Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 856

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Ц.Гансүлд, хохирогч Б.Б, шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Л.Батаанарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Б-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02977 0953дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Х овогт Б-ын Л, Монгол улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Аптан-Овоогийн 13 дугаар гудамж *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар *****,эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны *** тоотод иргэн Б.Б-ийг “хүүхэд чинь салаавч гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар гараараа хоолойг нь боож, чулуугаар гар, шуу, нуруунд нь цохиж, зодон биед нь зүүн богтос, ясны далд хугарал, хүзүүний зулгаралт, нуруу, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Х овогт Б-ын нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны *** тоотод иргэн Б.Б-ийг “хүүхэд чинь салаавч гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар гараараа хоолойг нь боож, чулуугаар гар, шуу, нуруунд нь цохиж, зодон биед нь зүүн богтос, ясны далд хугарал, хүзүүний зулгаралт, нуруу, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1.Шүүгдэгч Б.Л-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

            2.Хохирогч Б.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Манай аав эмнэлэгт хэвтсэн, ээж нас бараад удаагүй байсан. Тухайн үед манай дүүгийн хүүхэд, миний 4 настай хүүхэд  нар хамт байсан. Л манай хашааны урдуур гарч байхад нь манай хүүхэд дунд хуруугаа гаргасан юм байна лээ. Л хашаа давуулаад том чулуу шидээд байсан. Би хаалгаараа толгойгоо гаргаад “болиочээ, машин байна шүү дээ” гэхэд “пизда минь чиний наад хүүхдүүд чинь салаавч гаргаж намайг хэл амаар доромжилж дооглоод байна” гээд орилсон. Тэгэхээр нь би “за за одоо яв гээд орилчихсон” юм. Би гэр лүүгээ буцаж ороод зурагт үзээд сууж байсан чинь хашааны хойд талын онгорхой хаалгаар хоёр том чулуу бариад орж ирсэн. Орж ирээд манай ээжийн бурхны гэр лүү явахаар нь би араас нь гүйгээд гарсан. Би “хаачих гэж байгаа юм” гэж асуухад “хүүхдийг чинь алах гэж байна” гээд 4 настай хүүхдийн араас том чулуу бариад хөөж байсан. Би “та одоо яв, гэр лүүгээ харьж унт” гэж хэлээд эргээд орох гээд явсан чинь Л араас “эхийгээ алсан муу янхан минь” гээд намайг ар нуруу руу том чулуугаар цохисон. Би гараараа хоёр чулуутай гарыг нь барьж авсан. Жижиг чулуутай гараараа гар тавиулаад намайг боосон. Би ухаан алдах гээд аргаа бараад хойд талынхаа айл руу тусламж гуйж орилсон. Би сүүлдээ футболкоо тайлаад лэвчиктэйгээ Л-тэй ноцолдсон...Хохиролд 300,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 539,990 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;

 

3.Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн уед хамар хашаанд амьдардаг Л гэх хөгшин өвгөн хашаа давуулж чулуу шидээд байхаар нь би очоод болиоч гэхэд танай хүүхэд чинь өөдөөс салаавч гаргаад байна гэсэн. 18 цагийн үед гэнэт гаднаас гартаа 2 том чулуу бариад манай илүү гэрлүү чиглээд явж байхаар нь явж очоод “юу болж байна” гэхэд “танай 4 настай хүүхэд миний өөдөөс салаавч гаргаад байна” гэхээр нь ингэж болохгүй гэж хэлэхэд миний нуруунд барьж байсан чулуугаараа цохиод авсан. Тэгэхээр нь 2 чулуутай гарыг нь бариад авахад жижиг чулуутай гараараа миний хоолойг боосон. Тэгээд чулуутай гараараа цохих гэхээр нь би зүүн гараараа эхлээд хаахад миний гарын шууг чулуутай гараараа цохисон. Нөгөө гараараа дахин хаахад мөн шуундгараараа ээлжлэн цохиод байхаар нь “амь авраарай" гэхэд хойд айлын гэх эмэгтэй ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-32 дугаар хуудас);

4.Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хамар хашааны хүүхэд болох Б-ийг хүүхдийг нь салаавч гаргалаа гэх шалтгаанаар чулуугаар гарыг нь цохиод хугалсан байсныг тэр өдөр нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг (8-9дүгээр хуудас);

5.Гэрч О.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр... хажуу хашаанд амьдардаг Л гэх өвгөн хашаанд согтуу орж ирээд шууд эмээгийн гэр лүү гартаа том чулуу бариад орох гэхээр нь хориглосон чинь эгчийн хоолойг нэг гараараа боож  нөгөө гартаа барьсан байсан том чулуугаар гар, нуруунд нь цохих үед хойшд хашааны эгч орж ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг(10-11дүгээр хуудас);

            6.Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад урд айлын охин намайг дуудсан. Юу болов гэхэд хойд айлын Л өвгөн эгчийг зодоод байна гэхээр нь яваад очиход Л өвгөн чулуу барьсан, урд айлын Б гэх эмэгтэйг зодсон байдалтай байсан. Б-ийн гарнаас нь цус гарсан байхаар нь болиоч гээд... цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-14 дүгээр хуудас);

            7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6652 дугаартай: “...Б.Б-ийн биед зүүн богтос, ясны далд хугарал, хүзүүний зулгаралт, нуруу, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр уүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогюох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 17дугаар хуудас);

            8.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 06 дугаар сарын 14- ний өдрийн 853 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын “...Б.Л нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Л нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнээс хойш өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодож чадаж байсан байна. Хэрэг хариуцах чадвартай байна. Б.Л нь өөртөө болон орчиндоо аюултэй эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 21-23-р хуудас);

9.Шүүгдэгч Б.Л-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 52 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 62 дугаар хуудас);

10.Шүүгдэгч Б.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байгаад архи уумаар санагдаад гэрт байсан архийг уусан. Урд айлын Б-ийн хүүхэд хашааны завсараар миний өөдөөс салаавч гаргаад байхаар нь би уур хүрээд хашааруу нь түүнийг зодох гэж ороод Б-тай маргалдаж байгаад гартаа барьсан байсан чулуугаар Б гараас зуурч байхаар нь тавиулах гээд 2-3 удаа цохисон санагдаж байна. Тэгээд цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-39 дүгээр хуудас)зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Л-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Б-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Л нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.Л-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын явцад нийт 839,990 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд 300,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 593,990 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Л-г хохирогч Б.Б-т 539,990 төгрөгийн төлбөртэй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй.Шүүгдэгч Б.Л-ээс 539,990 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгуулах саналтай байна...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “..Шүүгдэгч нь 79 хувийн группт байдаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруу дээр маргахгүй байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Тавхайн ясны хугаралтай хүнд 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь хүндэднэ гэж үзэж байна. Иймд шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг хамгийн бага хугацаагаар оногдуулж өгөхийг хүсэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхэд татгалзах зүйлгүй ...” гэв.

            Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрх олгосноор Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дугаартай тогтоолоор баталсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.5.1-д “хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан буюу 70-аас дээш хувиар алдсан” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд...оногдуулахгүй” гэж зааснаар шүүгдэгч Б.Л-д нийтэд тустай ажил хийлгэх ялоногдуулах талаар талуудын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун  тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн арван хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ээс 539,990 төгрөгийг арван хоёрсарын дотор гаргуулан хохирогч Б.Б-т олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховогт Б-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан торгох ялыг 12 (арван хоёр)сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Л торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ээс 539,990 төгрөгийг 12 (арван хоёр)сарын дотор гаргуулан хохирогч Б.Б-т олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Л-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА