Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 855

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Х.Нарангуа, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж овогт Б-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908028131085 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж овгийн Б-ийн Н, Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, эхнэр,  гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны хуучин эцэс, тойргийн орчим иргэн Ч.А-г“ араас сигналдлаа” гэж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ж-ийн Б-ийн Н нь 2019 оны 05 дугаарсарын 20-ны өдөрСонгинохайрхандүүргийн 7 дугаархороо, Баянхошууныхуучинэцэс, тойргийн орчим иргэн Ч.А-г“араас сигналдлаа ”гэж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь“ тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1.Шүүгдэгч Б.Н-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

            2.Хохирогч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 13 цаг 20 минутын орчим би өөрийн эзэмшлийн ... УНМ улсын дугаартай  Приус 20”маркийн машинаар Баянхошуу тойргийн орчим явж байтал ... УБЗ улсын дугаартай “Тоёота виш” маркийн машинтай залуу намайг нэгдүгээр эгнээнд явж байхад 2 дугаар эгнээнээс огцом дарж урдуур орж ирэхээр нь сигнал дарсан чинь тэр машины жолооч ...юун сүртэй пизда вэ... гэхээр нь би ...чи яаж яваад байгаа юм... гэхэд урд зогсоод бууж ирээд намайг жолооны ард сууж байтал онгорхой цонхоор миний шанааруу гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би машинаасаа буутал миний өмсөж явсан цамцны захаар боогоод зууралдахаар нь би биеэ хамгаалж тэр залуугийн цамцны захнаас зууралдсан.Зууралдаад байж байтал тэр залуу миний толгойруу гараагаа 1-2 удаацохисон. Намайг газар унасны дараа миний толгой, цээж, хөлрүү өшиглөж, дэвсэж, цохисон.

Тэр залуу ...чи сая миний 3 сая төгрөгийн үнэтэй гинжийг тасалчихлаа... гээд толгой, бие хэсэгрүү цохиод байсан. Тэнд байсан хүмүүс ...хүүе хүн аллаа боль... гээд салгасан. Хүмүүс салгасны дараа ...наашаа хүрээд ир, гудамжруу орьё... гээд миний нүцгэн хүзүүнээс атгаад нүүрэнд удаа дараа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас);

Хохирогч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагдаанд дахин өгсөн “...Н гэх залуу намайг зодсоны дараа машины баруун талын хаалгаар миний баруун хөлийг хавчиж хаалгаар савсаны улмаас миний баруун хөлний шагай орчим гэмтсэн. Надад эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг(хх-ийн 22 дугаар хуудас);

3.Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаарсарын 20-ны өдөр 13 цагийн орчим би зээ хүүхдээ 76 дугаар сургуульд хүргэж өгчихөөд Баянхошууны тойрог орчим явж байтал нэг залуу мөнгөлөг өнгөтэй приус машинтай залууг жолооны ард сууж байхад нь гараараа нүүррүүнь 2-3 удаа цохиж харагдсан. Тэгтэл нөгөө цохиулсан залуу машинаасаа бууж ирээд тэр залуутай зууралдаж бие биенээ заамдаад бие биенийхээ цамцыг урчихсан харагдсан. Урд зогссон залуу нь эхнэр хүүхэдтэйгээ явжбайх шиг харагдсан. Хүүхэд нь гээд нэг залуу байсан. Би тэр эхнэр хүүхэдтэйгээ явж байсан залууг ...чи битгий наадахаа зодоод бай... гэсэн чинь энэ мууг алсан ч яадаг юм гэж хэлсэн.Тэр хоёрыг харж байхад Приус машинтай залуугийн хамарнаас цус гарчихсан, цамц өмд нь урагдчихсан, нөгөө залуугийн ноолууран улбар шарөнгөтэй цамцны энгэр нь урагдсан амнаас нь цус гарчихсан байсан. Тэр хоёр залуу замын хөдөлгөөнөөс болж маргалдсан юм шиг байналээ...” гэсэн мэдүүлэг(хх-ийн27 дугаар хуудас);

4.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаарсарын 20-ны өдрийн 6218 дугаартай: “...Ч.А-ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 38 дугаар хуудас);

5.Шүүгдэгч Х.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 76дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар(хх-ийн 72-75 дугаархуудас), оршин суугаа газрын тодорхойлолт(хх-ийн 79 дүгээрхуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 80 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 81 дүгээр хуудас), Хаанбанкныдансныхуулга (хх-ийн 85-86дугаар хуудас);

6.Шүүгдэгч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "... 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянхошууны тойрог орчим урдаас хойш чигтэй Тоёотавиш” маркийн машинтай эхнэр хүүхэдтэйгээ явж байтал нэгдүгээр эгнээнд явж байсан Приус 20 машинтай залуу намайг ...яаж яваад байгаа пизда вэ, урдуур аа машин оруулаад байх юм ... гэж гэхээр нь урд машин эвдэрчихсэн байгаа биздээ гэсэн чинь сигналдаад байхаар нь би нэгдүгээр эгнээрүү машиных нь урдуур хөндлөн зогсож бууж очоод тэр залууг жолооны ард сууж байхад нь хэрэлдэж байгаад нүүр, толгойруу нь цохьсон. Тэр машины жолооч бууж ирэх гээд байхаар нь би хаалгыг нь түлхчихсэн чинь баруун хөлийгнь хавччихсан...” гэсэн мэдүүлэг(хх-ийн68-69 дүгээрхуудас)зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.А-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Н-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.А-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Н нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.Н-ыг“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.А нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн (хх-ийн 115 дугаар хуудас)байх тул шүүгдэгч Б.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бахүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргадаггүй бөгөөд хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа....Энэ гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл буюу зан харилцаа нь нөлөөлсөн, замын хөдөлгөөнтэй холбоотойгоор тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Миний үйлчлүүлэгч нь санхүүгийн хувьд боломжтой харагдаж байгаа хэдий ч эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгоногдуулж өгнө үү......” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ж овогт Б-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА