Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01816

 

 

 

 

 

 

 

 

Ч.Х, О.Т- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/03573 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******, *******- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, *******хаягт байршилтай, ******* м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах ******* м.кв талбайтай, авто угаалгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 5,618,673 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******ын өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би өөрийн амьдарч байсан хажуу айлын газрыг худалдаж аваад угаалгын газар ажиллуулах зураг төсөл гаргасан. Уг газрын өмчлөгч *******тай 2019 оноос эхлэн ярилцаад газрыг нь худалдан авахаар санал тавьж 2021 онд худалдан авахаар болоход *******- би хамтарья, авто угаалгыг хажуу айлын газарт барья та байшингаа чөлөөлчих гэсэн. Үүнтэй холбоотой 20,000,000 төгрөгөөр хохирсон, бас барилгын ажил, усны мөнгийг төлүүлсэн. Мөн надаас болон миний хүү *******эс мөнгө зээлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл газрын өмчлөгчөөр намайг бүртгүүлэхгүй, өөр хүнээс мөнгө авч барилга барьчихаад зээлсэн мөнгө, манай хүнсний дэлгүүрээс зээлээр авсан хүнсний бүтээгдэхүүний төлбөрөө төлөхгүй байна. Иймд дээрх газрын өмчлөгчөөр тогтоолгох, зээлийн төлбөр 5,618,673 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түүнчлэн *******, *******- нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор *******- маргаан бүхий газрыг дангаар өмчлөх эрхтэй этгээд болж би *******-тай хамтран өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой болох тул тухайн гэрээг сонирхогч этгээдийн зүгээс хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардаж байна гэжээ.

 

2.Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлд хариуцагч *******-гийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Би *******гаас 5,618,673 төгрөгийг зээлээгүй. Мөн би *******д ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягтай, ******* м.кв талбайтай газрыг 2021.09.17-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр бэлэглэсэн бөгөөд өөрийн газрыг хэнд бэлэглэх нь өмчлөгчийн эрх юм. ******* энхүү газар болон надтай хамааралгүй байж өөрийгөө өмчлөгчөөр тогтоолгож, мөн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягтай, ******* м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, мөн хаягтай ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 64 хувийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******- нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн хүрээнд эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлд хариуцагч *******-гийн тайлбар, татгалзлын агуулга: Дээрх ******* м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******тай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн хүрээнд эвлэрсэн тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байх ******* м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын шударга өмчлөгчөөр тогтоолгох, 5,618,673 төгрөг гаргуулах, *******-, ******* нарын хооронд 2021.09.17-ны өдөр байгуулагдсан ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байх ******* м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өөрт ногдох хэсгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч *******- нар эвлэрэн хэлэлцэж, хариуцагч *******- үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягтай, нэгж талбарын *******, улсын бүртгэлийн ******* дугаартай ******* м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, газрын өмчлөх эрхээс татгалзан, *******д газрын өмчлөх эрх шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг саадгүй гарган өгч, *******ыг Газар, зохион байгуулалтын албанд хандах нөхцөлийг бүрдүүлэх, ******* дүүргийн *******хороо, ******* гудамж, ******* тоот хаягтай, ******* м.кв талбайтай, авто угаалга, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлээс татгалзан, *******д үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг саадгүй гарган өгч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандах нөхцөлийг бүрдүүлэх, гэрээг шүүхээр баталгаажуулснаас хойш ******* 200,000,000 төгрөгийг бэлэн болгох үйлдлийг нэгэн зэрэг хийх, цаашид газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн талаар аливаа этгээдтэй эрх зүйн зөрчил, маргаантай асуудал гарвал дангаар хариуцан үр дагаврыг *******аас ангид байлгаж, үүссэн эрсдлийг өөрийн хөрөнгөөр бүрэн төлж барагдуулах, нэхэмжлэгч ******* эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор *******-д 200,000,000 төгрөгийг *******-гийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансанд шилжүүлэх, 35,000,000 төгрөгт тооцон улсын дугаар аваагүй /гаалийн бичигтэй/ Toyota Prius-50 маркийн автомашиныг гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор *******-д шилжүүлэн өгөхөөр, хэрэв уг автомашиныг шилжүүлэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүсвэл 2025 онд багтаан 35,000,000 төгрөгийг *******-гийн дансанд шилжүүлэхээр, эвлэрлийн гэрээг байгуулж, шүүхээр баталгаажуулснаар *******-д холбогдуулан эрүүгийн журмаар гаргасан гомдлыг татан авах, гомдолгүй талаар цагдаад мэдэгдэхээр, газар, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авснаас хойш эрх үүргийг дангаар хэрэгжүүлэхээр байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулах, гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд гомдол гаргахгүй байхаар тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гийн төлсөн 349,999 төгрөгийг, нэхэмжлэгч *******ын төлсөн 1,268,150 төгрөгийг, хариуцагч *******-гийн төлсөн 1,546,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч *******-гаас 634,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, *******-д холбогдох ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягттай, ******* м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон дээрх хаягт байх ******* м.кв талбайтай, авто угаалгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдлын агуулга: Маргаан бүхий хаягт орших газрыг анх худалдан авахад *******-, ******* нар хамтран ажиллахаар амаар тохиролцож өмчлөгч *******аас худалдан авахаар тохиролцож, худалдах худалдан авах гэрээг *******- өөрийн нэрээр хийсэн бөгөөд газрын төлбөрийг өмчлөгч *******т ******* нь 30,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны данснаас шүлжүүлсэн баримт хэрэгт авагдсан нь дансны хуулгаар баримтаар нотлогдоно. Мөн *******-, ******* нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ нь илтэд хүчин төгөлдөр бус гэрээ болох нь хэргийн баримтаар нотлогдоно. Тиймээс өмчлөх эрхтэй газрын худалдах худалдан авах гэрээний төлбөрийг ******* төлсөнд *******- маргахгүй талаар анхан шатны шүүх хуралд тайлбарласан. Эдгээр баримтуудыг анхан шатны шүүх үнэлээгүй, газрын шударга өмчлөгчөөр тогтоогоогүй нь хуульд нийцэхгүй байна.

*******-, ******* нар газрын ногдох хэсэгт бэлэглэлийн гэрээ байгуулснаар тухай газарт барилга барьж, үл хөдлөх эд хөрөнгийн 50, 50 хувийн эзэмшигч болно гэсэн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус юм.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний зүгээс *******-, ******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээтэй танилцья гэсэн. Учир нь анхан шатны шүүх хурлын өмнө талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. Мөн өмгөөлүүлэх эрхээ эдлэх тухай хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргахад урьд нь *******г өмгөөлөгч авах эрхээр хангаж байсан, өмгөөлөгч авах хугацаа хангалттай байсан гээд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т "хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх шүүх хуралдаанд оролцох гэж заасныг зөрчсөн.

Шүүх зөвхөн нэхэмжлэгч ******* хариуцагч *******- нарын эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд онцгойлон анхаарч, хэт нэг талыг барьж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг ялгавартай үзэж, хэргийн оролцогч нарын эрх, үүргийг харилцан адилгүй, тэгш хангаагүй. Хэргийн баримтыг үнэлээгүй, дансны хуулгын буцаалт, газрын төлбөр гэх утгыг бүхэлд нь газрын төлбөр гэж буруу тогтоосон. *******-, ******* нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, бэлэглэлийн гэрээний уялдаа холбоо нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байхад түүнийг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн юм.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: ******* болон *******- нарын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг шаардлагыг анхнаасаа эс зөвшөөрч маргасан. Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан. Маргаан бүхий объектод хөрөнгийн үнийг 50 хувиар гаргасан. 2021 оны 08 дугаар сард тухайн газрыг хариуцагчийн зүгээс бусад эздээс нь худалдан авах үед нэхэмжлэгч ******* нь Монгол улсад байгаагүй. 2021 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч ******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хамтран ажиллах хүсэл зоригийнхоо хүрээнд бэлэглэлийн гэрээг байгуулж нэр дээрээ шилжүүлсэн. Анхнаасаа өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгээгүй. Талуудын хүсэл зоригийн дагуу хамтран өмчлөлд шилжүүлсэн. Бичгээр байгуулсан гэрээ хэлцэл байхгүй. Дансны хуулгыг үндэслэн газрын эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргадаг. Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд *******аас хариуцагчид өгсөн мөнгийг буцаагаад хариуцагч нь нэхэмжлэгч *******д газрын төлбөр буцаалт гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлж тухайн зээлийн харилцаа дуусгавар болсон болох нь бүрэн тогтоогдсон. Бичгийн нотлох баримт байхгүй байхад өмчлөгчөөр тогтоолгох тухай үндэслэлгүй тайлбарыг гаргадаг. Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа оролцож байсан. Хэргийн материалтай танилцах боломжгүй. Мөн нэхэмжлэгч ******* нь өмгөөлөгч авах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа өмгөөлөгч авах боломжгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарладаггүй. Талууд эвлэрэх талаар 6 сарын хугацаанд ярилцсан. Нэхэмжлэгч 2022 оны 03 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үнийн дүнгийн хэмжээнд тохиролцож эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэжээ.

 

8.Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: *******, *******- нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэгч ******* нь хуульд заасан шаардлага гаргах эрхгүй. Тухайн газартай холбоотойгоор нэхэмжлэгч ******* нь өмнө нь маргаж байгаагүй. 5,000,000 гаруй төгрөгийн нэхэмжлэлийг өөр шүүхэд гаргасан. Тухайн шаардлага нь уг хэрэгт нэгтгэгдсэн. 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт байхгүй учраас анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Уг хэрэг маргаан нь 3 жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах эрх нь нээлттэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-д холбогдуулан нэгж талбарын ******* дугаар бүхий ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт орших ******* м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч, мөн хаягт орших ******* м.кв талбайтай, авто угаалга, үйлчилгээний зориулалттай барилгын 64 хувийн өмчлөгч болохыг тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн шаардаж буй дээрх барилгын өөрт ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. Хожим талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар эвлэрэн хэлэлцжээ.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-д холбогдуулан дээрх ******* м.кв талбайтай газрын өмчлөх эрхийн 50 хувийг *******д бэлэглэхээр *******-, ******* нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, уг газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 5,618,673 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, газрын хувьд өөрийн өмчлөлийн газраа шилжүүлсэн, зээлсэн мөнгөө буцаан төлсөн бөгөөд энэ 5,618,673 төгрөгийг надад зээлдүүлсэн нь нотлогдохгүй байна гэж тайлбарлан маргажээ.

 

3.Хариуцагч *******-д холбогдуулан нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийг шүүх 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийг шүүх 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус тус иргэний хэрэг үүсгэсэн. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 15764 дугаартай захирамжаар *******ын нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэрэгт, *******гийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэргийг нэгтгэжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар *******, *******- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******-д холбогдох нэг иргэний хэрэг гэж үзэх тул энэхүү иргэний хэргийг нэгтгэсэн хэрэг гэж тухайлан дурдах шаардлагагүй.

 

4.Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

4.1.Хариуцагч *******- нь зохигчийн маргаж буй ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт орших ******* м.кв талбайтай газрыг иргэн *******, *******, ******* нараас худалдан авахаар 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр уг газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгджээ. Нэхэмжлэгч ******* 2021 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 3 удаа ******* гэсэн гүйлгээний утгаар нийт 30,000,000 төгрөгийг иргэн *******т шилжүүлсэн. Хариуцагчаас 2021 оны 09 дүгээр сарын 08, 22-ны өдрүүдэд *******гийн Хаан банкин дахь ******* тоот дансанд 20,000,000 төгрөгийг буцаалт *******, ******* гэсэн утгаар мөн 16-ны өдөр ******* тоот дансанд 2,500,000 төгрөгийг наса буцаалт гэсэн утгаар тус тус шилжүүлжээ. Эдгээр мөнгөн гүйлгээ хийгдсэн тухайд *******, *******- нар маргаагүй байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан ба нэхэмжлэгч *******гийн хувьд дээрх газрыг хариуцагч *******-тай хамтран худалдан авч, улмаар хамтран өмчлөхөөр тохиролцсон бол энэ байдлаа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчээс иргэн *******т 30,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримтын эсрэг хариуцагчийн зүгээс 22,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн баримтыг шүүхэд гаргасан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэжээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь маргаж буй ******* м.кв талбайтай газрыг хамтран худалдаж авахаар хариуцагчтай хэлэлцэн тохиролцсон болон 30,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно зааснаар хариуцагч *******-гийн нэрийн өмнөөс гүйцэтгээгүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд нотлоогүй байна.

Нэхэмжлэгч ******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт орших ******* м.кв талбайтай газрыг хариуцагч *******-тай хамтран худалдаж авахаар хэлэлцэн тохиролцож байсан нь хэргийн баримт, зохигчийн тайлбараар нотлогдоогүй байна. Иймээс маргаж буй газрыг хамтран худалдаж авахаар талууд анхнаасаа хүсэл зориг нэгдсэн байсан гэх нөхцөл тогтоогдоогүй байх тул дээрх газрыг өмчлөх эрх Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчид үүсэхгүйг анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн тул энэ тухай гомдлыг хангахгүй.

4.2.Мөн нэхэмжлэгч нь дээрх 30,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг үндэслэн хариуцагч нь хамтран худалдаж авахаар тохиролцсон газрын 50 хувийг нэхэмжлэгч *******д бэлэглэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгох, уг хэлцлийг хүчингүй болгосноор *******гийн хувьд газраа хамтран өмчлөх эрх сэргэнэ гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болох ч нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх байтал бэлэглэлийн гэрээ хийсэн ... өөр хэлцлийг халхавчлах зорилгоор... хамтран өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хүчингүйд тооцуулахыг шаардаж байгаа гэсэн тайлбар нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх агуулгад нийцэхгүй байна.

Учир нь *******, *******- нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн бэлэглэлийн гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч *******гаас 30,000,000 төгрөгийг *******т шилжүүлсэн нь түүний газар хамтран өмчлөх эрхийг нотлохгүйг өмнө дүгнэсэн тул энэ талаархи давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд мөн хуулийн 58-60 зугаар зүйлд заасан агуулгаар маргалдаж болохуйц хэлцэл хамаарна. Нэхэмжлэгч энэ үндэслэлээр маргаагүй учир мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалт энэхүү маргаанд хамааралгүйг анхан шатны шүүх анхаарахгүйгээр Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалтыг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт баримталсныг хассан болон мөн энэ хэсгийн найруулгыг өөрчилсөн өөрчлөлт оруулна.

4.3.Хариуцагч 5,618,673 төгрөгийг нэхэмжлэгч *******гаас зээлсэн, зээлийг буцаан төлөөгүй гэсэн агуулгаар нэхэмжлэгч үндэслэлээ тодорхойлж, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хариуцагчид шилжүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэн шаарджээ. Уг төлбөрийн гүйлгээний нийт дүн 8,300,000 орчим төгрөг байх ба мөнгөн гүйлгээний утга нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнийг илэрхийлэхгүйг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоогүй, мөн шүүх хуралдаанд уг мөнгөн гүйлгээний дүнгийн задаргаа, зээлийн агуулгад нийцэх байдлыг тодорхой тайлбарлаж чадаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Энэ үндэслэлээр зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй буюу нэхэмжлэгч уг мөнгийг зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгаар шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

4.4.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэгч *******гийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн тухай гомдлыг хангахгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасныг шүүх хангаагүй ба шүүх хуралдаанаас өмнө эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж дүгнэснийг буруутгахгүй.

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 08 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан уг хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхнаасаа оролцсон, мөн нэхэмжлэгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох үедээ хууль зүйн туслалцаа авах хүслэт гаргаж байснаас хойш 18 сарын хугацаанд уул эрхээ хэрэгжүүлээгүй байна. Мөн зохигч эвлэрсэн үндэслэлээр энэхүү эрхээ хэрэгжүүлэх шаардлага үүссэн гэж тайлбарласан нь хүндэтгэх шалтгаан болохгүй буюу *******ын нэхэмжлэлтэй *******-д холбогдох үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэгтгэн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь нэхэмжлэгч ******* тул энэ талаархи шаардлага, үйл баримтыг мэдээгүй байсан гэж үзэхгүй. Энэ агуулгаар анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй тул гомдлыг хангахгүй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заажээ.

Нэхэмжлэгч *******аас хариуцагч *******-д холбогдуулан гаргасан болон хариуцагчаас нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн хүрээнд зохигч эвлэрч 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлснийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үед баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт орших ******* м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч *******, хариуцагч *******- нарын эвлэрэл нь нэхэмжлэгч *******гийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэх үндэслэл болно. Мөн зохигчийн эвлэрэл хуульд харшилсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасан эрхийн дагуу эвлэрэн хэлэлцжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч *******- нарын эвлэрлийг баталж шийдвэрлэхдээ эвлэрлийн гэрээний заалт бүрийг шийдвэрийн тогтоох хэсэгт тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь эвлэрлийн гэрээний 2.2.1-т зааснаар 200,000,000 төгрөгийг, мөн 2.2.2-т зааснаар 35,000,000 төгрөгт тооцон Toyota Prius-50 маркийн тээврийн хэрэгсэл өгөх, тээврийн хэрэгсэл өгөөгүй бол 2025 онд багтаан 35,000,000 төгрөг өгөхөөр тус тус заажээ. Энэ талаар нэхэмжлэгч *******, хариуцагч *******- нарын төлөөлөгч, өмгөөлөгч нар нийт 200,000,000 төгрөг ба энэ дүнд 35,000,000 төгрөг багтсан, 35,000,000 төгрөгт автомашин өгөхөөр тохиролцсон гэсэн агуулгатай тайлбарыг давж заладах шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Иймээс нэхэмжлэгч *******аас хариуцагч *******-д нийт 200,000,000 төгрөгийг төлөх нөхцөлөөр эвлэрсэн гэж дүгнэнэ.

Шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч *******, хариуцагч *******- нарын эвлэрлийн гэрээний агуулгыг тусгах тул шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын агуулга, найруулгыг давж заалдах шатны шүүхээс өөрчилнө.

 

6.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 4 дэх заалтад хууль хэрэглээний болон агуулга, найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/03573 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдуулан *******, *******- нарын хооронд 2021 оны 09 сарын 17-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт орших ******* м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, 5,618,673 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч *******- нар эвлэрч;

хариуцагч *******- нь ******* дүүргийн ******* хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт орших нэгж талбарын *******, улсын бүртгэлийн ******* дугаартай ******* м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт орших ******* м.кв талбайтай, авто угаалга, үйлчилгээний зориулалттай барилгыг нэхэмжлэгч *******ын өмчлөлд шилжүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гарган өгөх, мөн цаашид үл хөдлөх эд хөрөнгө /газар, барилга/-тэй холбоотой зөрчил, маргаан гарвал дангаар эрсдлийг өөрийн хөрөнгөөр, дангаар хариуцан арилгах,

нэхэмжлэгч ******* нь эвлэрлийн гэрээг шүүх баталснаас хойш 30 хоногийн дотор 200,000,000 төгрөг (энэ дүнд: гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор 35,000,000 төгрөгт тооцон улсын дугаар аваагүй /гаалийн бичигтэй/ Toyota Prius-50 маркийн автомашиныг *******- /автомашиныг шилжүүлээгүй бол 2025 онд багтаан 35,000,000 төгрөг өгөх/-д шилжүүлэн өгөх)-ийг *******-гийн Хаан банк ХХК дахь ******* тоот дансанд шилжүүлэх, мөн *******-д холбогдуулан цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө /гомдолгүй тухай илэрхийлж/ татан авах нөхцөлөөр тус тус харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, нэхэмжлэгч *******, хариуцагч *******- нарт холбогдох үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар магадлалд нэхэмжлэгч *******, хариуцагч *******- нар хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,050 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Э.ЭНЭБИШ