| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00337/И |
| Дугаар | 212/МА2025/00061 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 212/МА2025/00061
З.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 302/ШШ2025/00575 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***************** тоотод оршин суух хаягтай Т овогт З.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****************багт оршин суух хаягтай Ш овогт Ж.Т-д холбогдох,
“Худалдаж авсан барааны үнэ 8,952,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, нэхэмжлэгч З.Н- /цахим сүлжээгээр/ нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй учраас хэрэгт цугларсан процессын нотлох баримтуудаар тогтоогдсон дараах нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцож, шийдвэрийг хүчингүй болгов.
2. Нэхэмжлэгч З.Н- нь хариуцагч Ж.Т-д холбогдуулж худалдах-худалдан авах гэрээний үнэ 8,952,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор бусадтай цахим сүлжээгээр харилцсан зурвас бичгийн хуулбар, өөрийн хувийн тэмдэглэлийн дэвтрийн ар өвөр бүхий 2 хуудас, прокурорын тогтоолын хуулбар зэргийг гаргаж өгсөн бол хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар ирүүлэхдээ “Д гэдэг хүн түүнээс мешок захиалан авч, данс руу нь мөнгийг шууд шилжүүлж байсан юм, тэр мешок гэж бичсэн зүйл нь тэр юм шиг байна” гэж тэмдэглээд, өөрийн банкны дансны хуулгыг хавсаргаж, “Досымбек гэдэг иргэнээс гэрчийн мэдүүлэг авч өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
4. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1665 дугаар шүүгчийн захирамжаар “Д-кийн гэрчийн мэдүүлэг энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хариуцагч Ж.Т-ы хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
5. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээнд тулгуурлаж явагдах ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх ба зохигч хүсэлт гаргаснаар шүүх гэрчийг дуудан ирүүлж, мэдүүлэг авч хэрэгт хавсаргана. Гэрчээс мэдүүлэг авахдаа талуудын оролцоог хангах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулах чухал нөхцөл болно.
6. Хариуцагч нь өөрийн хувийн дансны хуулгаа гарган өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон түүний гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтрийн хуудаст тусгагдсан бараа материалыг өөр хүн худалдаж авсан, энэ талаар нэхэмжлэгч эндүүрч тэмдэглэлдээ тусгасан байж болзошгүй гэж тодорхой тайлбарлан, энэ талаар гэрчээс мэдүүлэг авах замаар татгалзлаа нотлох тухай хүсэлтдээ тодорхой тусгасан байхад шүүх “гэрчийн мэдүүлэг ямар ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй” гэж нотолгооны хэрэгслийг урьдаас үнэлж дүгнэн, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөнөөс; хариуцагчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргах эрхийг хангаагүй, улмаар мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан байдал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтаар хүчингүй болгох үндэслэлд хамаарчээ.
7. Шүүх тухайн хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийг ердийн журмаар бус, харин илүү хялбар аргаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах аргыг хуулиар тогтоожээ. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 756 дугаар зүйлийн 756.1 дэх хэсэгт гэрч энэ хуулийн 43.3-т заасан эрх, үүргийг ойлгосны үндсэн дээр үнэн зөв мэдүүлснээ илэрхийлэн, нотариатаар гэрчлүүлсэн мэдүүлгийг шүүхэд ирүүлсэн нь хангалттай гэж шүүх үзвэл нотлох баримтаар үнэлж болно гэж, 756 дугаар зүйлийн 756.2 дахь хэсэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн тусламжтай гэрч, шүүгч, зохигч нэгэн зэрэг холбогдон авсан гэрчийн мэдүүлгийг хангалттай гэж шүүх үзвэл нотлох баримтаар үнэлж болно гэж хуульчилсан нь тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх зохицуулалт юм.
8. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтад “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтад “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж, 168.1.7 дахь заалтад “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад урьдчилсан байдлаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй.
Иймд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хуульд зааснаар түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 302/ШШ2025/00575 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч Ж.Т-ы “шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргахгүйг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК