| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 102/2024/01237/И |
| Дугаар | 210/МА2025/01830 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01830
******** нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Н.Оюунтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05933 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******** нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн баталгаажуулалт хийлгэх, дутуу олгосон цалин 1,231,276 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******-д 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллахаар тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс байгууллагын гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн ба тус компанийн ажилчдын ихэнхийг нь үндэслэлгүйгээр ажлаас халж эхэлсэн.
2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирал ******** намайг ажлын байран дээр дарамталж, хэл амаар доромжлон миний нөүтбүүкийг шүүрэн авч, чамайг ажиллуулахгүй гэж хэлсэн. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орой тус компанийн хувьцаа эзэмшигч, өмнө нь захирлаар ажиллаж байсан ******** захирал залгаад оффисын хаалганы цоож сольсон учир маргааш ажилд ирэх хэрэггүй гэж хэлсэн.
2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй, ажлаас халсан тушаал шийдвэрийг гаргаагүй, надад танилцуулаагүй. Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд ажил хүлээлцээгүй тул ажлаас халагдах тушаалыг гаргаагүй гэж тайлбарласан.
Мөн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн 323,095 төгрөгийн цалин, 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 908,182 төгрөгийн цалинг олгоогүй.
Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн баталгаажуулалт хийлгэж, дутуу олгосон цалин 1,231,276 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Тус компанийн бичиг баримт их зөрчилтэй байсан. ******** нь Хятад захирал монгол хэл мэдэхгүй байдлыг ашиглан өөрийгөө хүүхдээ асрах чөлөөтэй гэж нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж байсан нь илэрсэн. Байгууллагын газартай холбоотойгоор мөнгө нэхэж авсан байдаг.
Манай байгууллагад ажиллахгүй бол байгууллагын эд хөрөнгийг буцааж өг гэж хэлсэн ч өгөөгүй. Хүүхэд асрах чөлөөтэй байсан бөгөөд дуудлагаар ирж ажиллаж байсан.
Ажилдаа эргэж орох хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******** *******-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч *******-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 28,500,171 төгрөг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********д олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасныг баримтлан хариуцагч *******-аас дутуу олгосон цалин, хөлс 1,231,276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********д олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******** нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч *******-д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас 306,607 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр жирэмсний болон ээлжийн амралтаа авч 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орсон.
******* нь Сонгинохайрхан дүүргийн 61-н гарамд байрлах 3 га газар, мөн Төв аймгийн Борнуур суманд байрлах 2 га газрыг авч тог цахилгаан татаж, худаг ухуулж маш их хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үед дээрх 2 газрыг авахад гадаадын компанид газар өгөхгүй гэсэн тул ******** нэр дээр авч хэсэг хугацааны дараа өөрийн компанийн нэр дээр буцаан авахаар болсон.
******** 2023 оны 06 дугаар сард ажилдаа ороход нь компанийн зүгээс өөрийн газрыг буцаан авах талаар хэлэхэд, 2-3 жил нэрээ ашиглуулсан учраас 5 га газрыг би авмаар байна, эсхүл мөнгө өг тэгвэл газрыг чинь шилжүүлж өгнө гэж шахамдуулсан.
Бидний зүгээс дур мэдэн компанийн хөрөнгийг ашиглаж завшсан, хясан боогдуулсан асуудлаар ажилтан ******** Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст гомдол гарган шалгуулж, компанийн зарим эд хөрөнгө болох нөүтбүүкийг буцаан авсан боловч компанийн чухал бичиг баримтуудыг устгасан байсан.
Хөдөлмөр эрхлэлтийн хугацаанд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл тогтоогдсон үйл баримт байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй, мөн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу шаардлагаа тодорхой гаргасан. Ажил олгогч нь тушаал гаргалгүйгээр нэхэмжлэгчийг ажиллуулаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангагдсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн баталгаажуулалт хийлгэх, дутуу олгосон цалин 1,231,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон боловч ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлд буруу эрх зүйн дүгнэлт өгсөн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
3. ******** *******-д менежерээр ажиллаж байхад нь ажил олгогчийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажлын байранд оруулаагүй, улмаар хөдөлмөрлөх боломжоор хангаагүй үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
3.1. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллуулаагүй асуудлыг хариуцагч нь ажилтны гаргасан зөрчлийн шинжтэй үйлдэл болон өөрөө ажлын байраа орхиж явсан гэж, нэхэмжлэгч нь ажил олгогч ажиллах боломжоор хангаагүй, ажлын байранд оруулаагүй гэж тайлбарласан.
Үүний дараа Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болсон хуралдаанд талууд оролцсон боловч харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон.
3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2-т зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох, ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах эрхтэй.
Хэрвээ ажилтан сахилгын зөрчил гаргасан, чөлөө зөвшөөрөлгүй ажлын байрыг дур мэдэн орхиж явсан бол үүнийг шалгасны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээ ажил олгогчид байна.
Гэвч хэргийн баримтаар ажил олгогч нь ажилтан 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаагүй гэж үзсэн бол зохих арга хэмжээ аваагүй, мөн сахилгын шинжтэй зөрчил гаргасан бол түүнийг шалгаж тогтоогоогүй, аливаа шийдвэр албажуулж гаргаагүй.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч энэ талаарх баримтыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт гаргаж өгөөгүй.
Иймээс ажил олгогчийн зүгээс ажилтныг ажиллуулаагүй дээрх үйлдлийг хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсантай адилтгаж дүгнэнэ.
3.3. Түүнчлэн ажил олгогчийн зүгээс сахилгын зөрчилтэй холбоотой шалгах ажиллагаа эхлүүлсэн, эрх бүхий байгууллагад хандсантай холбоотойгоор ажилтан ажилдаа очилгүйгээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй болно.
3.4. Иймд ажил олгогч нь хуульд заасан ямар үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэл тодорхойгүй тул анхан шатны шүүх ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцжээ.
3.5. Ажилд эгүүлэн тогтоосны үр дагаврыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 28,500,171 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д нийцсэн.
3.6. Мөн шүүхээс 2023 оны 11-12 дугаар сард ажил олгогчоос ажилтанд цалин олгохдоо 1,231,276 төгрөг дутуу олгосон үйл баримтыг зөв тогтоож, уг нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцүүлэн хангажээ.
4. Хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Хариуцагчид 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулснаас 1 жил 5 сарын дараа хэргийг хянан шийдвэрлэсэн тул энэ хугацаанд хууль зүйн туслалцаа авах эрхээ хариуцагч хэрэгжүүлсэн.
Мөн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнөх 2025 оны 04 дүгээр сарын 02, 05 дугаар сарын 07-ны өдрүүдийн шүүх хуралдаан хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс хойшилсон болно.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Т.БАДРАХ