| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00610/И |
| Дугаар | 641 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 641
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 12-54А тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОР84041711, Байлзуур овогт Цэвээнсүрэнгийн Батбилэг,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 12-54А тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ82070282, Зуутраг овогт Дүгэржавын Мөнх-Эрдэнэ нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 45.305.213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Цэвээнсүрэн овогтой Батбилэг нь тус банкнаас 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1250021427 тоот зээлийн гэрээг байгуулан 30.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 20.25 хувийн хүүтэйгээр хашаа байшин барьж дуусгах зориулалтаар 121 сарын хугацаатай зээлийн гэрээ мөн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5001547459 тоот зээлийн гэрээг байгуулан 20.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 26.4 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай зээлийн гэрээг тус тус байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс, Улаангом сум, 7-р баг, 23-07 тоотод байрлалтай 89.2 м.кв, 42.8 м.кв талбайтай хувийн орон сууц, дэлгүүр /ГД:000187069, Ү-1520002963/ 983 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрын хамт /ГД-000197015, Г-1520002564/ барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2015 оны 12 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 1 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардсан, мөн шаардах хуудас өгсөн боловч зээлдэгч нь хашаа байшингаа зарж зээлээ төлнө гэсэн тайлбар хэлж санаатайгаар бизнесийн орлогоороо зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Цэвээнсүрэн овогтой Батбилэг болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Дүгэржав овогтой Мөнх-Эрдэнэ нарын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл нь 39.476.325 төгрөг, зээлийн хүү 5.789.896 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38.992 төгрөг, нийт 45.305.213 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Батбилэг, Д.Мөнх-Эрдэнэ нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрч байна“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Ц.Батбилэг, Д.Мөнх-Эрдэнэ нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 45.305.213 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Батбилэг, Д.Мөнх-Эрдэнэ нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 45.305.213 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Ц.Батбилэг, Д.Мөнх-Эрдэнэ нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ц.Батбилэг, Д.Мөнх-Эрдэнэ нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 45.305.213 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384.476 төгрөгийн тал хувь болох 192.238 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 192.238 төгрөг, хариуцагч Ц.Батбилэг, Д.Мөнх-Эрдэнэ нараас 192.238 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 45.305.213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Батбилэг, Д.Мөнх-Эрдэнэ нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 192.238 /нэг зуун ерэн хоёр мянга хоёр зуун гучин найм/ төгрөг, хариуцагч Ц.Батбилэг, Д.Мөнх-Эрдэнэ нараас 192.238 /нэг зуун ерэн хоёр мянга хоёр зуун гучин найм/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 192.238 /нэг зуун ерэн хоёр мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Батбилэг, Д.Мөнх-Эрдэнэ нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох Увс аймгийн, Улаангом сумын, 7 дугаар баг, 23-07 тоотод байрлах, 89.2 м.кв, 42.8 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1520002963 тоотод бүртгэлтэй, хувийн сууц, граж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 8516002100 нэгж талбарын дугаартай, 983 м.кв талбай бүхий, гэрчилгээний 1520002564 дугаартай, өмчлөх эрхтэй газрыг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ