Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 99

 

Ж.Бат-Оршихын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 483 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 36 айлын орон сууцны 18 тоотод оршин суух, Хонда овогт Жамбалын Бат-Оршихын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 20 айлын орон сууцны 2 давхрын 30 тоотод оршин суух, Зуутраг овогт Санжийн Пүрэвжавд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “54.000.000 төгрөг гаргуулах” тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Ж.Бат-Орших миний бие 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Шинэбаярын хадам ээж С.Пүрэвжавд өөрийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах 2 дугаар 36 айлын орон сууцны 2 өрөө байрны ордерыг банкинд барьцаа болгон өгч шинээр байрьж байгаа 16 айлын орон сууцыг барихад санхүүжүүлж өгөхийг хүсэхэд би худ ураг гэх үүднээс хүндэтгэж, сайхан сэтгэлээр зөвшөөрч 2 сарын хугацаанд байрны ордерыг буцаан авах нөхцөлтэйгээр 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

 С.Пүрэвжав нь миний байрны ордерыг авч надтай гэрээ байгуулахдаа шинээр барьж байгаа 90%-ийн гүйцэтгэлтэй 16 айлын 2 өрөө байрны ордер барьцаанд өгч, байрны ордер авсан. Гэтэл тухайн байгуулсан гэрээний нөхцөлийг зөрчиж миний байрны ордерыг өөр хүнд эзэмшүүлж, дахин барьцаанд тавьж, Голомт банкнаас 8%-ийн хүүтэй 45.000.000 төгрөгийн зээл авч өөрийнхөө хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрт шилжүүлсэн байна.

Худ С.Пүрэвжав нь миний хүү Б.Шинэбаяраар дамжуулан Улаанбаатар хотод хувийн орон сууц худалдаж авах нэрийдлээр миний унаж байсан Портер машины үнэ 7.000.000 төгрөгийг зээллэж авсан. Миний 2 өрөө байрны ордерыг надаас авахдаа байрны ордерыг буцааж өгөх боломжгүй тохиолдолд 45.000.000 төгрөг өгөхөөр, машины үнэ 7.000.000 төгрөг, мөн гэрээнд заасны дагуу ордер ашигласны хөлсөнд 2.000.000 төгрөг өгөхөөр тохирсон билээ. Гэтэл бидний хооронд байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу байрны ордер, зээлээр олгосон мөнгөө нэхэмжлэхэд буцааж өгөх боломжгүй гэхийн зэрэгцээ эхнэр биднийг хэл амаар доромжлон янз бүрээр хэлж ярих боллоо. Эцэст нь хэрэгтэй үедээ худал ярьж миний гэр орны ордер, бэлэн мөнгийг авч ашиглачихаад ингэж муухай хандаж байгаад туйлын гомдолтой байна. Би хүү Шинэбаярын хадам ээж тул намайг хуурч мэхлэх байдал гаргахгүй байх гэж, мөн хүүгээ бодоод түүнд зөвшөөрсөн юм.

Иймд миний байрны ордер барьцаалж авсан 45.000.000 төгрөг, мөн ордер барьцаалсны хүү болох 2.000.000 төгрөг, машины үнэ 7.000.000 төгрөг, нийт 54.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдүүдээс авах машины үнэ 7.000.000 төгрөгийг хасч үлдэх 47.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга:” Нэхэмжлэгч Ж.Бат-Оршихын өөрийн амьдарч байгаа 2 дугаар 36 айлын 2 өрөө байрны ордерийг надад түр өгч миний нэр дээр авсан өөрийн зээл, хүргэн Б.Шинэбаярын хотын байрны зээлүүдийн хугацаа хэтрээд байхад надад тус болсон нь үнэн. Энэ байрыг би 2015 оны 5 дугаар сард өөрийнх нь зөвшөөрөлтэй иргэн П.Сүхтулгын нэр дээр шилжүүлж Голомт банкнаас 31.000.000 төгрөг гаргуулж авч хугацаа хэтэрсэн өрөө төлсөн. Би Бат-Оршихтой анх тохиролцохдоо байрны ордер тавиулж тус болсны хариуд 2.000.000 төгрөг өгөх, барилгаа барьж дуусаад зээл гарч эхлэхээр Сүхтулгын зээлийг төлж барагдуулаад байрны ордерыг нь буцааж өгөхөөр болсон.

Харамсалтай нь хамтарч барилга барьж байгаа С.Мөнхбатын буруутай үйлдлээс болж барилгын ажил удааширч, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр улсын комисст хүлээлцлээ. Одоо ордерууд гарч зээлнүүд гарч эхлэх гэж байна. Ж.Бат-Орших байрны ордер надад барьцаалуулж тус болсон болохоор өгөхөөр тохиролцсон 2.000.000 төгрөгөө өгнө.

Мөн байрны ордерыг нь буцааж өгнө. Би байрны ордер гараагүй учраас нэг ч байр зараагүй, Голомт банкинд тавьж 45.000.000 төгрөг авсан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч нотлох байхаа. Хүргэн Б.Шинэбаяр 2012 онд Улаанбаатар хотод 50.000.000 төгрөгийн үнэтэй 10 өрөө бүхий түрээсийн байр худалдан авсан. Энэ байрыг авах үедээ урьдчилгаа төлбөр 12.200.000 төгрөг банкинд төлсөн.

Энэ мөнгөний 6.000.000 төгрөгийг Ж.Бат-Оршиход өгсөн, үлдэгдэл 6.200.000 төгрөгийг охин бид хоёр өгсөн. Үлдэгдэл мөнгөө хийхийн тулд 2013 онд Голомт банкнаас Б.Шинэбаярын нэр дээр 45.000.000 төгрөгийн зээл гаргуулсан. Бидний хүүхдүүд 2 хүүхэдтэй, би С.Мөнхбат гэдэг зальтны заль мэхэнд орж өөрийгөө болон 2 хүүхдээ хэцүү байдалд оруулж тэд нарыгаа зовоосон, гэсэн ч тэд нар маань юу болоод байгааг нүдээр үзэж байгаа учраас энэ бүхнээс ойлгож байгаа. Мөн хоёулаа дээд боловсролтой, мэдлэг чадвар өндөртэй учраас энэ бүхнээс сургамж аваад цаашид сайхан амьдрах боломжтой. Би хэдийгээр өнөөдөр ийм байдалд орж байгаа ч гэсэн энэ маань хугацаатай болохоор эцсийн эцэст 2 зээ, 2 хүүхдийнхээ амьдралын түүхэнд хараар бичигдэхээр түүх үлдээж худтайгаа шүүхдэлцмээргүй байна. Би шүүх хуралд суухгүй, аль болохоор эвлэрч тохиролцохыг хүсч байна. Ж.Бат-Оршихын 36 айлын орон сууцны 2 өрөө байр зах зээлийн ханшаар 30.000.000 төгрөгөөр ч зарагдахгүй.

Гэтэл Ж.Бат-Орших мэдсээр байж байрыг 45.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байгаа нь үнэхээр харамсалтай байна” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 483 дугаар шийдвэрээр:

 

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.Пүрэвжаваас 35.848.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бат-Оршиход олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.152.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бат-Оршихын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас 337.190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бат-Оршиход олгож” шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “ Анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьсан. Миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ж.Бат-Оршихын байрыг өөр хүнд шилжүүлж түр банкнаас мөнгө авсан болохоос түүний байрыг булааж авсан зүйл байхгүй. Ж.Бат-Орших байрандаа амьдарч байгаа байрны ордерыг ашиглаж түүнд 2.000.000  төгрөг өгөхөөр тохиролцсон.  Ж.Бат-Оршихын байрыг 33.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн нь зах зээлийн үнэлгээнээс хамаагүй дээгүүр буруу үнэлэгдсэн гэж үзэж байна. Бид хоорондоо тохирсон ёсоороо байрны ордер ашигласан 2.000.000 төгрөгийг өгнө. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү “ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хуульд заасан үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч байрны ордер барьцаалж зээл авсан 45.000.000 төгрөг, мөн ордер барьцаалсаны хүү 2.000.000 төгрөг, машины үнэ 7.000.000 төгрөг нийт 54.000.000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг С.Пүрэвжавд холбогдуулан  гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 54.000.000 төгрөгийн  шаардлагаасаа хүүхдүүд  хэрэглэсэн гэдэг үүднээс  машины үнэ 7.000.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 47.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж  тайлбарлажээ.

 

Хариуцагч нь Ж.Баторшихын 2 дугаар 36 айлын 2 өрөө байрны ордерийг өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр П.Сүхтулгын нэр дээр шилжүүлж Голомт банкнаас 31.000.000 төгрөгийн зээл авч хүргэн Б.Шинэбаярын хотын байрны   хугацаа хэтэрсэн зээлүүдийг төлөхөд надад тус болсон нь үнэн. Ж.Баторшихтой анх тохиролцохдоо байрны ордероо өгч тус болсны хариуд 2.000.000  төгрөг өгөх, барилга барьж дуусаад зээл гарч эхлэхээр П.Сүхтулгын зээлийг төлж барагдуулаад түүний байрны ордерийг буцаан өгөхөөр тохиролцсон гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан “Орон сууцны ордер  гэрчилгээг түр авч зээл гаргуулах гэрээ” гэх  бичгийн баримт нь хуулбар хувь  байх бөгөөд уг   баримтын үг үсэг, өгүүлбэр нь гаргацгүй уншигдахгүй бүдэг байна. Уг баримт нь  “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр   өгнө” гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан   шаардалагад нийцээгүй байна. /хх-ийн 8 дугаар тал/

 Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрх  бичгийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан  шаардлага хангуулж аваагүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тус бүрийг  тодруулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шаардлагад нийцээгүй байна. 

Тодруулбал  нэхэмжлэгч нь  байрны ордер барьцаалж зээл авсан 45.000.000 төгрөг, мөн ордер барьцаалсаны хүү 2.000.000 төгрөг нйит 47.000.000 төгрөгийг хариуцагчаас  гаргуулахыг  шаардсан боловч  байрны ордер барьцаалж авсан зээл,  ордер барьцаалсаны хүү зэргийг хэрхэн яаж тооцсон, байрны үнийг  нэхэмжилж  байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй  ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байна.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар тодорхой дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-д заасан шаардлагад нийцээгүй байна гэж үзлээ.

  Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчсөн байх тул шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр   шүүхэд буцаах нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримтуудыг  давж заалдах гомдлын хамт   ирүүлсэн  байх тул түүнийг давж заалдах шатны шүүх  хянан хулулцэхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   /хэргийн 86-95 дугаар тал/

 

Хариуцагчийг давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар   хойшлуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 483 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар  хойшлуулсан болохыг   дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                                                        Н.ТУЯА