Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01817

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/03005 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний зарим хэсгээс татгалзаж, тавилгын үнэ 5,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 22,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2021 оны 06 сард *******тай 6 ханатай бүрэн сийлбэртэй гэр, 2 ширхэг сийлбэртэй ор, 2 ширхэг сийлбэртэй авдар, 6 ширхэг сийлбэртэй сандал, 1 ширхэг сийлбэртэй ширээ, гал тогооны иргэнэгийг 2 сарын хугацаанд хийж өгөх, ******* тохиролцсон үнэ 14,000,000 төгрөгт Киа Бонго маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгөхөөр тохиролцож, уг тээврийн хэрэгслийг өгсөн. ******* нь 2 ширхэг авдар, 1 ширхэг ширээ, 6 ханатай энгийн гэрийг *******т өгсөн. 2021 оноос хойш 2 ширхэг ор, гал тогооны иргэнэг, 6 ширхэг сандал зэргийг дутуу өгч үүргээ бүрэн биелүүлэхгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд *******тай байгуулсан гэрээний зарим хэсгээс татгалзаж, 2 ширхэг ор, гал тогооны иргэнэг, 6 ширхэг сандалны үнэд нийт 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би *******тай 2021 оны 6 сард сийлбэртэй 6 ханатай гэр болон бусад зүйлийг хийж өгөх, ******* ажлын хөлсийг тухайн үеийн зах зээлийн үнээр бодож хөлс төлөхөөр тохиролцсон. *******т гэр хийж өгсөн ч төлбөрийг авч чадахгүй 3 жил 8 сар гаруй болж байна. Энэ хугацаанд ******* нь 2021 оноос хойш эвдэрхий Киа Бонго маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ *******аар засвар хийлгээд, буцаагаад авсан. Иймд шүүгчийн захирамжаар томилогдсон үнэлгээний тайлан бусад баримтыг үндэслэн 22,000,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан 5,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******аас 3,193,500 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 18,806,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 94,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 269,150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 66,046 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Гэрээний зарим хэсгээс татгалзаж, тавилгын үнэ 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажлын хөлс 18,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлж 14,000,000 төгрөгийг төлөөгүй гээд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.221.2-т зааснаар талуудын хороонд байгуулсан гэрээ нь гүйцэтгээгүй үүргийн хүрээнд цуцлагдсаныг тогтоогдсон гэжээ. Талуудын хооронд 2021 оны 06 сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаны дагуу ******* нь 4,000,000 төгрөгийг *******д шилжүүлж, мөн Киа Бонго маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн гэрээний үүргээ биелүүлсэн. Харин ******* нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ дутуу биелүүлснээс Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийг шилжүүлж өгч чадаагүй нь *******ыг буруутах үндэслэл болохгүй. ******* Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг 2 жил хэрэглэсний дараа ашиглах боломжгүй болгоод авчирч өгснийг *******ын зүгээс удаа дараа энэ тээврийн хэрэгслийн өмчлөх эрх тээврийн хэрэгслээ авч явахыг *******д мэдэгдэж байсан.

Гэрээний үүрэг 18,000,000 төгрөгийг биелүүлсэн нь *******ын Гэр тавилга сийлбэр гэх пейж хуудаснаас *******ын ******* гэж фейсбүүк хаягтай харилцсан, мөн *******ын эхнэр *******ийн Хаан банкны ******* дугаартай дансанд 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Гэр захиалга гэж 3,500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Бонго кроп гэж 280,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дугуй бонго гэж 350,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Бүрээс үлдэгдэл гэж 1,350,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******* бүрээс эсгий төлбөр гэж 3,500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Бензин гэж 50,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Эсгий гэж 360,000 төгрөг, нийт 9,390,000 төгрөгийг шилжүүлснээр нотлогдоно.

2. Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тухайд:

******* гэрээний үүргээ биелүүлээгүй, тээврийн хэрэгслийг 2 жил унаад эвдэрсэн хойно нь буцааж өгсөн нь ******* гэрийн үнийг бүрэн төлснийг нотлох тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Үүнд: 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр *******д хандан Киа Бонго маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэн авахыг мэдэгдсэн, мөн гэрчийн мэдүүлгээр "тээврийн хэрэгслийг *******д хүлээлгэж өгсөн, энэ үед тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байгаагүй, ******* засварын газар очиж үзүүлээд оношилгоо хийлгээд хүлээж авч байсныг гэрчилснээр нотлогдоно. Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийн өмчлөл, эзэмшлийг хариуцагч *******ын гарын үсэггүйгээр шилжүүлэн өгөх боломжгүй, тээврийн хэрэгслийн өмчлөл шилжээгүй нь нэхэмжлэгчийн биш хариуцагчийн буруугаас болсон тул 18,000,000 төгрөгийн гэрээний үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүй гэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь 6 ханатай, сийлбэртэй монгол гэрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан тээврийн хэрэгслийг хариуцагчид шилжүүлэн өгөөгүй. Анх эвдэрхий тээврийн хэрэгслийг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Гэрчүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөн. Киа Тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн талаарх баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч нь Киа тээврийн хэрэгслийг буцаан авсан. Нэхэмжлэгч нь наймаагаа буцаая, тээврийн хэрэгслийг буцааж өг гэж удаа дараа утсаар холбогдсон. Би тээврийн хэрэгслийг аваачиж өгөөд гэрээ авъя гэж хэлэхэд өгөөгүй, намайг хөөж, буудах гэж айлгасан сүрдүүлсэн. Уг хэрэг нь 3-4 жил үргэлжилж байгаа. Би өнөөдрийг хүртэл гэрээ авч чадаагүй учраас гомдолтой байна гэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Хөндлөнгийн үнэлгээний байгууллагын үнэлгээ, нотлох баримтын хүрээнд 22 сая төгрөгийг нэхэмжилсэн нь сөрөг нэхэмжлэл хууль ёсны ажиллагаа юм. Гэвч шүүгч хэргийг шинжлэн судлах явцдаа ямарч тооцоогүйгээр 18,806,500 төгрөгийг хасч бүрэн сийлбэртэй тавилгатай захиалгаар хийсэн 6 ханатай гэрийг үнэгүйдүүлэн шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн захиалгаар 6 ханатай сийлбэртэй гэрийг тавилгын хамт нүдээ чилж гараа сарвайтал хийсэн ажлын хөлс, хатааж бэлдсэн мод, модны үнэ бүрэн тавилгуудыг үнэгүйдүүлж 3,193,500 төгрөгөөр бүтээлийг үнэлж байгаад маш их гомдолтой байна. Мөн илтэд нэхэмжлэгчийн эрх ашгийг илүүд үзэж хариуцагчийн эрхийг хязгаарлан шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэж хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өөрийн гараар бичсэн Киа Бонго маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөх тухай баримтыг шүүгч хэргийг шинжлэн судалсан ч шийдвэр гаргахдаа мартаж илт хайхрамжгүй шийдвэрлэж 22 сая төгрөгийн үнэлгээтэй 6 ханатай гэрийг илт үнэгүйдүүлж 3,193,500 төгрөгөөр үнэлж 18,806,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж шүүхээр далайлгаж нэхэмжлэгч *******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөлийг олгож шийдвэрлэж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцдаа хуурамч гэрчийг оролцуулж бодит үнэнээс хол зөрүүтэй мэдүүлэг авч хууль бусаар дүгнэлт гаргах, мөн монгол гэрийн туурга, дээвэр, цагаан бүрээс зэргийн үнийг миний ажлын хөлстэй хольж тэдгээр гэрийн туурга дээврийн үнийг намайг авсан мэт буруу шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Шүүгч нь Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн шүүхийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхгүйгээр тус хуулийн 14 дүгээр бүлэгт заагдсан (50-ын 1:1) 50.1.1 албан тушаалын байдал эрх нөлөөг урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг илт хууль бус гэж үзэж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Тээврийн хэрэгслийн доголдолтой холбоотой нэхэмжлэлийг 6 сарын дотор гаргах ёстой. 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч нь 2 жилийн хугацаанд тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байсан. Хариуцагч талын гаргасан тайлбар нь бодит байдалд нийцэхгүй. Хөрөнгийн үнэлгээний төвөөс гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх ёстой гэх агуулгаар хариуцагч тал маргадаг. 249 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үнэлгээ нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээ. Талуудын тохиролцсон үнэлгээ буюу 2021 оны Хас үнэлгээний төвийн тайлан нь хууль зүйн үндэслэлтэй. Уг тайланг үндэслэж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь зөв. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үеийн зах зээлийн үнэлгээг хийлгүүлэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй учраас нэхэмжлэгч нь Хас үнэлгээний төвөөр үнэлгээ хийлгүүлж тайланг гаргуулсан. Тухайн тайлантай хариуцагч танилцсан атлаа гомдол гаргаагүй учраас үнэлгээний үнийн дүнг зөвшөөрсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх гэрчид хууль сануулж мэдүүлэг авсан. Гэрчийг худал мэдүүлэг өгсөн гэж хариуцагч тал тайлбарладаг атлаа энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, зохигчийн гаргасан давж заалдах гомдлоос хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******д холбогдуулан гэрээнээс татгалзаж 5,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гүйцэтгэсэн ажлын хөлс 22,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. ******* нь бүрэн сийлбэртэй 6 ханатай гэрийн мод, сийлбэртэй 2 ширхэг ор, сийлбэртэй 2 ширхэг авдар, сийлбэртэй 6 ширхэг сандал, сийлбэртэй 1 ширхэг ширээ, гал тогооны тавилгыг *******ын захиалгаар хийж, хоёр сарын хугацаанд гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр амаар хэлэлцэн тохиролцсон болон захиалагч ажлын хөлсөнд 4,000,000 төгрөг, Киа Бонго маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг 14,000,000 төгрөгт тус тус тооцон гүйцэтгэгчид шилжүүлсэнд зохигч маргаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлыг зөв тодорхойлж, дүгнэжээ.

Шүүх нэхэмжлэгчийг хөлс төлөх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хариуцагч гүйцэтгэсэн ажлын үр дүнд тохирсон хөлсөө шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ. Гэвч талууд ажил гүйцэтгэх гэрээний хугацаа, хөлс тохиролцсон байдал, гэрээний гүйцэтгэл зэрэгт хамааралтай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Зохигч гүйцэтгэх ажлын үр дүнгийн тоо, хэмжээ болон хөлсийг ямар нөхцөлөөр хэрхэн төлөх, ажил гүйцэтгэх хугацааны талаар маргажээ.

Талууд гэрээ байгуулах үедээ буюу 2021 оны 05 сард Фэйсбүүк нийгмийн сүлжээн дэх нэхэмжлэгчийн *******, хариуцагчийн Гэр Тавилга Сийлбэр гэсэн хаяг бүхий messenger зурвасаар харилцаж гэрээний гол нөхцөлөө тохиролцсон гэх байдлыг тодруулахаар шүүх 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр уг цахим зурваст үзлэг хийж, уг нөхцөл байдлыг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн хэрэгт нотлох баримтаар авсан нь талуудын хүсэл зориг, гэрээний гол нөхцөлийг тодорхойлох, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна.

Тодруулбал, талууд 2021.05.21-07.29-ний өдрүүдэд харилцсан зурваст: хариуцагчаас сийлбэртэй 6 ханатай, бүрээстэй гэрийн үнийг 8,500,500-18,000,000 төгрөгийн үнээр 2 сар гаруйн хугацаанд хийх санал гаргаж, талууд гэрийг машины бартераар хийх боломжтой тухай ярилцсан, нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн зарим эд ангийг өөрчилсөн бөгөөд үнийг 14,000,000 төгрөгт тооцох саналыг хариуцагч зөвшөөрч, улмаар тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлэн авчээ. Мөн энэ хугацаанд болон 2021.07.30-2022.01.11-ний өдрүүдэд харилцсан зурваст: бусад тавилга хийлгэх болон үнийн талаар санал солилцож, шилжүүлсэн тээврийн хэрэгслийн зарим эд ангийг хариуцагч сольж, засварлуулсны хөлсийг нэхэмжлэгчээс авсан болон ажлыг хугацаандаа гүйцэтгэхийг шаардсан агуулга тусгагджээ. Харин 2022.01.26-31-ний өдрүүдэд харилцсан зурваст: нэхэмжлэгч талаас ажлын үр дүнг шаардаж, хариуцагч талаас санхүүжилтгүй байгаа шалтгаанаар хугацаа олгохыг хүсч байсан үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Үзлэгийн тэмдэглэл болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ажлын хөлс 18,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 14,000,000 төгрөгт тооцон тээврийн хэрэгслийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч тохиролцсон ажлаас сийлбэртэй 6 ханатай гэрийн модыг 2021 оны 09 сард хийж, сийлбэртэй 2 ширхэг авдар, 1 ширхэг ширээг 2022 онд хийж гүйцэтгэн тус тус нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, үлдэх ажлын ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй байна.

 

5. Нэхэмжлэгч ******* дээрх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжсэн хэсгээр буюу бүрэн сийлбэртэй 6 ханатай гэрийн мод, сийлбэртэй 2 ширхэг авдар, сийлбэртэй 1 ширхэг ширээ-г өөртөө үлдээж, хүлээж аваагүй ажлын үр дүн болох сийлбэртэй 2 ширхэг ор, сийлбэртэй 6 ширхэг сандал, гал тогооны тавилга-ын хувьд үүргийн харилцааг цаашид дуусгавар болгон цуцалж, үр дагаврыг хариуцагчаас шаарджээ.

Нэхэмжлэгч ийнхүү гэрээг цуцалсны үр дагаварт гэрээний хэрэгжээгүй хэсгийн хөлсийг 5,000,000 төгрөгөөр тодорхойлон уг төлбөрийг хохриолд тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасантай нийцэж байна.

Хариуцагч ажлын үр дүнг хэлэлцэн тохиролцсон 2 сарын хугацаанд гүйцэтгээгүй, мөн ажлын үр дүнг бүрэн хүлээлгэн өгөөгүй зөрчлийг гаргасан хэдий ч нэхэмжлэгч гэрээний үүргийг 2024 оны байдлаар шаардаж байсныг хариуцагч үгүйсгэн маргаагүй нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Энэ үүднээс мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу хариуцагчийг үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж дүгнэнэ. Мөн гэрээг цуцалж болохгүй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ******* Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.4 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй байна.

Хариуцагчийн гүйцэтгээгүй ажил болох сийлбэртэй 2 ширхэг ор, сийлбэртэй 6 ширхэг сандал, гал тогооны тавилга-ын үнийг 5,000,000 төгрөг гэж нэхэмжлэгч тодорхойлсныг хариуцагч үндэслэл бүхий байдлаар татгалзаж, нэхэмжлэлийг үгүйсгэн маргаагүй тул ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг тус дүнгээр тооцох нь зүйтэй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

Мөн гэрээг цуцлах асуудлыг шийдвэрлэхэд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан журам хэрэглэгдэх бөгөөд үүргийн нийтлэг зохицуулалт болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан зохицуулалт энэ тохиолдолд хамаарахгүй, гэрээ цуцалсны үр дагаврыг зохицуулахад хэрэглэгдэхгүй учир шийдвэрийн тогтоох хэсэгт уг заалтыг баримталсныг хасна.

 

6. Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

Өмнө дүгнэсэнчлэн нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор ажлын хөлсөнд тооцсон тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч эзэмшилд буцаан авсныг нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй. Гэрээний гүйцэтгээгүй үүргийг 5,000,000 төгрөгөөр тооцон буцаан шаардсан нэхэмжлэгчийн шаардлага болон уг тээврийн хэрэгслийг гэрээний үнэд тооцсон хэвээр байгаа тухай тайлбараар илэрхийлэгдэж байна.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2.1-т зааснаар хөдлөх эд хөрөнгө болох Киа Бонго маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч гэрээний үнэд тооцон хариуцагчийн эзэмшилд 2021 онд бодитой шилжүүлснээр уг тээврийн хэрэгслийг өмчлөх эрх *******д үүсэж, *******ын өмчлөх эрх дуусгавар болсон байна. Хариуцагчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг гэрчилсэн бүртгэлийг хийлгэж, баримт бичгийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй, нэхэмжлэгч уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг гэрчилсэн бүртгэлийг хариуцагчид шилжүүлэх үүрэгтэй. Харин уг эрхийг шилжүүлээгүй гэсэн агуулгаар гэрээний үнийг төлөөгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Дээр дурдсан үзлэгийн тэмдэглэлд дурдсанаар хариуцагч нь Киа Бонго маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийн ...мотор апартурыг энгийн болгосон ... орж ирээд 3 жил болсон ... зэргийг мэдэж, шалгаж хүлээн авсан байх бөгөөд ...амортизатор, маслын шүүр зэргийг сольсны үнийг нэхэмжлэгчээс авч байжээ. Иймээс эвдэрхий машин өгсөн буюу 14,000,000 төгрөгийн үнэд хүрэхгүй тээврийн хэрэгслийг өгсөн гэж үзэхгүй, уг нөхцөл байдлыг хариуцагч тухайн үедээ зөвшөөрсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч ******* гэрээний үүргээ зөрчөөгүй байх тул хариуцагч *******ын хувьд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах, гэрээгээр шилжүүлэн өгсөн ажлын үр дүнг өнөөгийн зах зээлийн ханшаар тооцон шаардах эрхгүй буюу энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Харин сөрөг нэхэмжлэлийн талаархи нэхэмжлэгч талын давж заалдах гомдол хангагдах бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд Киа Бонго маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээний үнэд тооцон өгсөн, хариуцагчид өгнө гэж тайлбарласныг дурдаж, уг тээврийн хэрэгслийг биет байдлаар болон өмчлөх эрхийг гэрчилсэн бүртгэлийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

 

8. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч *******аас 22,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болон хууль хэрэглээний өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/03005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч *******аас 22,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамж 66,046 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгосугай... гэснийг хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 66,046 төгрөгийг улсын төсөвт үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн 146,046 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

Э.ЭНЭБИШ