Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 207/ма2025/00112

 

 

 

 

Ч.******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 312/ШШ2025/00924 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.******т холбогдох,

Цалин хөлс 940,000 төгрөг гаргуулах тухай тусгай журмын иргэний хэргийг,

Хариуцагч Б.******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:

****** мебелийн захирал болох ****** гэх хүнтэй 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийн цалинтай 10, 25-ны өдөр хувааж авахаар өдрийн 50,000 төгрөгийн цалин авна гэсэн нөхцөлөөр ажилд орсон. Цалин өсөж сүүлд өдрийн 60,000 төгрөг авахаар тохирсон. Гэтэл сүүлийн хагас сар гаран миний 19 хоногийн цалин болох 1,140,000 төгрөгийг өгөөгүй. Суутгал болох 200,000 төгрөгийг хасаад 940,000 төгрөг авах ёстой. Ажилд орсон хугацаанаас гарах хүртлээ үргэлж хоцроодог байсан. Тухайн байгууллагад удаа дараа цалингийн талаар хандаж шаардлага тавьсан боловч намайг хэл амаар доромжилж цалин олгохоос зайлсхийсэн тул хууль хяналтын байгууллагад хандахаас өөр аргагүй боллоо. Иймд асуудлыг хуулийн дагуу шалгаж, цалинг чинь хүчээр гаргуулж авах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Хариуцагч  Б.******ын шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй. 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 312/ШШ2025/00924 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 128 дугаар зүйлийн 128.1-д заасныг баримтлан хариуцагч Б.******аас цалин хөлс 940,000 /есөн зуун дөчин есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.******ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,110 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.******аас улсын тэмдэгтийн хураамжид 27,110 /хорин долоон мянга нэг зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.******ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.****** шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Ч.****** 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс манай тавилгын газарт туслах ажилтнаар өдрийн 50,000 төгрөгөөр тохирч ажиллаж эхэлсэн. Цалин хөлсийг цаг хугацаанд нь олгодог байсан. Ч.******ын бичээд байгаа шиг байнга цалин хоцроож, хэл амаар доромжилж байсан зүйл байхгүй. Би ажилтнуудаа аль болох дэмжиж ажилладаг. Ч.******ыг ирж уулз, тооцоо юм аа хийе гэсэн боловч ирээгүй. Дутуу өгсөн цалин байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ч.****** 2024 оны 09 дүгээр сард тусдаа гарсан гэртээ тавилга хийлгэмээр байна гэхээр нь гал тогоо 750,000 төгрөг, угаалтуур  250,000 төгрөг болохоос материалын зардалд 250,000 төгрөгийг цалингаас нь суутгаж авсан. 750,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. 2025 оны 02 дугаар сард телевизийн тавиур /250.000 төгрөг/-ийг бэлгэнд авсан. Тек 200,000 төгрөгөөр хийлгэн цалингаасаа суутгуулан тооцохоор тохирсон. Манайд удаан тоггвортой ажиллана гэсэн учраас 750,000 төгрөгийн хөнгөлт үзүүлсэн. Мөн телевизийн тавиурыг баяр болох гэж байгаа гээд бэлэглэсэн. Гэтэл бидний итгэлийг алдаж, мэдэгдэлгүй ажлаа хаяж явсан. Үүнээс нь болж захиалга маань товлосон цаг хугацаанаасаа хоцорч гарснаас болж тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн байгаа. Манайд хадам дүү нь ажилладаг бөгөөд түүнээс яагаад ирэхгүй байгаа талаар асуухад төрсөн өдөр нь болж байгаа гэсэн. Төрсөн өдрөө өнгөрөөгөөд ирэх байх гэж бодтол ирэлгүй ажлаа хаяж, өөр газарт ажилд орсон байсан. Ирж тооцоогоо нийлээд учраа ол гэхээр ирдэггүй. Орондоо ажиллах хүн олох хугацаа олгохгүйгээр ажлаа хаяж явсан, захиалга цаг хугацаанаас хойш гарснаас болж алдагдал хүлээсэн энэ байдалд нь хариуцлага тооцох үүднээс 750,000 төгрөгийн хөнгөлөлт, 250,000 төгрөгийн бэлгэ, 200,000 төгрөгийн тавилгын мөнгө нийт 1,200,000 төгрөгөөс 3 сарын цалин болох 940,000 төгрөгөөс суутгаж тооцохоор 260,000 төгрөгийн өртэй байна. Ч.******аас гаргасан нэхэмжпэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар өгөх гэтэл шүүгчийн туслах шаардлагагүй гэсэн. Би анх удаа шүүхэд дуудагдаж байгаа болохоор нарийн учрыг нь ойлгоогүй. Шүүгчийн туслах шаардлагагүй гэсэн учраас би хариу тайлбар өгөөгүй, шүүх хуралдааны товыг 2 хоногийн өмнө хэлсэн. Би тухайн үед ажилтай байсан болохоор утсаар ярих үед нь шүүх хуралдаанд оролцоно хариу тайлбараа бичсэн байгаа өгнө гэж хэлсэн. Гэтэл намайг байхгүйд шүүх хуралдааныг намайг байхгүйд хуралдаж 940,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэхдээ хүлээн зөвшөөрсөн гэх байдлаар бичиж байгаа нь миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Надад эрх, үүргийг минь тайлбарлаж өгөөгүй. Би анх нэхэмжлэл авахдаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй харин ч манайд төлбөр мөнгөний асуудал байгаа тэрийгээ Ч.******аас авна гэдгээ шүүгчийн туслахдаа хэлж байсан. Илт намайг хохироосон шийдвэр гаргасан байгаа учраас гомдолтой байна. Ч.****** нь ажлаас байнга хоцордог, шалтгаангүй ажил тасалдаг. Ажлаас гарахдаа хавтангийн зүсэгчээр ажиллаж байсан найз Барсболдоо уруу татаж гаргасан. Ч.****** нь 260,000 төгрөгийн өр төлбөртэй байгаа бөгөөд нэхэмжпэгчээс гаргуулан авах хүсэлтэй байна. Тавилга хийсэн болон тавилгын үнэ хөлсний баримтыг шүүхэд гаргаж өгөх боломж олгоогүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 312/ШШ2025/00924 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан  шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин  шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.****** нь шүүхэд “...2024 оны 7 дугаар сард ажилд орохдоо сарын 1,500,000 төгрөгийн цалинтай байхаар тохирсон, сүүлийн 19 хоногийн цалин 940,000 төгрөгийг өгөөгүй тул арга хэмжээ авч өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэсний дараа  хариуцагч Б.******т 2025 оны 5 дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулан өгч  хуульд заасан эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тус тус танилцуулсан ба тухайн өдөр  хэргийн материалыг танилцуулсан байна.

Хариуцагч Б.****** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4.-т заасан хугацаанд  буюу 05 сарын 23-ны өдөр  хүртэл хугацаанд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүрэг хүлээсэн байх ба тайлбар ирүүлэх хугацаа дууссан өдөр шүүгчийн 312/ШЗ2025/03655 дугаар захирамжаар “...нотлох баримтууд  хангалттай бүрдсэн” гэсэн  үндэслэлээр  хэрэг хэлэлцүүлэх шүүх хуралдааныг 05 дугаар сарын 26-ны өдөр хуралдааны танхимд хийхээр тогтоосон, уг хуралдааны шатанд  нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан  шийдвэрлэх талаар хүсэлт гаргаагүй байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч энэ талаар  хүсэлт гаргасан  гэж тодорхойлж бичсэн байна. 

Шүүх хариуцагч Б.******ыг тус аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  05 дугаар сарын 26-ны өдрийн  /09 цагт/ шүүх хуралдаанд   оролцуулахгүйгээр иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн байна.

Дээрх байдлаас үзэхэд шүүх Б.******т холбогдох иргэний  хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэхдээ хэтэрхий түргэн хугацаанд буюу 7 хоногийн дотор уг хэргийг шүүх хуралдаанаар  хянан шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн улмаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэргийн үйл баримтын талаар талуудыг мэтгэлцүүлэхгүйгээр шийдвэрлэсэн байна.

 Шүүх иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхдээ  хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа  ирүүлэх  хугацаа дууссан өдөрт нь  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэхгүй байх, зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд зааснаар сөрөг нэхэмжлэл, хүсэлт гаргах, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай  нотлох баримтаа цуглуулах боломжит хугацаагаар хангагдах,  хэрэг хэлэлцэх шүүх  хуралдаан товлогдсоны дараа хэргийн материалыг танилцуулах, шүүх хуралдааны товыг хэзээ хэдэн цагт мэдэгдсэн талаарх тэмдэглэгээг тодорхой  огноотой бичих, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1. -д заасан зохицуулалтаас  тухайн хэрэгт хамааралтай тохирох үндэслэлийг заах, талуудыг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангах, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх хуралдааны тэмдэглэлд үнэн зөв бичиж тэмдэглэх  зэргээр шүүхээс хийгдэх бүхий л ажиллагааг хангалттай  бүрэн гүйцэт хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Харин нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн нэрийг андуурч бичсэнээр  шүүх иргэний хэрэг үүсгэх, хэлэлцүүлэх тухай захирамжинд  Б.****** гэсэн нэрээр бичигдсэн  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй, цаашид ийм тохиолдол үүссэн үед  шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулж зөвтгөж байхыг анхааруулж байна. 

Иймд хариуцагч Б.******ын шүүхэд гаргасан “...шүүгчийн туслах хариу тайлбар авах шаардлагагүй гэж хэлсэн,  би нэхэмжлэгчээс 260,000 төгрөгийн өр авлагатай авах хүсэлтэй байна, тавилга болон үнэ хөлсний талаарх нотлох  баримт гаргуулж өгөх боломж олгоогүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн тул  шийдвэрийг хүчингүй болгож  өгнө үү гэх гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 312/ШШ2025/00924 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Б.******ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА                 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР  

                                                 ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ