Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНМӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга:Н.Гантулга,

Шүүгдэгч: Г.Д, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002190218 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдөр хүлээн хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Тунгалаг овогт Г.Д

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Дн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн өдөр буюу шинийн 3-нд айлын хүүхдийн даахинд орчхоод ирлээ гээд Б, Энхчулуун, Тогтох нар манайд орж ирсэн. Тэд нар нэлээн согтуу байсан. Манайд эхнэр хүүхэд байсан. Тэгээд орж ирчхээд Б надтай хөөргөөрөө тамхилаад “чиний хөөргийг бодвол миний хөөрөг үнэтэй 45 сая төгрөгийн үнэтэй” гээд баярхаад байсан. Би сандал дээр ширээний хажууд сууж байхад Б бид 2 маргаад Б босоод ирэхээр нь би боссон чинь Б гараа зангидаад миний уруул руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би түүнийг зөрүүлээд дух руу нь 1 удаа мөргөсөн. Дараа нь духан дээр нь шалбарсан байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би Энхчулуунтай хамт Ганбаатарын хүүхдийн үсний даахинд орчхоод Тогтох, Энхчулуун нарын хамт Днд орсон. Дн ороод тал шил архи уучхаад Д бид 2 хөөрөглөж байгаад хөөрөгнөөс болж маргасан. Тэгээд маргаж байгаад Энхчулууных руу явах болсон. Энхчулууныд Тогтох, Д бид нар очоод тэнд архи уучхаад хүмүүс ирлээ гэхээр нь гарч явцгаагаад Тогтохынд Д бид 3 очоод тэднийд архи уусан. Д бид 2 бас маргасан. Тэгээд бид 2 маргаад гадагш гарсан. Тэгээд гадаа гараад Д бид 2 ноцолдсон. Түүнээс өмнө Тогтохын гэрт байхад Д архи ууж байгаад маргаад миний зүүн чих рүү гараараа 1 удаа цохисон. тэгэхэд чихний дээрээс жаахан цус гарсан. Тэгээд гадаа гараад ноцолдож байхдаа дахин миний зүүн чих рүү Д цохисон чинь миний чихнээс цус гарсан. Тэгээд салаад цагдаа дуудаад эмнэлэг дээр очиж чихэндээ оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /08-10/

.Би 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дтай согтуу үедээ түүний гэрт маргалдаад Д намайг мөргөснийг би мэдэхгүй байгаа юм. Харин Тогтохынд очоод гадаа нь бид 2 хоёулхнаа байхад ноцолдож байгаад Д намайг газар унагаасан. Тэгэхэд миний зүүн чих урагдаж гэмтсэн. Тэгээд эмнэлэг дээр би чихээ оёулсан. Тэр үйл явдлыг би бас сайн санахгүй байгаа юм дутуу санаад байгаа юм. Би харин Тогтохын гэрт байхад намайг цохисон гэж бодсон чинь биш юм шиг байна лээ гадаа нь байхад намайг унагааж чих гэмтээсэн юм шигбайна лээ гэх мэдүүлэг / хх-ийн 49-50/,

4. Гэрч П.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тогтох, Д нартай хамт явсан залуугийн шанаа чих нь халцарсан юм шиг байсан. Тэгээд манайд байж байгаад гадаа гарч ноцолдсон орж ирээд чихнээс нь цус гоожсон байдалтай болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/

5. Гэрч Т.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тэр өдөр шинийн 3 байсан. Орой бүрэнхий болж байхад гаднаас Энхчулуун, Тогтох, Ганбаатар, Б нар Ганбаатарынд хүүхдийн даахины найранд байж байгаад ирлээ гээд согтуу дуу орж ирсэн. Тэгээд манайд золгоод ширээн дээр байсан жаахан архи уучхаад Б нь манай нөхөр рүү хөөрөглөж байхдаа баярхаад байсан. Тэгээд Д Б нар хоорондоо маргаад 2-уулаа босоод Б нь манай нөхөр Дг гараараа уруул руу нь цохисон. Тэгэхээр нь манай нөхөр зөрүүлээд дух руу нь мөргөсөн. Тэгээд маргаж байгаад болиод нөгөө ирсэн хүмүүс Дг айл руу дагуулж явцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 160 дугаартай шинжээчийн:

1 Б.Бын биед зүүн чихэнд шарх, зүүн хацарт зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.гэх дүгнэлт /хх-ийн 27-28/ болон хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.Дгийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 69-70 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс түүний ар гэр болон орлого олох боломжийг харгалзан торгох ялын доод хэмжээг оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Д нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Бын мэдүүлэг, гэрч П.Л, Т.Г нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 160 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Дг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Дд оногдуулсан ялыг түүний орлогын байдлыг харгалзан хоёр хувааж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Дд нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ийн ял шийтгэгдэж байгаагүй талаар лавлагаанд дурдсан бөгөөд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Дд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тунгалаг овогт Г.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тунгалаг овогт Г.Дг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Г.Дд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Дд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Г.Дд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ