Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 850

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч А.Ганзориг, хохирогч С.Батбаяр, шүүгдэгч Ё.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Ё-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908024271073 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Х овогт Ё-ийн Б, Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, эрэгтэй, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Баянхонгор аймгийн 7 дугаар баг, Цахирын 16 дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, урьд:

            -Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 244 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оныЭрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

            -Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 556 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар түүнд уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзан,

            -Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлахял шийтгүүлсэн.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ё. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамжны *** тоотод иргэн Б.Б-ын эзэмшлийн эд хөрөнгийг буюу “Samsung galaxy S-7”загварын гар утас, иргэн Г.О-н эзэмшлийн эд хөрөнгийг буюу “Samsung galaxy S-5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 500,000 төгрөгийн хохирол учруулсангэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овогт Ё-ийн Б нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөрсогтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамжны ** тоотод хохирогч Б.Б-н эзэмшлийн эд хөрөнгө болох “Samsung galaxy S-7” загварын гар утас, мөн хохирогч Г.О-н эзэмшлийн эд хөрөнгө болох “Samsung galaxy S-5” загварын гар утсыг тус тус нууцаар, зөвшөөрөлгүйгээр авч явж, бусдад нийт 500,000 төгрөгийн хохирол учруулсан”үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1.Шүүгдэгч Ё.Б-ны шүүх хуралдаанд өгсөн: “...О унтаж байсан. Б бид хоёр архи ууж байгаад би утсыг авч явсан, яаж явснаа сайн санахгүй байна. Автобусанд суугаад харих гээд явж байтал утас дуугараад автал Саруул над руу залгаад Б, О хоёрын утсыг нь аваад явчихсан байна гэж хэлсэн. Би утсыг нь аваачиж өгөх гээд Бөхийн өргөө дээр буугаад хорооллын автобусанд суусан. Тэгээд Гандан дээр буугаад Зүүн салаагийн автобусанд шилжин суух замдаа дэлгүүрээс жижиг шилтэй архи авч уугаад Эх нялхсын хашаанд тасраад уначихсан байсан. Босоод сэрэхэд миний болон нөгөө хоёр утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг;

2.Хохирогч С.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Баянхонгор аймгаас манай найз О нэлээн согтуу манайд ирсэн. Бид хоёр нэг шил архи уугаад сууж байхад Б над руу залгасан. Би Б-д “О манайд ирчихсэн байна. Чи хүрээд ир” гэж хэлсэн. Б ирээд бид хамт архи уусан. Дахин архи авах гээд би дэлгүүр явсан. О орон дээр хэвтээд Б сандал дээр суугаад үлдсэн. Би дэлгүүр орчхоод эргээд иртэл Б байхгүй байсан. О унтсан байсан. О-оос Б-ыг хаана байгааг нь асуухад “чамтай яваагүй юм уу” гэж хэлсэн. Б-ны араас нь залгах гэтэл бид хоёрын утас байхгүй байсан. Тэгээд хажуу талын айлын хүний утсаар цагдаа дуудсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... “гэсэн мэдүүлэг;

            3.Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд удаагүй байж байтал Б хүрээд ирсэн. Би дэлгүүр рүү архи ундаа авахаар гарсан ба гэрт О, Б нар үлдсэн. Тэгээд би дэлгүүр орчхоод эргээд иртэл О унтаад Б нь байхгүй байсан...Тэгэхээр нь би Б руу залгаадахъя гэж хэлээд утсаараа ярих гэсэн чинь утас алга болчихсон байсан. Би хамар хашааны М гэдэг залуугийн утсаар цагдаад дуудлага өгсөн...Миний алдсан гар утсыг Ё.Б захиран зарцуулах эрх байхгүй. Энэ гар утас бол миний өөрийн утас байгаа юм...Намайг дэлгүүр рүү гараад явахад Г.О орон дээр тасраад унтаж байсан ба Б ширээний хажууд сандал дээр суугаад үлдсэн. Би гарахдаа Б-д дэлгүүр гарчхаад ирье гэсэн чинь за гэж хэлээд үлдсэн...”,

            ...Намайг гэрээс гарч явахад Г.О тасраад орон дээр унтаж байсан. Харин Ё.Б суугаад үлдсэн ба Г.О-н гар утас болон миний гар утас гэрт маань ширээн дээр байсан. Тэгээд буцаад гэртээ орж ирсэн чинь ширээн дээр байсан гар утаснууд байхгүй болчихсон байсан ба Б нууцаар бид хоёрын гар утаснуудыг аваад өөрөө алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23, 24-25 дугаар хуудас);

4.Хохирогч Г.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр...Б хоёр хоёулаа 2 шил архи хувааж уусан ба би нэлээд согтоод унтсан.Тэгээд нэг сэрсэн чинь манай ангийн Б гээд залуу Б-ын гэрт ирчихсэн Б-тай архи уугаад сууж байсан. Тэгээд Б,  Б-ыг дэлгүүр гараад явчихсан, намайг унтаж байхад миний “Самсунг галакси эс 5” маркийн гар утас болон Б-ын “Самсунг галакси эс 7” маркийн гар утаснуудыг ширээн дээрээс аваад явчихсан байсан. Би гар утсаа байхгүй болсныг нь цагдаа нар ирэхэд мэдсэн...Б миний гар утсыг захиран зарцуулах эрх байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас);

            5.Гэрч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр...Ё.Б залгаад “...би Б-д архи ууж байгаад гараад ирчихсэн явж байна, утсыг нь авчихсан явж байна...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аваачаад өгчих гэж хэлсэн чинь гар утсаа салгачихсан. Тэрнээс хойш Б ерөөсөө залгаагүй ба Б нь хэрэг гарсны маргааш нь над руу залгаад “миний утсыг хулгайлаад аваад явчхаж, өчигдөр бид хамт архи уусангэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29 дүгээр хуудас);

6.Яллагдагч Е.Б-ны мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд (хх-ийн 56-59 дүгээр хуудас), шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Мастер үнэлгээ" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 38-41 дүгээр  хуудас);

            7. Шүүгдэгч Ё.Б-ны иргэний иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 61 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69 дүгээр хуудас), таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 76-80 дугаар хуудас);

            8.Яллагдагч Ё.Б-ны мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:“...Над руу тухайн үед утсаар С яриад Г.О, С.Б нарын утсыг аваачиж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа салгаад явчихсан. Би тухайн гар утаснуудыг сонирхоод авчихсан юм...би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 54-55 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ё.Б-ны үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох “Samsung galaxy S-5” загварын гар утсыг 150,000 төгрөгөөр, “Samsung galaxy S-7” загварын гар утсыг 350,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нийт 500,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийгхангажээ.

Шүүгдэгч Ё.Б-ны үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцлоо.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын бага хэмжээнээс дээш үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ё.Б-ыг“хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч С.Б нь хохирлоо бүрэн авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, хохирогч Г.О хохирлоо бүрэн авсан гэдгээ илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ё.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэдгийгтогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ё.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаагэрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ё.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: “...эрүүгийн хариуцлагатай холбоотой хэлэх зүйл байхгүй... Архинаас хамаг зүйл боллоо. Би архины хамааралтай хүн байсан. Гэхдээ одоо архи уухгүй байгаа. Найз нөхдийнхөө эд зүйлийг авч хулгайч гэх нэр зүүх надад хэцүү байлаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ё.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун хорин цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ё.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл,38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овогт Ё-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан“хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-нд дөрвөн зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Ё.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ё.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ё.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА