Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1219

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч С.Оюунжаргал, хохирогч Б.Н, шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт Д Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00469 0251 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Д.Э нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21.25 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 8А байрны зүүн замд “Тоёота приус-30” маркийн 7661 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “…5 дугаар сарын 01-нд би санамсаргүйгээр эгчийг мөргөсөн. Мөргөсөн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Хохирогч намайг 4.000.000 төгрөг өгчихвөл ямар ч гомдолгүй гээд гарын үсэг зурсан. Би эхлээд 2.000.000 төгрөг олоод дараа нь хамаатан саднаасаа 2.000.000 төгрөг зээлээд нийт 4.000.000 төгрөг өгч гомдолгүй гээд гарын үсэг зуруулсан. Тэрний дараагаар эгч дахиад мөнгө нэхсэн. Би хохирогчид дахиж мөнгө өгч чадахгүй гэсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н мэдүүлэхдээ: “….” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 74, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 14-15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Б.Н гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-24/, хохирогч Б.Н гийн хохирол төлбөр авсан талаарх хүсэлт /хх-н 25/,ажлын газрын тодорхойлолт /хх-н 26/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Э мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.С мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5425 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 33/, “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтыг үзлэгийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-н 37-42/, мөрдөгчийн магадлагаа /хх-н 43/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Э өгсөн мэдүүлэг /хх-н 50-51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 101/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалаас  Д.Э нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21.25 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 8А байрны зүүн замд “Тоёота приус-30” маркийн 7661 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.      

            Шүүхээс шүүгдэгч Д.Э 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21.25 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 8А байрны зүүн замд “Тоёота приус-30” маркийн 7661 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Нг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Н гийн өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 цаг өнгөрч байхад нөхрийн хамт гэрээсээ гараад Улаанхуаран орох гээд гарсан. Тэгээд замын баруун гар талаас нэг такси барих гээд манай нөхөр гараа өргөөд зогсож үлдээд би цаашаа туслах замын цаана байрлах ТҮЦ орох гээд зам хөндлөн гарахаасаа өмнө баруун гар тийш харахад нэг цагаан өнгийн приус ирж байхаар нь тооцоолоод хангалттай амжих юм байна гээд нэг хоёр алхтал баруун гар талаас мөргөсөн. Тэгээд нэг хэсэг ухаан балартсан." гэх мэдүүлэг /хх-н 20-22/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5425 дугаартай

1. "...Б.Н биед баруун талын умдаг ясны дээд, доод салааны хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун шагай, баруун, зүүн тавхай зүүн шилбэнд зулгаралт, дух, баруун, зүүн алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт /хх-н 33/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Шүүгдэгч хохирогч Б.Нд 4.000.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.Н нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.  

Шүүхээс шүүгдэгч Д.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.     

Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Д Э автотээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Э нь шүүхээс оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 4.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.