| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2025/00085/И |
| Дугаар | 210/МА2025/01839 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01839
|
|
|
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03634 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би *******д алтны орд хамтран олборлох хамтрагч олж өгөх, ордын талаар зөвлөгөө өгөх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* ХХК-ийн захирал *******, ******* ХХК-ийн захирал ******* нарыг уулзуулсан ба тэд ******* аймгийн ******* сумын нутаг дахь ******* нэртэй ******* га талбай бүхий ******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамтран олборлолт явуулахаар тохиролцож, Уурхайд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Надад зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу төлбөр 100,0 сая төгрөг төлсөн. Миний хувьд орд эзэмшигч этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, зуучилж өгснөөр зөвлөх үйлчилгээний гэрээ дуусгавар болсон. Энэ мөнгөнөөс нь 48,0 сая төгрөгийн зардлыг гаргасан. Гэтэл ******* нь дээрх хамтран ажиллах гэрээнээс гарсны дараа намайг дарамтлан мөнгөө нэхсэн ба сүүлдээ цагдаад хүртэл гомдол гаргасан. 2023.09 сард надтай ярилцаж 55,0 сая төгрөг буцааж төлөөд ямар нэгэн гомдолгүй салъя гэж санал тавьсан ба би 2024 оны 09 сарын 03-нд 55,0 сая төгрөгийг түүнд өгсөн. Гэвч амлалтаа зөрчин дахиж мөнгө нэхэхгүй, цагдаад гомдолгүй гэсэн бичиг хийж өгнө гэсэн ч хэлсэндээ хүрээгүй ба надаас үндэслэлгүйгээр 55,0 сая төгрөг авсан. Иймд *******аас 55,0 сая төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ******* нь ******* ХХК-ийг өөрийн компани гээд ******* аймгийн ******* сумын нутагт байх ******* нэртэй ******* га талбай бүхий *******дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй алтны шороон орд байгаа, ордын нөөц нь багадаа 30-40 кг цаашлаад нөөц нь өсөх боломжтой гэж надад итгүүлж уг ордод хөрөнгө оруулж, хамтарч ажиллах санал тавьж 100,0 сая төгрөг авсан ч ******* ХХК нь *******гийнх байгаагүй, нөөцгүй байсан. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас надад учруулсан хохирлын тодорхой хэсэг 55,0 сая төгрөгийг сайн дураар буцаан өгсөн нь нэхэмжлэл гаргах үндэслэл биш юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас 55,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас 432,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч талууд 2025 оны 09 сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
ХЯНАВАЛ:
1.Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрч 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн гэрээ дараах агуулгатай байна.
*******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох хэрэгт ******* давж заалдсан. Бид тохиролцож, харилцан өр төлбөргүй байхаар тохиролцож эвлэрсэн тул хариуцагч ******* гомдлоосоо татгалзаж, ******* нэхэмжлэлээсээ татгалзах саналтай байна. *******гийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар дахин хууль, шүүхэд хандахгүй тухай талууд сайн дурын үндсэн дээр тохиролцсон. Иймд эвлэрлийг баталж өгнө үү. ******* нь цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо эвлэрлийн гэрээ байгуулан буцаан татсан гэж гэрээндээ тусгажээ. Тус эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар гарын үсэг зурсан байна.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй. Эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх учиртай бөгөөд зохигчийн эвлэрэл нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар эвлэрлийг батлахгүй байх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иймээс нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Мөн давж заалдах шатны журмаар гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байх журамтай тул хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03634 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар харилцан өр төлбөргүй болохоо баталж, *******аас 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ *******, ******* давж заалдах гомдлоосоо тус тус татгалзаж, зохигч энэхүү нэхэмжлэлийн талаар хууль, шүүхэд дахин гомдол, нэхэмжлэл гаргахгүй болохоо талууд сайн дурын үндсэн дээр илэрхийлэн тохиролцсон тухай зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580,045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Э.ЭНЭБИШ