Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 207/ма2025/00110

 

 

2025 10 06 207/МА2025/00110

 

 

М.******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Т.******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/01099 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.******д холбогдох,

 

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 4,616,207.33 төгрөг гаргуулах тухай тусгай журмын иргэний хэргийг,

 

Хариуцагч Т.******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.******, хариуцагч Т.******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:

Намайг Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/32 тоот шийтгэх тогтоолоор хохирогчоор тогтоосон. Тус хэрэгт авагдсан Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101 тоот дүгнэлтээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Т.****** нь миний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл учруулсныг тогтоосон ба уг гэмтлийг Улсын нэгдсэн төв эмнэлгийн Гэмтлийн тасагт хагалгаанд орж эмчлүүлсэн. Уг эмчилгээ хийсэн өвчний түүхийг надад огт өгөөгүй. Цагдаагаас баримт ирэхээр өгдөг юм гээд зөвхөн нүдний ухархайд Имплант тавиулахад төлсөн баримт, амбулаторын картад эмчлүүлсэн эмчлэгчийн эмчилгээ хийсэн талаарх болон цаашид хийгдэх эмчилгээний талаар баримт өгсөн. Энэхүү асуудлаар хохирогч баримтаа бүрэн бүрдүүлээгүй, шаардлага хангаагүй байна гэх үндэслэлээр иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар шүүхийн шийдвэр гарсан ба Т.****** нь хохирол төлбөрийг төлье гэж огт боддоггүй. Улаанбаатарт хагалгаанд орж байхад тусламж үзүүлээгүй атал учирсан хохирлыг төлөхгүй гэж маргасан. Т.****** нь надад учруулсан гэмтлээс өөр эмчилгээ хийлгэсэн гэх баримт байхгүй байхад бүрэн нотлоогүй гэж үзэн түүнд ашигтай шийдвэр гарсан. Одоо ч хамар битүү, эмчилгээтэй байгаа бөгөөд эмчилгээ сувилгаатай холбоотойгоор ажил эрхлэх боломжгүй болж, 2 сарын цалин хөлсгүй хохироосон. Одоо ч нүдний ухархайн гэмтэл бүрэн эдгээгүй, өвдөлтийн улмаас ажилдаа байнга явж чадахгүй, маш их гомдолтой байна. Иймд Т.******аас нүдний ухархайд Имплант тавиулахад төлсөн 1,800,000 төгрөг, шинжилгээ өгсөн 175,000 төгрөг, 2 сарын дундаж цалин хөлс болох 2,641,207.33 төгрөг /сүүлийн 6 сарын авсан цалин хөлсний дундаж 1,320,603.33 төгрөгөөр тооцоолов/, нийт 4,616,207.33 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч  Т.******ын тайлбар, татгалзлын агуулга:

М.****** нь хоёр удаа шүүх хурлаар ороод нотлох баримт хангалтгүй гээд хэрэгсэхгүй болж байсан. М.****** нь ор үндэсгүй худал хэлж хуурамч баримт бичиг бүрдүүлсэн. М.******ын томографийн 175,500 төгрөгийн баримт нь өөр хүнийх байсан. Миний бие шүүхээс тогтоосон 1,415,000 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжилж байгаа 4,616,207.33 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.... гэжээ. 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/01099 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Т.******аас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2,816,207 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч Т.******аас улсын тэмдэгтийн хураамжид 60,009 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.****** шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч М.****** нь улсын төв эмнэлэгт гэмтлийн тасагт хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн боловч тэр талаараа нотлох баримт гаргаж өгч чадаагүй. Тухайн эмчилгээ хийлгэснээс болоод 2 сар ажилдаа яваагүй учир 2 сарын цалин нэхэмжилсэн. Гэтэл нэхэмжлэгч нь Эрүүгийн хэрэг болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд гаргаж өгсөн эмчилгээ хийлгэсэн болон бусад нотлох баримтууд нь хуурамч байсан бөгөөд өөр хүний баримт бүрдүүлж өгч мөнгө нэхэмжилж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-д заасны дагуу анхан шатны шүүхэд гаргасан нотлох баримтуудыг шалгаж, нотлох баримтуудаас хасаж өгнө үү. Мөн 2 сарын хугацаанд хөдөлмөр эрхлээгүй гэсэн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэн эсэхэд эргэлзэж байна. Эмчилгээ хийлгэсэн гэж өөр хүний баримтыг гарган өгч байгаа хүн өөр ямар хуурамч баримт бүрдүүлснийг мэдэх боломжгүй учир нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, цалингийн дансны хуулгаар нотлоогүй. Бас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжээ нийгмийн даатгалын сангаас авах боломжтой байхад аваагүй тул энэ эргэлзээ бүхий байдлыг тогтоолгүй шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж, анхан шатны шүүхийн 312/ШШ2025/01099 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар  давж заалдсан гомдолд  дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

 2.Нэхэмжлэгч М.****** “...нүдний ухархайд “Имплант” тавиулсан болон шинжилгээ хийлгэсэн төлбөр, 2 сарын цалин зэрэг нийт 4,616,207 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэл гаргасан, хариуцагч Т.****** “...нэхэмжлэгч ор үндэсгүй худал ярьж хуурамч бичиг баримт бүрдүүлдэг, түүнд учирсан хамрын хугарал, муруйлт худал байж мөнгө нэхсэн, нүдэндээ имплант суулгасан гэсэн мөртлөө ямарч сорви байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, мэтгэлцсэн байна.

3.Шүүх  хариуцагч Т.******аас гэм хорын хохирол 2,616,207 төгрөгийг   гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хариуцагчаас гаргуулахдаа нэхэмжлэгч болон ажил олгогч нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин 1,500,000 төгрөгөөр тооцож олгосон, түүнчлэн гэмтлийн улмаас нэхэмжлэгчийн баруун нүдний ухархайд үүссэн хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой эсэх талаар болон   хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

5.Хариуцагч Т.******ын буруутай үйлдлийн улмаас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  нэхэмжлэгч М.******ын  эрүүл мэндэд  нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд  цус  хуралт, зөөлөн эдийн  няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, шүүхийн хүчин төгөлдөр  шийтгэх тогтоол, магадлалаар нотлогдсон байна.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбараа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг татгалзаж буй үндэслэл, тайлбараа тус тус өөрөө нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, гаргаж өгөх үүрэгтэй, шүүх хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн, зөв талаас нь үнэлэх үүрэгтэй.

7.Нэхэмжлэгч М.******ын биед учирсан дээрх хөнгөн хохирол учирснаар баруун нүдний ухархайн хугаралын имплант суулгасан болох нь эмчлүүлэгчдийн картын хуулбар, “ТЭУ” ХХК-д имплантны үнэ 1,800,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн болохыг тодорхойлсон тус компаний 2025.03.24-ний өдрийн №1/16 тоот албан бичиг, эмчлүүлэгчдийн карт зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан байхад уг баримтуудыг шүүх үнэлж дүгнээгүй байна.

7.Хариуцагч Т.******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед  нэхэмжлэгчид төлсөн эмчилгээний  төлбөрт имплантын үнэ болон цалин хөлс орж тооцогдоогүй, шүүхээс өөрт учирсан хохиролоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

          8.Нэхэмжлэгч М.******д учирсан хохирлыг тогтоохдоо нэг сарын дундаж цалин олговорыг 924,500 төгрөгөөр тооцож 1,849,000 төгрөг,  имплантын үнэ 1,800,000 төгрөг бүгд 3,649,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, шинжилгээний зардал болон цалингийн зарим хэсэг болох нийт 967,207 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. 

 

9.Хариуцагч Т.****** нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тэрээр шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас  цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг  нотлох баримтаас хасах эсхүл нэхэмжлэгчийн баруун нүдэнд имплант  суулгасан эсэхийг мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоох зэрэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй  байх тул  хариуцагчийг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч М.******ын шүүхэд гаргасан “... шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

10.Иймд анхан шатны  шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/01099 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар хариуцагч Т.******аас эрүүл мэндийн хохирол 3,649,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 967,207 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “60,009 төгрөг” гэснийг “73,334 төгрөг” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Т.******ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 73,334 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА                 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР  

                                                 ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ