| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0844/Э |
| Дугаар | 871 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 871
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч М.Амарзаяа, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д-ын О-ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 042101057дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Д-ын О, Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Угтаал Цайдам суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, орчуулагч мэргэжилтэй, “Буурал сутай” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 3 дугаар хороолол СОТ-3-1 байрны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****,эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 9 дүгээр сарын 7-8нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 31 дүгээр гудамжны автобусны буудлын орчимд иргэн Б.-ыг элдэв хараалын үг хэлж хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар түлхэж унагасны улмаас Б.Н-ын зүүн талын эгэм яс хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Д-ын О нь2018 оны 9 дүгээр сарын 7-8нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 31 дүгээр гудамжны автобусны буудлын орчимд иргэн Б.-ыг элдэв хараалын үг хэлж хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар түлхэж унагасны улмаас Б.-ын зүүн талын эгэм яс хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1.Шүүгдэгч Д.О-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
2.Хохирогч Б.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны автобусны буудал дээр байрлах урьд хамт амьдарч байсан О-ийн үсчний газарт яваад орсон чинь М, О, таягтай залуу, О нар согтуу байдалтай байсан. Би М, О, О нарт хандаад “ намайг салаад удаагүй байхад чи ингэж яваад байхдаа яадаг юм” гэхэд О “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд байж байтал М босч ирээд намайг заамдаж аваад ажлынх нь гадаа гарсан. Намайг боогоод зогсож байх үед О ажлынхаа хаалгыг хаагаад хар өнгийн машинд сууж харагдсан. М-д боолгуулж байхад миний утас дуугарсан. М-ын нэг гарыг татаж байгаад утсаа авах гэтэл миний гар утсыг М шүүрч авсан. Би тэр үед ухаан алдаад уначихсан. Тэгээд нэг сэртэл замын хажуу талын хонхор руу орчихсон миний дээрээс нэг нь өшиглөж байхаар нь би хоёр гараараа тулаад босох гэтэл зүүн талын мөр унжчихаадөвдөөд байсан. Эгчтэйгээ цуг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний мөрийг хугарсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас);
3.Гэрч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 08-ны 00 цагийн үед дүү Н залгаад “та намайг ирээд авах уу, би найзында байна” гэхээр нь “би очиж авч чадахгүй, эгчийн дүү өөрөө хүрээд ир” гэж хэлсэн. Шөнийн 02 цагийн үед Н утасдаад “миний мөр мултарсан юм шиг байна” гэхээр нь би гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл юм уу, хугарсан байх магадлалтай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас);
4.Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн үед О, Н бид гурав О-тэй үсээ засуулах талаар утсаар яриад автобусны буудал дээр байх үсчний газарт нь очоод би эхэлж үсээ засуулсан. Миний дараа Н тэгээд О засуулсан. Би үсээ засуулчихаад гараад машинд сууж байгаад утсаар ярьчихаад буцаж үсчин рүү ороод нөгөө хэдийг аваад гарах гэтэл Н байж байсан. Н намайг заамдаж аваад “манай эхнэртэй та нар бүгдээрээ унтлаа” гэхээр нь “юу яриад байгаа юм” гэтэл Н намайг цохисон. О бид хоёрыг боль гээд салгасан. О, Н-ын араас татаад салгасан. Н замын хашлаганы арагш уначихсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас);
5.Гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхлээд М гараад араас нь О гарсан, би таягаа тулаад гараад ирэхэд М, О хоёр цаашаа хараад зогссон, урдаас нь нэг залуу хараал хэлээд зогсож байсан. Би явж очоод “болиочээ” гэхэд О “согтуу хүн байна, хэрэггүй хэрэггүй” гэж хэлэхээр нь би машинд суусан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас);
6.Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байдаг эрүүл хооллолтын клубт байхад О залгаад “Н, М бид нар үүрээр хөдөө ажил руу явна, одоо үс засаад өгөх боломж байна уу” гэхэд нь “за тэгье” гэж хэлсэн. Би 7 дугаар хорооны 31 дүгээр гудамжинд байрлах үсчний газартаа О, М, Н нарын үсийг засчихаад сууж байхад хаалга нүдсэн. М хаалгыг онгойлгоод гараад Н-той хэрэлдээд байсан. Намайг араас нь гарахад М, Н нар хоорондоо зодолдож байхаар нь би салгасан. Н над руу агсам тавиад дайрсан чинь О надаас Н-ыг холдуулаад, хөлөөрөө дэгээдээд газар унагаасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас);
7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 13- ны өдрийн 11120 дугаартай: “...Б.Н-ын биед зүүн агтаалын далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 36 дугаар хуудас);
8.Шүүгдэгч Д.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 60 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57 дугаар хуудас);
9.Шүүгдэгч Д.О-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Н, М нартай өдөржин ажил хөөцөлдөөд гадуур явсан. Маргааш нь бид гурав Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газар луу уурхай руу явах гэж байсан юм. Үсээ засуулах гэтэл оройтоод 22, 23 цаг болж байсан. Үсчин хаасан байх яах уу гэтэл М “манай найз О-ийн эхнэр дээр очоод үсээ засуулчихъя” гэхээр нь тэгье гээд М, Н бид гурав хамтдаа О-ийн үсчний газар болох Баянхошууны Тойргоос хот руу орох замын 2 дахь буудал дээр яваад очсон. Үсчин нь буудлын яг хажууд байхаар нь ороод гурвуулаа үсээ засуулж явах болцгоогоод М түрүүлж гараад би арааснь гарах гэтэл цонхоор М нэг хүнтэй маргалдаад “чи яах гээд байгаа юм, цаашаа л даа” гээд нааш цааш болцгоож байгаа нь харагдсан. Би гараад М, Н хоёрыг түлхэлцэж байхаар нь “зүгээр байцгаа, больцгоо” гэж хэлтэл Н нь “та нар гурвуулаа манай авгайтай унтаж хэвтдэг” гээд л юм яриад эхэлсэн. Би түүнд “тийм юм байхгүй, чи согтуу байна, явчих” гэж хэлээд түүнийг цээж рүү нь түлхчихсэн. Тэгэхэд Н нь явган зам, айлын хашаа хоёрын хоорондох хотгор газар луу уначихсан. Ийм л юм болсон. Би эмчилгээний мөнгө гэж нийт 3.000.000 төгрөгийг өгсөн. Тухайн үед Н-ыг түлхэж биед нь гэмтэл учруулсан нь миний буруу, би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 47 дугаар хуудас)зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Н-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Д.О-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Н-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.О нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Д.О-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.О нь мөрдөн байцаалтын явцад нийт 3,000,000 төгрөгийг хохирогч Б.Н-т төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 1400 нэгж буюу 1,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулын ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Д.О нь бусдад төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэлийн талаар тусгайлан гаргах саналгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан зардалгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “.....Миний үйлчлүүлэгч нь гэм буруу дээр маргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү....” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Д-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Д.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.О-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА