| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2211003390503 |
| Дугаар | 115 |
| Огноо | 2023-09-15 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 115
Б.С, О.Д нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.С-гийн өмгөөлөгч Н.Мандах, шүүгдэгч О.Д-ий өмгөөлөгч Л.Ган-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 853 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 85 дугаар магадлалтай, Б.С, О.Д нарт холбогдох 2211003390503 дугаартай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Чинбатын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын сүлжээний инженер мэргэжилтэй, ам бүл 8, эх, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б.С,
2.Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, О.Д,
Шүүгдэгч Б.С, О.Д нар бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд “Япон Улсаас оруулж ирэх автомашиныг урьдчилгаа өгвөл хямд худалдана” гэж хуурч, З.Ц-ээс 51,456,000 төгрөг, Р.Э-аас 79,197,500 төгрөг, Д.Б-оос 80,197,500 төгрөг, Х.Э-аас 72,987,500 төгрөг, Ш.А-аас 78,582,900 төгрөг, Ж.Б-аас 81,365,450 төгрөг, Д.Л-оос 120,958,000 төгрөг тус тус шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.Дд холбогдох Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б.С-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Сг 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж, 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Сд оногдуулсан 20,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгийн цагдан хоригдсон 77 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, 1,155,000 төгрөгийг эдлэх ялаас хасаж, үлдэх торгуулийн ялын хэмжээг 18,845,000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Сд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Чинбат 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бичсэн 01 дүгээр дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1-д заасан дөрвөн үндэслэл нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэх үед байсан боловч мэдэгдэлгүй өнгөрч дараа нь илэрсэн, эсхүл шийдвэр гарах үед бий болоогүй байгаад сүүлд үүссэн, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдлуудыг ойлгоно. Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тогтоогдсон байх шаардлагатай ба шүүхийн ажиллагаа, шийдвэр, хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхэд бодитой эргэлзээ төрүүлэхүйц хэмжээнд байж хэргийг шинээр хянан хэлэлцэх үндэслэл болдог. Энэхүү нөхцөл байдалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.1-1.4-т нэрлэн заасан нөхцөл байдлаас гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Олон улсын Хүний эрхийн болон бусад шүүхийн шийдвэрүүд, мөн Монгол улс Олон улсын гэрээ, Конвенцод нэгдсэн, эрх зүйн орчин өмнөхөөсөө эрс өөрчлөгдсөн зэрэг нэгэн адил хамаарна. Дээр дурдсан хуулийн зүйл, хэсгийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн” гэдэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй эсхүл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болон хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг, “хүний эрх ноцтой зөрчигдсөн”-д хэргийн талаар хувийн сонирхолтой оролцогч буюу шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, нөхцөлийг хүндрүүлсэн, эсхүл шүүгдэгчийн хувьд аливаа сөрөг үр дагавар бий болгосон хуулийг хэрэглэх, гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ба эрх зүйн байдлыг дээрдүүлсэн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй байх, шүүгдэгч болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгчдийн жам ёсны ба хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хориглох, хасах, гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах боломжгүй болгох зэргийг хамааруулан үздэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг бөгөөд эдгээр зохицуулалтыг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.
Мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгожээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг иш үндэс болгон шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь үндэслэл муутай болсон.
... Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг “хуулийн шаардлага хангаагүй хэмээн дүгнэсэн атлаа “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх”- гүйгээр уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан “хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 853 дугаар шийтгэх тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 85 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокуророос шүүгдэгч О.Дий талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, давж заалдах шатны шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр О.Д нь Б.Стэй хамтран оролцсон байх үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын О.Дд холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол тогтоолыг хүчингүй болгох үүрэг болгосон хэм хэмжээг биелүүлээгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт бичсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзэхэд шүүгдэгч О.Д нь гэмт хэрэг үйлдсэн боловч эрүүгийн хариуцлага хүлээлгүй, ял завшиж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Нөгөө талаар, давж заалдах шатны шүүх О.Дд холбогдох заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд прокурорын дүгнэлтийг дэмжиж байна гэв.
Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Н.Мандах хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг дүгнэлтийн хууль зүйн үндэслэл болгосон байна. Энэ зүйл, хэсэг, заалтад “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол” гэж хуульчилсан. Гэтэл прокурорын дүгнэлтэд хэний эрхийг ноцтой зөрчсөн, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явуулж, яаж тогтоосон талаар огт байхгүй. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч О.Дий өмгөөлөгч Л.Ган-Очир хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёр шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын хүрээнд дүгнэсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн компанид менежер хийж байсан бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэн Б.С нь шүүхийн шатанд тухайн үйл баримтын талаар тогтвортой, тодорхой мэдүүлэг өгсөн. Прокурорын дүгнэлт, нотлох баримттай холбоотойгоор хохирогч нар нь анхаарал татахаар хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч нар нь хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан болохоор бусад хохирогч нартаа нөлөөлөх байдлаар буюу О.Дийг хохирол төлбөрөө төлсөн тохиолдолд энэ гэмт хэрэгт хамааралгүй байдлаар мэдүүлэг өгнө гэж хоорондоо үгсэн тохиролцсон үйл баримт зарим гэрч, хохирогчийн мэдүүлэгт тусгагдсан. Мөн прокурорын дүгнэлтийн үндэслэл болгоод байгаа хуулийн зохицуулалтын хувьд хэний эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь тодорхойгүй. Давж заалдах шатны шүүх хуралдааны үед Б.Сгийн зүгээс бүх хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилсөн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Чинбатын бичсэн дүгнэлтийг үндэслэн Б.С, О.Д нарт холбогдох эрүүгийн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.
2.Анхан шатны шүүх, шүүгдэгч О.Дд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б.Сг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон эд хөрөнгийг шилжүүлж авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.
Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч О.Дий үйлдэлд хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, шүүгдэгч Б.Сд оногдуулсан ялын төрөл, хэмжээнд зохих өөрчлөлт оруулан тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба талуудаас давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаагүй байна.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох үндэслэлд тухайн эрүүгийн хэргийг шүүх хянан хэлэлцэх үед хэргийн үйл баримт, хууль хэрэглээнд ноцтой нөлөөлөхүйц, өмнө нь мэдэгдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлууд хамаарна.
Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа дээрх нөхцөл байдал илэрвэл хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийн тулд өмнө гарсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг алдаа гарсан тэр шатнаас эхлэн дахин шалгаж, шийдвэрлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой журмаар тогтоож өгсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн ...” нөхцөл байдал тогтоогдвол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор хуульчилжээ.
Хуулийг илт буруу хэрэглэсэн гэдэгт шүүх хуулийн илэрхий, тодорхой зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эсхүл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тохиолдлыг ойлгох ба тухайн хуулийн зохицуулалт нь ямар нэгэн салаа утгагүй, нэмэлт тайлбар шаардлагагүй ойлгомжтой байх ёстой. Харин хууль хэрэглээ, эрх зүйн онолын маргаантай асуудлаар гаргасан шүүхийн шийдвэр хамаарахгүй.
Хүний эрх ноцтой зөрчигдсөн гэдэгт хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах боломжгүйд хүргэсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, нөхцөлийг хүндрүүлсэн, эсхүл гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүйн улмаас хилсээр ял шийтгүүлж, эрх зүйн байдлыг дордуулсан зэрэг үр дагаварт хүргэсэн зөрчлийг ойлгох бөгөөд дээр дурдсан асуудлуудыг хооронд нь уялдаа холбоотой авч үзэхээр байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Чинбатын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн бичсэн 01 дүгээр дүгнэлтэд хоёр шатны шүүх хуулийг илт буруу хэрэглэсний улмаас тодорхой хүний эрх ноцтой зөрчигдсөн талаар үндэслэл, нотолгоо заагаагүй, хийгдвэл зохих хуулиар тогтоосон ажиллагааг хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүх хуулийг илт буруу хэрэглэсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.С, О.Д нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 853 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 85 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Чинбатын бичсэн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ