Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 853

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Н.Уранбайгаль, шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө овогт Т-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00676 0302 дугаартай хэргийг 2019 оны 08дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Ө овогт Т-ын О Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-нд монтёр ажилтай, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 6 дугаар гудамж 4 дүгээр байр *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар *****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ш.О нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 07 цаг 55 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны иутаг дэвсгэр, “Өнөр” хороолол, 11 дүгээр байрны зүүн хойд замд А.Б-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 62-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн 2 дугаар хавсралт “1.3 (үргэлжилсэн хос шугам) - дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, 1.3 тэмдэглэл буюу үргэлжилсэн хос шугамыг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Н.Б-ны жолоодож явсан “Zongshen” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, жолооч Н.Б-ны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ө овогт Т-ын О нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 07 цаг 55 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өнөр” хороолол, 11 дүгээр байрны зүүн хойд замд А.Б-ийн эзэмшлийн “Toyota Prius-20” загварын 62-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-д“үргэлжилсэн хос шугам нь дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, тэмдэглэл буюу үргэлжилсэн хос шугамыг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэж, мөн дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж тус тус зааныг зөрчсөний улмаас жолооч Н.Б-ны жолоодож явсан “Zongshen” загварын улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, хохирогч Н.Б-ны бие махбодод “...баруун өвдөгний гадна жийргэвч мөгөөрсний урагдал, урд чагтан холбоос, дотор коллатерал холбоосны хэсэгчилсэн урагдал, тахимын шарх, цус хуралт, өвдөгт зулгаралт, шилбэнд зулгаралт, цус хуралт... бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1.Шүүгдэгч Т.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2.Хохирогч Н.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 08 цагийн үед Цамбын гэрлэн дохио өнгөрөөд баруунаас зүүн тийш чиглэн явж байх үед урд явж байсан Тоёота Приус автомашин үргэлжилсэн цагаан зураас давж эргэх үйлдэл хийхэд нь би араас нь явж байсан тул амжилгүй эсрэг орж унахгүйн тулд нэлээн даялаад хөл тоормос ажиллахгүй болсон тул гар тоормос атгаж зогссон. Ослоос болж миний мотоциклийн хөл тоормосны дөрөө ажиллахгүй болсон.Би мотоциклоо 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр худалдаж аваад дугаар авч амжаагүй байсан. ...Тэр автомашин нь миний мотоциклийн баруун тал руу болон миний хөл рүү мөргөсөн. Ослоос болоод миний хөлийн мөгөөрсөн эдийн урагдал гэсэн онош тавигдаж хагалгаанд орсон. Одоо эдгэрч байгаа. Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ямар нэгэн гомдол саналгүй болсон. Мөн хөдөө ажлаар явах шаардлагатай болсон тул шүүх хуралд оролцох хүсэлгүй байна. Намайг шүүх хуралд оролцохоос чөлөөлж өгнө үү. Бүрэн хохиролгүй болсон....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25, 27 дугаар хуудас);

3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7218 дугаартай: “...Н.Б-ны биед баруун өвдөгний гадна жийргэвч мөгөөрсний урагдал, урд чагтан холбоос, дотор коллатерал холбоосны хэсэгчилсэн урагдал, тахимын шарх, цус хуралт, өвдөгт зулгаралт, шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонгид нөлөөлөхгүй....” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 43 дугаар хуудас);

4.“Ашид билгүүн ”ХХК-ийн2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн: “...Мотоцикл “Zongshen” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын нийт үнэлгээ 362.000 төгрөг...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 47-49 дүгээр хуудас);

5.Камерын бичлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-13 дугаар хуудас);

6.Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.У-ын гаргасан: “...Тоёота Приус маркийн 62-79 УНК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Т.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “1.3 тэмдэглэл буюу үргэлжилсэн хос шугамыг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. Мотоциклийн жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэсэн мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 53 дугаар хуудас);

7.Шүүгдэгч Т.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 62 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 61 дүгээр хуудас);

8.Яллагдагч Т.О-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би өөрийнхөө Т.Приус маркийн 62-79 УНК дугаартай автомашиныг жолоодон яваад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын хойд замд баруунаас зүүн тийш түгжирчихсэн байхаар нь үргэлжилсэн цагаан шугам давж буцаж эргэх үйлдэл хийхдээ баруунаас зүүн тийш миний араас явж байсан улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөн зам тээврийн осол гаргасан. Миний буруу. Би гаргасан алдаагаа ухамсарлаж байна. Зам тээврийн осол хэрэг анхаарал болгоомж алдах ганц хоромд л гардаг юм байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 59-60 дугаар хуудас)зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Энэ хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан мөрдөгчийн магадалгааг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй буюу хөндлөнгийн мөрдөгчөөр замын хөдөлгөөний талаарх тусгай мэдлэгийнх нь хүрээнд гаргуулсан байх тул шүүх уг магадалгааг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд техникийн нөхцөл байдлыг тодруулах, физик болон механик инженерийн тусгай мэдлэг эзэмшсэн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй, хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой байсныг дурдах нь зүйн хэрэг.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлсөн, хохирогч Н.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Б-ны биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Т.О-ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.О-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Т.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнбайгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.

Иймд прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоортогтоолоо.

Шүүхээс шүүгдэгч Т.О-д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулаагүй тул түүний В ангиллын 434970 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэннэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, энэ хэрэгтбитүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ө овогт Т-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Т.О шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, шүүхэд ирүүлсэн434970 дугаартайВ ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.О цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.О-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА