| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 159/2025/0078/З |
| Дугаар | 001/ХТ2026/0034 |
| Огноо | 2026-03-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2026/0034
Н.А***-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ
аймгийн Нийгмийн даатгалын газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 159/ШШ2025/0079 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2026/0035 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Н.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У*** нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШХТ2026/0115 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Н.А*** нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Н.А***-ыг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоохгүй байгаа Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хөнгөлөлттэй хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах”нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг гаргасан.
2.2.Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар тогтоолоор “Н.А*** нь Улаанбаатар төмөр замын Сүхбаатар депод 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл лаборантаар ажиллаж байсан хугацааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын “Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.19 буюу Нефть боловсруулах үйлдвэр ... лаборантын заалтын болзлыг хангахгүй байх тул хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцохгүй ...” гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гаргасан байна.
2.3.Тус зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 32/63 дугаар албан бичгээр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн талаар нэхэмжлэгчид мэдэгджээ.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
“... Миний бие 2003 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод лаборантаар ажилд орсон. 2013 онд ажлын байрны нэршил хэмжигч-техникч лаборант гэсэн нэршилтэй болсон. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр лаборант-нарийн хэмжүүрийн техникч 1-р зэрэг гэж ажлын байраа өөрчилсөн. Мөн хортой нөхцөлийн нэмэгдэл сар бүр авдаг байсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 2.19-д заасан ажил мэргэжлийн индекс нь 3116-12 “Лаборант, химийн боловсруулалтын” гэсэн мэргэжилд нийцэх тул хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэврээ хөнгөлөлттэй тогтоолгохоор хүсэлт гаргасан. Уг хөдөлмөрийн нөхцөлд 21 жил 7 сар ажилласан. ... Хийгддэг шинжилгээний ууршилтаас хамаарч эрүүл мэндийн хувьд аюул эрсдэл бүхий хортой нөхцөлд ажиллаж, эрүүл мэндийн хувьд доройтож үргэлжлүүлэн ажиллахад хүнд болсон тул тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан. Хууль тогтоомжид заасны дагуу хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрхтэй тул миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа хөдөлмөрийн хөнгөлөлттэй хортой нөхцөлд тооцуулан тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж байгаа боловч энэ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын Хоёр.Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.41.Төмөр замын ажил мэргэжлийн жагсаалтад байхгүй бөгөөд Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод лаборантаар ажилласныг хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.19.Нефть боловсруулах үйлдвэрийн лаборантын ажил мэргэжилд хамааруулах боломжгүй. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 23 дугаар тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 32/63 дугаар албан бичигт тус тус тусгагдсан. Иймд хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 159/ШШ2025/0079 дүгээр шийдвэрээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсэг болох “2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс цалин орлогогүй, тэтгэвэр тогтоогдоогүйгээс үүдэн бүх цалингийн зээл, байрны зээл, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөлтүүд хоцорсноос үүдэн гарсан санхүүгийн алдагдлыг барагдуулуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н.А***-ын тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоохгүй байгаа Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг хөнгөлөлттэй хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1.“... хууль болон журмын зохицуулалтаас үзэхэд иргэн Н.А*** нь хортой нөхцөл болох лаборант-нарийн хэмжүүрийн техникчээр ажиллаж байсан, хуульд заасан болзолд нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, эмэгтэй 45 нас хүрсэн байх шаардлагуудыг хангасан байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Н.А*** нь 2003 оноос хойш одоог хүртэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсэгт лаборант-нарийн хэмжүүрийн техникчээр ажиллаж байгаа болох нь нотлогдсон.
5.2.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын ... 2.6-д “Жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан даатгуулагчийн урьд ажиллаж байсан ажил, мэргэжил нь ... 2004 оны 77 дугаар тушаалаар баталж мөрдөж байсан жагсаалтад ... ажил мэргэжилд хамаарч, зохих болзол хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно” гэж журамласан, өөрөөр хэлбэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын Хоёр.Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 1-д “... техникч, ...”, 14-т. “... лаборант ...” гэж заасан. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил албан тушаал нь уг жагсаалтад хамаарч байна. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т тус тус зааснаар нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан, өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэр авах эрхтэй.
5.3.Хариуцагчаас Н.А***-ын лаборант-нарийн хэмжүүрийн техникчээр ажиллаж байсан эсэх үйл баримттай маргаж өндөр насны тэтгэврийг хортой нөхцөлөөр тогтоохоос татгалзаж шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл материалыг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч хүлээн авсан нь тогтоогдож байх тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг хүлээн авсан өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг нөхөн олгох нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2026/0035 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У*** хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.“... Нэхэмжлэгч Н.А*** Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтаар тэтгэвэрт гарахыг хүссэн бөгөөд энэ нь хөдөлмөрийн хортой нөхцөлийн заалтын насны болзол хангасан боловч хортой нөхцөлд ажилласан жилийн болзол хангаагүй буюу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалд төмөр замын салбараас хортой нөхцөлийн ажил албан тушаал байхгүй. Харин нарийн хэмжүүрийн техникчээр ажилласан хугацаа нь дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалт буюу хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласан жилийн болзлыг хангаж байгаа боловч ажлаас чөлөөлөгдөх үед нэхэмжлэгч насны болзол хангаагүй байсан. Тухайн салбарын байгууллагын даргын тодорхойлолт болон цалингийн картаас хортой нөхцөлийн нэмэгдэл авдаг зэрэг нь тус байгууллагын асуудал бөгөөд энэ нь хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоох үндэслэл болохгүй.
7.2.Хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд ажилласан гэдгийг тухайн ажил албан тушаал дээр ажлын 08 цаг хортой, хүнд нөхцөлд ажилласнаа ажлын байрны зураг авалт болон тухайн байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос өргөдөл, хүсэлтийг өгч яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хэмжилт дүгнэлт, тайланг үндэслэн сайдын тушаалаар жагсаалтад орсноор салбарын хэмжээнд дагаж мөрдөж ажилладаг. Хэдий журмаараа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалыг мөрдлөг болгон авч үзэх боловч уг тушаал дээр төмөр замын салбараас нэг ч хортой нөхцөлийн ажил мэргэжлийн жагсаалт байхгүй, зөвхөн хүнд нөхцөлийн ажил мэргэжлийн жагсаалт байдаг.
7.3.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын Хоёр.Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.1-д “Цацраг идэвхт бодис агуулсан хүдэр, ашигт малтмал зөөдөг илчит тэрэгний машинч ... гэх мэт дэр модонд химийн бодисоор нэвчрүүлэлт хийдэг үйлдвэрийн лаборант” гэснийг тухайн Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн лаборант-нарийн хэмжүүрийн техникчтэй адилтгаж үзсэн. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын Хоёр.Хөдөлмөрийн хортой нөхцөлд 2.41.Төмөр замын салбарт дараах 5 ажил мэргэжлийн жагсаалт шинээр орсныг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөн ажиллаж байна. Үүнд:
-Цемент савлагч (Төмөр замын бетон дэрний үйлдвэрийн)
-Гагнуурчин, цахилгаан-хийн (Зүүнхараа дахь ачаа вагон депогийн)
-Техникч, локомотив хөдөлгүүрийн (Хөдлөх бүрэлдэхүүний засварын слесарь, засварчин)
-Вагон засварын газрын үйлчлэгч (Зүүнхараа дахь ачаа вагон засварын депо)
-Вагон цэвэрлэгч, угаагч (Зүүнхараа дахь ачаа вагон засварын депо) гэж тусгайлан заалт орсон бөгөөд Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депогийн лаборантын албан тушаал ороогүй.
7.4.Байгууллагаас ирүүлсэн лаборант-нарийн хэмжүүрийн техникчийн ажлын байрны тодорхойлолт нь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр баталгаажуулсан гарын үсэгтэй бөгөөд нэхэмжлэгч 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн байсан. Мөн 2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Улаанбаатар төмөр замын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтэст хандсан хөдөлмөрийн нөхцөлийн тухай албан тоотод лаборантын албан тушаал байгаа. ... Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.
9.Хяналтын шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
10.Шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
11.Иймд хяналтын шатны шүүхээс гомдлыг хэлэлцүүлэхээр хүлээн авсан “шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй.
12.Нэхэмжлэгч Н.А*** нь 2003 оноос хойш Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод лаборант-нарийн хэмжүүрийн техникчээр ажилласан хугацаагаа “хөдөлмөрийн хортой нөхцөл”-д ажилласанд тооцуулахаар маргасан. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
13.Учир нь, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 2.6-д “Жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан даатгуулагчийн урьд ажиллаж байсан ажил, мэргэжил нь ... 2004 оны 77 дугаар тушаалаар баталж мөрдөж байсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтад дурдсан ... хөдөлмөрийн хортой, ... нөхцөлийн ажилд мэргэжилд хамаарагдаж, зохих болзол хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно” гэж заасан.
14.Нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын Хоёр.Хөдөлмөрийн хортой нөхцөл гэсний 1-д “... үе угсрах баазын... техникч, ... дэр модонд химийн бодисоор нэвчрүүлэлт хийдэг үйлдвэрийн ... лаборант, ...” гэсэнд, түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалаар батлагдсан төмөр замын салбар дахь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад шууд утгаараа хамаарахгүй байна.
15.Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, мэргэжлийг дээрх жагсаалтад заасан “лаборант”, “техникч” гэсэнтэй дүйцүүлэн тооцох боломжтой эсэхийг тогтоохын тулд түүний 2003 оноос хойш эрхэлж байсан бүхий л ажил, мэргэжлийн чиг үүрэг, хөдөлмөрийн нөхцөлийг тухайн үеийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргийг нотлох баримтаар бүрэн авч, шинжлэн судлах, шаардлагатай бол мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах нь зүйтэй.
16.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр баталсан ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгчийн 2003 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эрхэлж байсан бүхий л ажил, мэргэжлийн хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлох гол нотлох баримт болгон үнэлсэн нь буруу, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.
17.Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 159/ШШ2025/0079 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2026/0035 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Г.БАНЗРАГЧ