| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0833/Э |
| Дугаар | 876 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 876
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Х.Онолт /томилолтоор/, өсвөр насны шүүгдэгч Е.З, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Е, түүний өмгөөлөгч Л.Батаанарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Б овогт Е-ийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02558 1013 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Е-ийн З, Монгол Улсын иргэн, 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл хоёр, эхийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13б байрны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Өсвөрнасны шүүгдэгч Е.З нь 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зол хайрхан” хүнсний дэлгүүрийн худалдагч Ч.Н-ын “Huawei 9” маркын гар утсыг дэлгүүрийн лангуун доороос хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийтдээ 315,000 төгрөгийн хохирол учруулсангэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Е-ийн З нь 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зол хайрхан” хүнсний дэлгүүрийн худалдагч Ч.Н-ын “Huawei 9”загварын гар утсыг дэлгүүрийн лангуун доороос хүч хэрэглэхгүйгээр, нууцаар , хууль бусаар хулгайлан авч нийтдээ 315,000 төгрөгийн хохирол учруулсан”үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1.Өсвөр насны шүүгдэгч Е.З-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
2.Хохирогч Ч.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчим дэлгүүртээ худалдаа хийж байтал 3 эмэгтэй хүүхэд орж ирсэн ба хамт явж байсан эсэхийг мэдэхгүй юм дэлгүүрээс өдөр тутам, нойтон салфетка авсан. Тэгээд 30 орчим минутын дараа нэг хүүхэд орж ирээд эгчээ утсаараа яриулаач гэхээр нь утас алга болсныг мэдсэн. Тэгээд дэлгүүрийн камер шүүж үзээд хар алаг шоотой цамцтай 16-18 насны 160см орчим өндөртэй охин лангуун доороос авч байгаа бичлэг гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас);
-Хохирогч Ч.Н-ын дахин өгсөн: “...миний гар утасны хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 дүгээр хуудас);
3.Хохирогч Ч.Н-ын цагдаагийн байгууллагад гаргасан: “...3 охин орж ирээд худалдаа хийхдээ цоохор цамцтай нэг нь лангуун доор байсан Huaweiмаркын гар утсыг авсан...” гэсэн өргөдөл (хх-ийн 4 дүгээр хуудас);
4.Гэрч Г.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан: “...Зулаа утасдаад уулзъя гээд очиход 2 эмэгтэй найзынхаа хамт байсан. Тэгээд нэг утас гаргаж ирээд бид нар бичиг баримт байхгүй болохоор ломбарданд барьцаалж болохгүй байна, тавиад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд модны 2 орчим байдаг нэг ломбарданд 100.000 төгрөгөөр барьцаалсан. Тухайн үед би хулгайн утас гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8 хуудас);
5.Насанд хүрээгүй гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...найз Х, З нартай дэлгүүр ороод гарсан. З гар утас гаргаж ирээд модны 2-т 100.000 төгрөгөөр ломбарданд тавиад бид нар хоол идэж хэрэглээд дууссан. Би хулгайн утас гэдгийг сүүлд цагдаад дуудагдаад мэдсэн. Тэрнээс З-ийн утас гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 дугаар хуудас);
6.Дамно ХХК-наас хулгайд алдсан гар утсыг 315.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан (хх-ийн 49 дүгээр хуудас),эд мөрийн баримтаар камерын бичлэг 1 ширхэг дискийг тооцож бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 52-53 дугаар хуудас), нас тоолсон тэмдэглэл (хх-ийн 68 дугаар хуудас), хохирогч Ч.Н-аас ирүүлсэн 3 ширхэг гэрэл зураг (хх-ийн 16 дугаар хуудас);
7.Өсвөр насны шүүгдэгч Е.Зулын иргэний иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 55 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 54 дүгээр хуудас);
8.Өсвөр насны шүүгдэгч Е.З-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Э, Х нарын хамт дэлгүүр ороод тэр хоёр өдөр тутам, салфетка авсан. Би худалдагч нь эргэхэд нь шилэн лангуун доороос гар утсыг нь авсан...Тэр хоёр мэдээгүй, зогсож байсан...хохирлыг барагдуулсан, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 64 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Е.З-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох “Huawei 9”загварын гар утсыг 315,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Өсвөр насны шүүгдэгч Е.З-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцлоо.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын бага хэмжээнээс дээш үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, өсвөр насны шүүгдэгч Е.З-ыг“хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Н нь хохирлоо бүрэн авсан талаарх баримт хэрэгт авагдсан байх тул өсвөр насны шүүгдэгч Е.З-ыг бусдад төлөх төлбөргүй гэдгийг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Е.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.З-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтас хэрэгт хавсаргах саналтай байна...” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Е.З нь 16 настай өсвөр насны шүүгдэгч бөгөөд одоо 10 дугаар ангид сурдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Иймд дээрх нөхцөл байдлууд болон өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал сургалтад хамрагдах бүрэн боломжтой...” гэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан өсвөр насны шүүгдэгч Е.З-дЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар таван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, мөн зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Е.З нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл,38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Е-ийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан“хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан өсвөр насны шүүгдэгч Е.З-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.З-д таван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, мөн зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар сургуулиа өөрчлөхдөө хяналттавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4.Өсвөр насны шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
5.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Е.З нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч Е.З-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА