатай уулзаад бурхан хулгай хийсэн талаараа хэлж мэдүүлэг өгсөн байсан бөгөөд бурхныг хаана нуусан талаараа зааж өгсөн байсан. Тухайн үед би Сийг бурхан хулгай хийсэн талаар мэдээгүй цагдаа дээр ирээд нөхөр Сийг бурхан хулгай хийсэн талаар мэдсэн. гэх мэдүүлэг. / хх-ийн 51-55/,
7. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 135 дугаар шинжээчийн:
1.Хуучин цагийн монгол хийцийн гуулин бурхан 7х3 хэмжээтэй 1 ширхэг 350.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59/
8. Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 022 дугаар шинжээчийн:
1. Хэргийн газраас ирүүлж, бэхжүүлэн авсан 1,2,3,5 гэж дугаарласан гарын мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн объектыг шинжээчийн 022 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт буцаав. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-66/ болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хх-ийн 85 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн тухай лавлагаа, хавтаст хэргийн 84 дүгээр хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт,иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэрэгт авагдсан 74 дүгээр хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Э.Сийн гэм буруугийн талаар маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүхээс шүүгдэгч Э.С нь 2019 оны 03 сарын 14-ний өдөр өөрийн эхнэрийн талийгаач эмээ Ч.Цийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 2-27-05 тоотод байх гэрт зул өгөхөөр орохдоо бурхан дээр нь байсан гуулин бурхныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Ц.Эт 350000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.Э, гэрч С.Г, Ц.Ц, М.А нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 23 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Сийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Э.Сид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Э.Сид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүх хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Э.Сид оногдуулсан хорих ялыг тэнсэх дүгнэлтийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Харин шүүх шүүгдэгч Э.Сид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй гэж үзлээ.
Шүүхээс үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй талаар дүгнэсэн учир тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн үндэслэлээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар дурдах шаардлаггүй гэж дүгнэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “red sun” гэсэн бичиг бүхий гэрийн цоож нэг ширхэг түлхүүрийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 04 дүгээр сарын 17-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.С нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Сид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.С нь урьд нь шийтгэгдэж байгаагүй мэдээллийн санд ороогүй талаар ЦЕГ-ын лавлагаагаар тогтоогдсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт Э.Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* ******* овогт Э.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар ялтан Э.Сид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлаггүйг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар ялтан Э.С нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.С нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Э.С нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан “red sun” гэсэн бичигтэй нэг ширхэг цоожны түлхүүрийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ