Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 869

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа, улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/, шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овогт Т-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 00782 0738 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Т-ийн М, Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл тав, нөхөр, гурван хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Алтантээл 1 дүгээр гудамж, 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ус сувгийн *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.М нь 2018 оны 09 дүгээр сарын 12-13 нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорроны нутаг дэвсгэр “Энхжин” худалдааны төвийн урд талын зам дээр 12-45 УБЗ улсын дугаартай “Хино” маркийн автомашинаас арматур төмрийг кранаар буулгах үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 21.1 /хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомж хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал ажил олгогч шууд хариуцна, 28 дугаар зүйлийн 28.1.16 /энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй эрүүл ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй/-д заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас Д.Б машинаас унаж, хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч С овогт Т-ийн М нь 2018 оны 09 дүгээр сарын 12-13 нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорроны нутаг дэвсгэр “Энхжин” худалдааны төвийн урд талын зам дээр 12-45 УБЗ улсын дугаартай “Хино” маркийн автомашинаас арматур төмрийг кранаар буулгах үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 21.1 /хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомж хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал ажил олгогч шууд хариуцна, 28 дугаар зүйлийн 28.1.16 /энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй эрүүл ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй/-д заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас Д.Б машинаас унаж, хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1.Шүүгдэгч Т.М-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

            2.Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ... орой 21 цагийн үед арматурын төмөр ачсан 2 машин Энхжин худалдааны төвийн урд талд байх манай төмөр авдаг цэгт ирсэн. Тэр төмрийг өргөх Зил 130 маркийн машин ирээд буулгахаас татгалзаад явсан. Учир нь дээд талдаа гэрлийн утастай, зам дээрээс буулгаж болохгүй гээд явсан. Сүүлд нь Майти маркийн кран замын гадна талын хашлагаас буулгаж эхэлсэн. Би дээрээс буюу Шланз маркийн машиндээр байх 12 метр урттай арматурын төмрийг хоёр талаас нь оосорлож өргөгч кранд ачуулж байсан. Ингээд ачуулсаар байгаад 8 боодол төмөр ачуулаад 9 дэх төмрийг ачуулж өргөгч кран төмрийг өргөөд байж байтал 2 дугаар эгнээнээс ачааны том машин зөрж өнгөрч таараад арматурын төмрийн нэг талыг өнцгийг шүргээд төмөр эргээд над руу ороод ирэхэд нь би газарт унасан.

            ... 12 метр урттай арматурын төмөр буулгахдаа 2 талын захаасаа 2 метрийн зайтай оосорлож өргөхөд түшиж байхгүй бол унжаад байдаг тул төмрийн нэг талын үзүүрээс түшээд кран дээш өргөж байтал ойртож ирж байсан машин хажуугаар гарахдаа машин дээр хөндлөн болоод өргөгдсөн төмрийн үзүүр хэсгийг толгой хэсгээрээ шүргээд гараараа түшсэн байсан намайг түлхээд би газарт унасан...зам дээр ямар нэгэн хаалт байрлуулаагүй, мөн ар талд аюулгүй ажиллагааг хангаж байсан хүн ч гэсэн байгаагүй....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19, 21 дүгээр хуудас);

            3.Гэрч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... төмөр буулгаж байхад нь яг ард талд байх шаланз машинд Хурц гэдэг арын шаланз машины жолоочтой хамт хоол идэж байсан юм. Тэгээд Хурцтай юм яриад сууж байтал хүмүүс “хүүе” гээд дуугарсан. Харсан чинь машины баруун талд хүн унаад, ойр хавьд байсан хүмүүс очиж байгаа харагдсан. Би машинаас буугаад очтол ачигч залуу газарт хувцас нь шороо болсон хэвтэж байсан, удалгүй эмнэлгийн машин ирээд тэр хүнийг аваад явсан...миний автомашины ар талд ямар нэгэн зүйл тавиагүй, кранд дохиочин гэж хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг(хх-ийн 40 дүгээр хуудас);

            4.Гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надтай цуг ачигч хийдэг Б-ийн унаж гэмтсэн өдрийн талаар ярихад: Тухайн орой бид Шаланз маркийн машин дээрээс кранаар арматурын төмөр буулгаж байсан. Би машины хойд талд, Б машины урд талд байрлаад, кран машины сумнаас унжсан тросны 2 үзүүрийг арматурын төмөрт бэхэлж өгөөд буулгаж байсан. Нилээн хэдийг буулгаад, краны буулгаж байгаа мөрийг газарт цэгцэлж тавих гэж байтал тэнд байсан хүмүүс Б-ийг уначихлаа гэсэн. Түүнийг ямар нэгэн мөргөх чимээ надад сонсогдоогүй. Тэгээд түүн дээр очоод юу болсон тухай асуухад “уначихлаа” гэж хэлж байсан, түүний бие нь тааруухан байх шиг байсан. Удалгүй 103-н машин ирээд Батдоржийг аваад явсан, дараа нь цагдаа нар ирээд хэргийн газарт үзлэг хийсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45 дугаар хуудас);

            5.Гэрч Ж.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед би машинтайгаа “Хөсөг трейд” ХХК-ийн зүүн талд зогсож байтал Приус 30 маркийн машинтай хоёр эмэгтэй ирээд “Хөсөг трейд” ХХК-ийн хашаанаас 60-аад тонн арматур хоёр машинд хувааж ачаад 10 буудлын тэнд нэг хашаанд буулгах талаар гэсэн. Тэгээд нэг машин 250000 төгрөгөөр арматур ачихаар тохирч А бид хоёрарматур ачихаар болсон. Бид “Хөсөг трейд”-н хойно төмөр зардаг хашаа руу ороод машин тус бүр дээр боодолтой 12 метрийн урттай арматур ачсан. Арматур ачиж дуусчихаад явах гэтэл арматур авсан хүмүүс нь мөнгөө данс руу хийгээгүй байна гээд бид хоёрыг байлгаж байгаад орой 22 цагийн үед тэр хашаанаас гараад явсан. Миний урд А явж байсан ба би араас нь дагаад 10 буудлын Энхжин худалдааны төв өнгөрөөд зүүнээс баруун тийш чиглэлтэй замаар явж байгаад би автобусны буудалдээр зогсоод А миний урд автобусны буудал өнгөрөөд 1 дүгээр эгнээнд зогссон. Тэгтэл тэр төмрийг ачуулсан эмэгтэй төмөр буулгах хашаа бүтсэнгүй, замын хойд талд хашааны гадны зам дагуу арматурын төмрийг буулгана гэсэн. Тэгээд эхлээд нэг том кран ирээд буулгаж байснаа үнээ тохироогүй бололтой явчихсан. Дараа тэр эмэгтэй жижиг кран олж ирээд замын хойд тал руу гаргаад машин дээрээс кранаар буулгах болсон. Би тухайн үед тэр эмэгтэйд “наад кран чинь дийлэхгүй шүү” гэтэл эмэгтэй “зүгээрээ урьд нь буулгаж байсан” гээд эхлээд А-ын машин дээрээс арматурыг буулгаж эхэлсэн. А-ын машины ачаан дээр 2 хүн гарчихсан краны дэгээнд арматурыг хоёр талаас нь оосорлож өгч байсан. Гадаа нэлээн хүйтэн сэрүүхэн байсан ба А бид хоёр машинд суугаад хоол халаагаад идэж байтал машины ачаан дээрээс хүн уначихлаа гээд А машинаас буугаад явсан. Би машин дотор сууж байгаад А-ын хойноос яваад очтол нэг залуу машины ачаан дээрээс унасан гээд зогсож байсан ба төмөр буулгуулж байсан Приус 30 маркийн машинтай эмэгтэй ирсэн байсан. Тэр эмэгтэй машиндаа суулгаад явах гэж байтал түргэн тусламж ирээд тэр залууг аваад явсны дараа цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46 дугаар хуудас);

            6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11425 дугаартай “...Д.Б-ийн биед сээрний 7-р нугаламын шахагдсан хугарал, баруун 7-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун зүүн уушигны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” шинжээчийн дүгнэлт (хх-ийн 25 дугаар хуудас);

            7.Шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн СН2019/03 дугаартай: “...Ажил олгогч Т.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.16 /энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй эрүүл ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй/-д заасны энэ үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал ажил олгогч шууд хариуцна гэж заасны дагуу ажил олгогч Т.М нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 62 дугаар хуудас);

8.Шүүгдэгч Т.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 95 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 89 дүгээр хуудас);

            9.Шүүгдэгч Т.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би хувиараа түүхий эд буюу төмөр авдаг байсан юм. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүнээс арматур төмөр худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд би өөрийн таньдаг краныг авчраад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхжин худалдааны төвийн баруун талд замын хажууд ачааны машинаас буулгасан. Тухайн үед манайд хувиараа ажилладаг байсан Б, У хоёр ачааны машин дээрээс арматур төмрийг оосорлож буулгаж байсан. Би хажуу талын байранд сууж байтал “Б уначихлаа” гээд дуудахаар нь гарсан чинь Б краны хажууд газар хэвтүүлсэн байсан төмөр хашлаган дээр унасан байсан.Тэгээд очиж босгож түргэн дуудаад гэмтлийн эмнэлэг явсан. Тэгээд буцаад ирсэн чинь цагдаа нар ирсэн юу болсон талаар тодруулахад нэгдүгээр эгнээгээр ачааны машин зөрөхдөө өргөж байсан арматур төмрийг шүргэж Б унасан гэсэн. Хохирогчид амаараа анхааруулж хэлсэн. Өөр ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд хууль дүрэм сайн мэдэхгүй учраас өөрийнхөө хувьд анхааруулчихлаа гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 80 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах”гэдэгт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.М-ийн үйлдэл дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Т.М-ын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Т.М нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.М-ийгХүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийгүйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.М нь хохирогч Т.Б-д 3,000,000 төгрөг төлсөн талаарх баримт мөрдөн байцаалтын шатанд авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэгдэл сануулах ял хэрэглэхгүйгээр 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: “...Би торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулж чадна. Миний сарын орлого 1,000,000-1,500,000 төгрөг байдаг...” гэв.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнгөнтуулддолоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон хэмээн дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С овогт Т-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн тусгай 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Т.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                               

 

                                    ДАРГАЛАГЧ                                         Б.БАТАА