| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00034/И |
| Дугаар | 212/МА2025/00062 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 212/МА2025/00062
“Т- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 302/ШШ2025/00694 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ************ үйл ажиллагаа явуулдаг “Т- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ************** хэмээх газарт оршин суудаг Б овогт Н.М-д холбогдох,
“Үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийтдээ 5,234,926 төгрөг гаргуулах, төлбөрийг төлж чадахгүй бол баталгаат ипотекийн гэрээг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып /цахим сүлжээгээр/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т-, Ж.А- /цахим сүлжээгээр/ нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан учраас нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Т- ББСБ” ХХК нь хариуцагч Н.М-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор, үндсэн зээл 3,066,252 төгрөг, зээлийн хүү 1,788,062 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 357,612 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийтдээ 5,234,926 төгрөг гаргуулах, төлбөрийг төлж чадахгүй бол баталгаат ипотекийн гэрээг, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тухайн нэхэмжлэлийг зээлийн гэрээний үндсэн зээлдэгч хариуцна гэж маргаж, шүүхэд хариу тайлбар ирүүлжээ.
3. Тодруулбал, нэхэмжлэгчээс 2021 оны 5 сарын 17-ны өдөр үндсэн зээлдэгч Ш.О-, хамтран зээлдэгчээр Н.М- нар “Т- ББСБ” ХХК-тай 6,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 40 сарын хугацаатай, сарын 3.1 хувийн хүүтэй зээл авсан. Гэвч 2023 оны 2 сарын 06-ны өдрөөс хойш төлбөрөө хийхээ зогсоосон. Ш.О- гадаад улсад оршин сууж байгаа тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үндэслэн зээлийн үүргийг хамтран зээлдэгч Н.М-ээс бүхэлд нь гаргуулахыг нэхэмжилжээ. Харин хариуцагч Н.М нь нэхэмжлэлийн дээрх шаардлагыг эс зөвшөөрч, түүний хүү Ш.О- 2021 онд уг зээлийг авч, 2022 онд гэр бүлтэйгээ Казахстан Улсад ажиллахаар явсан бөгөөд одоог хүртэл буцаагүй, Н.М- нь зөвхөн хамтран зээлдэгчийн хувиар гарын үсэг зурсан, зээлийг Ш.О- өөрөө хэрэглэсэн учраас өөрөө төлөх ёстой, миний бие өрх толгойлсон, хөрөнгөгүй, тэтгэврийн зээлтэй тул “Т- ББСБ” ХХК-ийн 5,234,926 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүсэж шүүхэд хариу тайлбар ирүүлжээ.
4. Анхан шатны шүүх уг иргэний хэргийг хуульд заасан үндэслэлээр тусгайлсан журмаар хянан шийдвэрлэж, маргааны үйл баримтад Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн хариуцагч Н.М-ээс нийт 5,234,926 төгрөг гаргуулах, үүргийн биелэлтийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч Н.М-ийг зээл төлөх үүрэгтэй этгээд гэж үзэх үндэслэл байхгүй гэж дүгнэж, хэдийгээр тэр хамтран зээлдэгчийн хувиар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээний 4.2.15-д зааснаар үндсэн зээлдэгч нас барах, сураггүй болох, эрх зүйн чадамжгүй болох зэрэг нөхцөл үүссэн тохиолдолд л хамтран зээлдэгчийн хариуцах үүрэг бий болно, харин хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагчийн хүү Ш.О-ийн хувьд ийм нөхцөл байдал үүсээгүй, зээлдэгч зөвхөн гадаад улсад ажиллаж байгаа нь тогтоогдсон тул Н.М-д зээлийн үүргийг дангаар хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг тус тус нийцсэн хууль ёсны байх шаардлагыг хангасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан, хуулийн хүчин төгөлдөр бүхий зээлийн гэрээний 4.2.15 дахь заалтад үндэслэгдсэн учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байна. Энэ талаар нэхэмжлэгчийн “анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Талуудын хооронд 2021 оны 5 дугаар сарын 17-нд 6,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлийг Ш.О-ийн дансанд шилжүүлсэн, уг гэрээ хуульд нийцсэн бөгөөд талууд зээлийн хэмжээ, нөхцөлийн талаар маргаагүй, харин зээлдэгч Ш.О- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, хариуцагч Н.М- нь зээлийн мөнгийг өөрөө аваагүй, ашиглаагүй боловч хамтран зээлдэгчийн хувиар гэрээнд гарын үсэг зурсан нь тогтоогдсон, харин Ш.О- 2022 онд гэр бүлтэйгээ Казахстан улс руу явж, зээлээ төлөөгүй байгаа нь хэргийн үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий л нөхцөл байдал тогтоогдсон.
6. Харин талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний 4.2.15-д Иргэний хуульд заасан нөхцөл бий болсон, тухайлбал зээлдэгч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, сураггүй алга болсон тохиолдолд хамтран зээлдэгч нь тухайн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр болон холбогдох бусад зардлыг бүрэн хариуцахаар тухайлан зохицуулж, талууд харилцан тохиролцсон байх тул үндсэн зээлдэгч Ш.О-ийн хувьд гэрээнд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул хамтран зээлдэгч Н.М-ээс зээлийн төлбөрийг шаардах нөхцөл үүсээгүй, анхан шатны шүүхийн энэ талаарх хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
7.Анхан болон давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэр зээлдүүлэгч “Т- ББСБ” ХХК-ийн зээлдэгч Ш.О-т холбогдуулж зээлийн төлбөрийг шаардах, эсвэл дээрх гэрээнд заасан нөхцөл бий болсон буюу бүрдсэн тохиолдолд хамтран зээлдэгч Н.М-ээс дахин нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээний үүргийг шаардан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд тус тус саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлсан журмаар явуулахдаа ноцтой зөрчил гаргаагүй, Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
8. Давж заалдах гомдлыг хүлээж аваагүй тул нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 302/ШШ2025/00694 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т- ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргахгүйг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК