Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01768

 

*******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/09821 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* болон *******-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11,603,249 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,603,249 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно.

3.1. Хэргийн 11-15 дугаар талд авагдсан 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ-19/120 дугаартай зээлийн гэрээ, БГҮ-19/120 дугаартай барьцааны гэрээнүүд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байх ба уг баримтууд хуулбар хувиар хэрэгт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан бичмэл нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангахгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг шүүх анхаараагүй байна.

3.2. 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн зүгээс “...хэргийн материалтай танилцах, хууль зүйн туслалцаа авах буюу шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байх ба уг хүсэлтийн талаар шүүх хуралдаан даргалагчаас тодруулж асуусан боловч хүсэлтийг шийдвэрлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр татгалзсан тайлбараа мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд бичгээр ирүүлж, талуудын хооронд мэтгэлцээн өрнөж, нотолгооны үүргийн хуваарилалт тодорхойлогдох учиртай.

Гэтэл хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа /хх-38, 53, 62/ шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдаагүй, харин 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчоос нэмж тодруулах ажиллагааны хүрээнд хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх агуулга бүхий тайлбар гаргасан байхад шүүх энэ талаар нэхэмжлэгчээс тодруулах, мэтгэлцүүлэх ажиллагааг явуулаагүй атлаа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, уг хугацаа тасалдсан, зогссон үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эсрэг талын тайлбар, татгалзалтай танилцах, тайлбар өгөх, мэтгэлцэх эрхийг зөрчсөн байна.

4. Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдааг залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул нэхэмжлэгч талын материаллаг эрх зүйн талаар гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/09821 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ГЭРЭЛТУЯА

                                          ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                   Т.ГАНДИЙМАА