Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 875

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, иргэдийн төлөөлөгч Б.Сансармаа, улсын яллагч Н.Ундрах (томилолтоор), шүүгдэгч, хохирогч Ц.Э, түүний өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч, хохирогч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ц-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт, Б, овогт Н-ийн Г-ыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02353 0906 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Б, овогт Ц-ын Э Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматур, шат угсрагч мэргэжилтэй, “Эко Констракшн” ХХК-д барилгын шат угсрагч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27 дугаар гудамжны **тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд:

            - Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

            - Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, эдэлж дууссан.

            2. Б овогт Н-ийн Г, Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон** тоотод оршин суух бүртгэлтэй боловч, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 38 дугаар гудамжны *** тоотод түр оршин сууж байгаа, регистрийн дугаар ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

            Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-55 тоот хашаанд иргэн Н.Г-ыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хоёр удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх,

            Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-55 тоотод иргэн Ц.Э-ыг гурилын ганжин модоор зодож эрүүл мэндэд “хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, дээд зовхины цус хуралт, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, баруун чихний ар гадаргуу хөхлөг сэртэнгийн язарсан шарх, баруун чамархайн хуйхны зулгаралт, нуруу, хүзүүний цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус бүр холбогджээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

- шүүгдэгч Б овогт Ц-ын нь 2019 оны 04 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ** тоот хашаанд хардалтын улмаас баз хүргэн дүү Н.Г-тай маргаж, харилцан зодолдох үедээ нүүр лүү нь гараараа цохиж, баруун зүүн дал руу нь хоёр удаа хутгалж, бие махбодод нь “...нуруунд цээжний хөндий рүү нэвтэрч хатгагдсан шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт...” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан,

- шүүгдэгч Б овогт Н-ийн Гантулга нь 2019 оны 04 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ** тоотод “ эхнэрээ зодлоо, мөн өөрийг нь эхнэртэйгээ хардаж цохилоо” гэсэн шалтгаанаар баз хүргэн ах Ц.Э-ыг гурилын ганжин модоор зодож, түүний бие махбодод “...хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, дээд зовхины цус хуралт, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, баруун чихний ар гадаргуу хөхлөг сэртэнгийн язарсан шарх, баруун чамархайн хуйхны зулгаралт, нуруу, хүзүүний цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Ц.Э-ын шүүх хуралдаанд шүүгдэгчийн хувиар өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Н.Г-ын шүүх хуралдаанд шүүгдэгчийн хувиар өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

            3. Ц.Э-ын шүүх хуралдаанд хохирогчийн хувиар өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө гэр бүлийнхнээрээ нийлж архи уусан. Хоорондоо маргалдаж зодоон болоод миний биед хөнгөн хохирол учирсан. Би зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Миний биед учирсан гэмтлийг Н.Г учруулсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;

            4. Н.Г-ын шүүх хуралдаанд хохирогчийн хувиар өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн үед Э ахын гэрт очсон. Очихдоо 1 шил архи, чихэр жимстэй очсон. Бид хоёр нэг айлын баз хүргэд юм. Бид хоёр гэр бүлийн гишүүд биш, тусдаа амьдралтай хүмүүс юм. Бид архиа хувааж ууж байгаад Э эхнэртэйгээ маргалдсан. Би голоор нь ороход намайг 2-3 удаа цохисон. Э ах эхлээд миний баруун нүд рүү цохиод нүдний дээд талаас цус гарсан байсан. Харин дараа нь гэрийн гадаа гарч ирээд намайг барьж аваад цохисон. Тэгээд хоёр удаа хутгалсан. Одоо миний биеийн байдал хэвийн болсон. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг; 

5. Н.Г-аас 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-7 дугаар хуудас);

6. Хохирогч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э ах араас гарч ирээд над руу хүрээд ирэхээр нь би “яасан Э ах” гэж асуутал гарт нь хутга байхаар нь би хоёр гарыг нь бугуйгаар нь бариад автал гараа огцом татаж аваад, миний зүүн мөр давуулаад дал руу хутгалсан, би “ёо” гээд тонгойтол баруун дал руу дахиад хутгалсан, тэгэнгүүт нь би хашаанаас гараад зугтаасан. Гарч зугтаагаад урд гудамжинд нь очоод хадам ээж Н лүү залгаад “Э ах намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Энэ үйл явдал маш богино хугацаанд болоод өнгөрсөн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 82-89 дүгээр хуудас);

            7. Хохирогч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн үед баз хүргэн Г руу залгаад өрөм аваад ирээч гээд гэртээ дуудсан. Г 23 цагийн үед манай гэрт ирсэн. Манайд ирэхдээ хүүхдүүдэд чихэр, боов аваад, бас Тайга нэртэй 0,5 литрийн хэмжээтэй 1 лонх архи авчирсан. Бид хоол, цай идэж уучхаад архиа задлаад нэг хундага хийж өгөхөөр нь уучхаад манай эхнэрт болон Г-ын эхнэрт хундагалж өгөхөд амсаад өгөөд байсан. Нэг мэдсэн чинь дахиад нэг шил архи гаргачихсан Г бид хоёр хуваагаад ууж байсан, түүнээс хойш юу ч санахгүй байгаа юм. Нэг сэртэл өглөө болчихсон цагдаа нар ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 76-81 дүгээр хуудас);

            8. Гэрч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед хүргэн ах Э манай төрсөн эгч Д-ын дугаараас над руу яриад “Тулга байна уу” гэхээр нь би “алга байна, гадаа чиргүүлээ янзалж байгаа, та яах гэсэн юм” гэж асуухад “миний машин эвдэрчихлээ, Т-ийн дугаар байна уу” гэхээр нь би Г-ын дугаарыг хэлж өгсөн. Г гадаа юм янзалж дуусчхаад 21 цагийн үед гэртээ орж ирээд “Э ахын гэрт очъё, машиныг нь янзлахаас, дуудаад байна хамт явах уу” гэхээр нь би “тэгье” гээд хүүгээ дагуулаад бид гурав замаараа чихэр боов, нэг лонх 0.5 литрийн хэмжээтэй архи аваад очсон юм. Биднийг очтол Э ах муу хувцсаа өмсөөд гарах гэж байснаа Г-д хандан “наад архиа задалчих, ганц татчихаад гаръя” гэсэн боловч үргэлжлүүлээд уусан. Тэгээд машин засахаа болиод Г,Э ах хоёр архи ууцгаасан. Тэр архинаас эгч Д-т 2-3 удаа өгсөн, надад өгөхөөр нь би амсаад буцааж өгч байсан. Бид хоорондоо юм яриад инээлдэцгээгээд байж байтал хэн нь билээ, би санахгүй байна, нэг нь караоке оръё гэж хэлж байгаад больцгоосон. Э ах “дахиад нэг юм уучихмаар байна” гэхээр нь би охиндоо зайрмаг авч өгөх замаараа нэг лонх архи авчирч өгөхөөр болоод, Г бид хоёр дэлгүүр явсан. Тэр үед цаг 23 цаг 30 минут болж байсан байх. Г бид хоёр Тайга нэртэй архи /хэмжээг нь санахгүй байна/, бас охиндоо таван ширхэг зайрмаг авсан. Э ах, Г хоёр архиа хувааж уусан. Үүнээс эгч До-т 2-3 удаа өгсөн. Тэгээд бид хоорондоо юм ярилцаад инээлдэж байгаад архи дууссан. Э ах “унтлаа” гээд орон дээрээ гараад хэвтсэн. Тэр үед эгч Д караоке оръё гээд байсан, тэгэхээр нь би “хэрэггүй ээ, хүүхдүүдээ яаж үлдээх юм бэ” гээд больцгоосон. Тэгээд Г, Д эгч хоёр юм ярьж сууж байгаад Д эгчийн бага хүү Н унтах гээд уйлагнаад байхаар нь би Н-ыг дуудсан. Г тэврээд орон дээр нь хэвтүүлээд байж байтал Д эгч унах гээд Г-ын гараас түшээд суусан. Тэгтэл Э ах тэр байдлыг нь хараад босож ирээд Г-ын зүүн шанаа руу гараараа 2-3 удаа цохисон, би “Э ахаа болиоч” гэтэл манай нөхөр намайг холдож бай гэх хооронд Э Д эгчийн хамар луу гараараа 2 удаа цохисон, 3 дахь удаагаа цохих гэж байхад нь Г боль гээд Э-ыг 2-3 удаа нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо ноцолдоод эхэлсэн. Би тэр үед хагарсан шил, мод зэргийг гаргаж хаячхаад эргээд гэрт ороод иртэл гал тогооны өрөөний шкаф нь нурчихсан байдалтай Г ганжин мод барьчихсан, Э ахын нуруу руу нь 2-3 удаа цохисон. Та яагаад Д эгчийг зоддог юм бэ гээд гараараа нүүр лүү 2-3 удаа цохиод байхаар нь би “боль, ахиад битгий цохиорой” гэхэд больсон. Тэгсэн Э ах “нутгийн хүүхэд байж намайг зодлоо тээ” гээд хэл амаар доромжлоод байсан. Харин Г “за за Э ах аа больцгооё бид гурав явлаа, тантай байх хэцүү юм байна” гээд гэрээс нь гараад машинаа асаах гээд сууж байхад Э ах араас гарч ирээд Гантулгын нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед машины цонх онгорхой байсан юм. Г машинаасаа буугаад “та яагаад байгаа юм бэ” гээд хоорондоо зууралдаж байснаа Г хашаанаас гараад гүйчихсэн, тэгсэн араас нь Э ах гүйгээд гарсан. Удалгүй Э ах буцаж гэртээ орохоор нь би араас нь охиныхоо гутлыг авах гээд гэр лүү нь ортол Д эгчийн утас нь дуугарахаар нь аваад ярьтал манай ээж байсан. Тэгээд “Г хутгалуулчихсан байна гээд над руу залгалаа” гэж хэлэхээр нь би орилоод уйлаад гэрээс гарч хайгаад гүйсэн. Тэгсэн Э ах “яасан юу болсон бэ” гээд миний араас гүйгээд байхаар нь би “та наанаа байж бай” гэж хэлээд гарсан бөгөөд Г-ыг урд талын гудамжнаас олсон. Тухайн үед Г газар эвхэрчихсэн “Л намайг авраарай, би үхэх гээд байна” гээд байсан. Би такси зогсоогоод шууд гэмтлийн эмнэлэг орсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29 дүгээр хуудас);

            9. Гэрч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажил ихтэй байж байгаад 22 цагийн орчимд гэртээ иртэл манай нөхөр Б гэртээ ганцаараа байж байхаар нь Л, Г хоёр хаачихсан юм бэ? гэж асуутал 21 орж хүн хүргэж өгчхөөд Э-ын гэрт хонолоо гэж хэлээд яваад өгсөн гэсэн. 24 цаг болж байхад би охин Л руу залгаад та хоёр ирэх юм уу гэж асуутал маргааш өглөө аажуухан яваад очъё гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн 03 цагийн үед Г над руу залгаад “ээж ээ би хутгалуулчихлаа” гэж хэлэхээр нь би “хаана, хэнд хутгалуулчихсан юм бэ, чи одоо хаана байгаа юм бэ” гэж асуухад Г “Э ахад хутгалуулчихлаа, би гудамжинд хэвтэж байна” гэж хэлэхээр нь би “яагаад чамайг хутгалсан юм бэ” гэхэд “Э ах намайг Дэгчтэй хардаад хутгалчихлаа” гэж хэлээд утас нь тасарсан. Би тэр даруй Л руу залгаад “Э, Г-ыг хутгалсан гэж байна чи хайж олоод байж бай” гэж хэлтэл “за за” гэсэн. Удалгүй над руу залгаад “олчихлоо“ гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хурдан 103 дууд цус алдахаас нь өмнө эмчид үзүүл” гэж хэлтэл “за за” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тэр хоёр такси бариад гэмтлийн эмнэлэг рүү явсан гэсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар хуудас);

            10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5306 дугаартай: “...Н.Г-ын биед нуруунд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх нуруунд цээний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 45 дугаар хуудас);

            11. Хохирогч Н.Г-ын цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүхийн баталгаажсан хуулбар, яаралтай тусламжийн хуудас, мэс заслын тэмдэглэл зэрэг эмнэлгийн холбогдолтой баримтууд (хх-ийн 50-59 дүгээр хуудас);

            12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5251 дугаартай: “...Ц.Э-ын биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, дээд зовхины цус хуралт, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, баруун чихний ар гадаргуу хөхлөг сэртэнгийн язарсан шарх, баруун чамархайн хуйхны зулгаралт, нуруу, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх нуруунд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 62 дугаар хуудас);

            13. Хохирогч Ц.Э нь Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт эмчлүүлж байсан Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, компьютерт томографын шинжилгээ зэрэг эмнэлгийн холбогдолтой баримтууд (хх-ийн 72-75 дугаар хуудас);

            14. Шүүгдэгч Ц.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 116 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 128 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 252-259), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргаж өгсөн “ялтан Ц.Э нь хорихоос өөр төрлийн ялыг эдэлж дууссан” талаарх албан тоот (хх-ийн 161 дүгээр хуудас), шүүгдэгч Н.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 130 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 147 дугаар хуудас) зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлох баримтууд;

            15. Шүүгдэгч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Г-ын       биед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг би хутгалж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 96-97 дугаар хуудас);

            16. Шүүгдэгч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Э-ын биед шүүх            эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг би гурилын ганжин болон гараараа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 104-106 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан байх тул шүүх эдгээрийг нотлох баримтаар үнэлж, Н.Г-ын бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсан нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх, Ц.Э-ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдахын зэрэгцээ шүүгдэгч Ц.Э, Н.Г нарын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэд харилцан бие биедээ хүнд болон хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Ц.Э, Н.Г нарын харилцан бие биедээ гэмтэл учруулсан үйлдэл нь хуульд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох аргагүй хамгаалалтын шинжгүй байх бөгөөд шүүх үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд архидан согтуурч, улмаар согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэнтэй шууд холбоотой гэж үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч Ц.Э-ын үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “зэвсэг болох хутга хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг, харин шүүгдэгч Н.Г-ын үйлдлийн хувьд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг тус бүрдээ бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Э, Н.Г нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй, харин хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцсоныг дурдах нь зүйн хэрэг.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Г-ыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, тэдэнд хамаарах зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Г нь хохиролд 10,000,000 төгрөг авсан бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн, хохирогч Ц.Э нь хохиролд 200,000 төгрөг авсан бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөн шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Э нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгааг, харин шүүгдэгч Н.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус бүрд нь тооцсон бөгөөд шүүгдэгч нарын хэн алинд нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Ц.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчлөн цагдан хорих, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга болон гурилын ганжин модыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй... Шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд тайлбар байхгүй...” гэв.

            Шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн, зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэргийг үйлдсэн байх тул хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Тодруулбал, Н.Г-ын гурилын ганжин модоор Ц.Э-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хууль ёсны үйлдэл гэж үзэхгүй. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй зэргийг нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээг багасган 3 жил 5 сарын хугацаагаар тогтоож өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Н.Г өөрийгөө өмгөөлж: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад оногдуулах торгох ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Ц.Э нь хорих ялын доод хэмжээг таван жил, дээд хэмжээг арван хоёр жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангасан бөгөөд шүүх шүүгдэгч Ц.Э-т богино хугацаанд засарч хүмүүжих, өөртөө дүгнэлт хийх боломж олгох зорилгоор мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ болох таван жилийн гуравны хоёроос багагүй хэмжээгээр буюу хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэх нь зохистой гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээг багасган гурван жил таван сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус бүр оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх болон цээрлүүлэх зорилгод нийцнэ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутга, нэг ширхэг ганжин /гурилын элдүүр мод/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э, Н.Г нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгч Ц.Э-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Н.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус бүрд нь хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Ц-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, Б овогт Н-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Шүүгдэгч Ц.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар гурван жил таван сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус бүр шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан гурван жил таван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

5.Шүүгдэгч Н.Г-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутга, нэг ширхэг ганжин /гурилын элдүүр мод/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э-, Н.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Э-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Э-т авсан “цагдан хорих”, шүүгдэгч Н.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүрд нь хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

         ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА

                      ШҮҮГЧИД                                          Г.АЛТАНЦЭЦЭГ

                                                                        Г.МӨНХЗУЛ