Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01840

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03591 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Авто зогсоолын эзэмшигчээр тогтоолгож, уг авто зогсоолын хууль бус эзэмшлээс хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ******* дүүрэг, ******* хороо, *******хороолол, ******* гудамж, ******* дүгээр байрны ******* тоот ******* м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг, ******* тоот авто зогсоолын хамт ******* гэх хүнээс худалдаж авсан. ******* нь орон сууцыг худалдахдаа ******* тоот авто зогсоолыг 2016 оноос хойш эзэмшиж байгаа гээд СӨХ-ны тодорхойлолттой хамт хүлээлгэж өгсөн. Өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй шалтгаан нь байрыг барьсан компани сураггүй болсноос өмчлөлийн гэрчилгээ гаргуулах боломжгүй болсон гэдэг. Тодорхойлолтыг үндэслэн байраа худалдахдаа авто зогсоолтой гэж хэлж худалдсан. Байр авсны дараа хажуу өрөө хөлсөлсөн хүнд зогсоолоо ашиглуулсан ч тэр хүн ашиглаагүй, харин ******* тоотын ******* гэх хүн авто зогсоолд автомашинаа тавьж өвөлжсөнийг байрны СӨХ-ны даргаас мэдсэн. Хавар нь *******тэй утсаар ярьж автомашинаа гаргах талаар шаардлага тавьсан ч ******* нь ...энэ зогсоол ямарч бичиг баримтгүй зогсоол, би хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Цаашдаа утсаар ярихаар утсаа авдаггүй, зогсоолоос автомашинаа холдуулж чөлөөлж өгөөгүй учраас ашиглах ямарч боломж бидэнд байгаагүй,******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байрны доор байдаг, ******* тоот авто зогсоолын эзэмшигч мөн болохыг тогтоож, хариуцагч *******т тухайн зогсоолыг чөлөөлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******ын эзэмшлийн ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот халаалтгүй хүйтэн зогсоолыг 2023 оны 10 сард тохиролцож сарын 90,000 төгрөгөөр 2023 оны 10-12 дугаар сарыг дуустал 3 сарын хугацаатай түрээсэлж, төлбөр 270,000 төгрөгийг *******д бэлнээр өгч, мөн cap бүрийн зогсоолын СӨХ-ны төлбөр 7,000 төгрөгийг тухайн байрны "******* СӨХ-д төлж түрээслэсэн. Мөн түрээсийн хугацаа дуусахын өмнө *******тай тус байрны ******* тоот зогсоолыг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар ярилцан тохирч, 4,000,000 төгрөгийг бэлнээр, 16,000,000 төгрөгт нь ******* дүүргийн ******* хороо, ******* аманд байх 2 айлын газрыг өгч ******* тоот зогсоолыг худалдан авч, одоог хүртэл зогсоолын төлбөрөө "******* СӨХ-д cap бүр төлж, их борооны үеэр ус хальж орсон, лаг шавар, хог зэргийг цэвэрлэж, зогсоолын хаалганы засвар үйлчилгээний төлбөрт зогсоол эзэмшигчид тус бүр 190,000 төгрөгийг өгч засварлаж өнөөдрийг хүртэл цэвэрлэж, эзэмшиж, ашиглаж байна. Зогсоолынхоо өмчлөх эрхийн гэрчилгээ нь тус байрыг барьсан "******* ХХК дампуурч, захирал нь гадагш явснаас одоог хүртэл гэрчилгээ гаргуулж чадаагүй. Гэтэл 2024 оны 4 дүгээр сард ******* нь "******* тоот зогсоолын эзэн байна" мессежийг ******* дугаар руу илгээсэн байсан. Тэгээд ******* нь *******тай холбогдож ******* тоот зогсоолыг ******* гэх хүнээс худалдан авсан талаараа хэлж уулзъя гэхэд ******* нь уулзаагүй хирнээ ...миний зогсоол хэмээн ямар нэгэн худалдаж авсан баримт өмчлөх эрхийн гэрчилгээгүйгээр маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот автозогсоолыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсьийн орлогод үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг татварын хэлтсээс, 70,200 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. ******* нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, *******байрны *******тоот ******* өрөө орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлсэн ч ******* тоот авто зогсоолын талаар гэрээнд нэг ч үг тусгагдаагүй. Гэтэл шүүх шилжүүлэн авсан нь гэрч ******* ийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. ******* СӨХ нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрч *******д, ******* СӨХ нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч *******т, Шинэ 55 СӨХ нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч *******д нарт тус бүрт нь *******тоот авто зогсоолыг эзэмшдэг гэсэн тодорхойлолт ирүүлсэн байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр ******* СӨХ-ны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот тодорхойлолтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, *******ийн ******* тоот зогсоолыг эзэмшиж байсан талаарх мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдоогүй, гэрч мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадахгүй, гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн *******дугаар албан бичгээр ....******* тоот зоорийн давхрын ******* тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна... гэсэн байхад дээрх эргэлзээтэй баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус заасан. Нэхэмжлэгч тус 14 тоот авто зогсоолыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй, гэрээний үндсэн дээр эзэмших эрх үүсээгүй, зогсоолын татвар хураамжийг нэг ч удаа төлөөгүй, хариуцагчийг эзэмшиж эхэлснээс хойш жилийн дараа гэнэт шүүхэд хандсан байдал болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг зэргээр нотлогдож байхад шүүх шударга эзэмшигч гэж тогтоож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Мөн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт "... эрх шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж тус тус заасан. Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг шударга эзэмшигч гэх боломжгүй тул энэхүү 14 тоот авто зогсоолын шударга эзэмшигчээр тогтоолгох, авто зогсоол чөлөөлөхийг шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдол нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолсон. Гэтэл хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******т холбогдуулан, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны зоорийн давхарт орших ******* тоот авто зогсоолын эзэмшигч болохыг тогтоолгож, хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг авто зогсоолыг иргэн *******аас худалдан авсан, зогсоолын цэвэрлэгээ, засвар, үйлчилгээг хариуцан бодитоор эзэмшиж байгаа гэж тайлбарлан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Маргаж буй ******* тоот авто зогсоолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй бөгөөд зохигчийн хэн нь уг авто зогсоолыг хууль ёсоор эзэмших эрхтэй эсэх асуудлаар маргасан байна.

Нэхэмжлэгч ******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж ******* байрны ******* тоот хаягт орших ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэн *******эс худалдан авах үедээ тус байрны зоорийн давхарт байх ******* тоот авто зогсоолыг хамт худалдаж авсан гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохоор орон сууцыг худалдан авах үед зохигчийн маргаж буй *******тоот авто зогсоол хэний эзэмшилд байсныг илэрхийлэх агуулгатай ******* СӨХ-ны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай тодорхойлолт, *******тэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *******ээс гэрчийн мэдүүлэг авчээ.

Энэхүү баримтуудаас үзвэл ******* тоот авто зогсоолын эзэмшлийн талаар зохигчийн хооронд маргаан үүсэхээс өмнө тус авто зогсоол иргэн *******ийн эзэмшилд байсан нь тогтоогдсоныг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Хариуцагч энэ үйл баримтыг үгүйсгэж чадаагүй бөгөөд ...******* байрны ******* тоотын оршин суугч *******-аас ******* тоот авто зогсоолыг 2023.10-р сараас түрээслэн ... түрээсийн хугацаа дуусах үед түүнтэй тохиролцон 20,000,000 төгрөгөөр худалдан авсан тухай тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс тус ******* тоот авто зогсоолыг иргэн *******эс 2023 оны 06 сард шилжүүлэн авч эзэмших эрхтэй болсноо нотолсон байх тул түүний тайлбарыг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасантай нийцсэн гэж үзнэ. Хариуцагчийн хувьд иргэн *******аас тус авто зогсоолыг 2023 оны 10 сард шилжүүлж авсан гэх тайлбараа нотолж *******-ыг гэрчээр асуулгахаар шүүхэд хүсэлт гаргаагүй, мөн ******* нь ******* байрны ******* тоотод амьдарч байсан гэх байдал хэргийн баримтаар үгүйсгэгдсэн тул мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ хариуцагч ******* биелүүлээгүй гэж дүгнэнэ.

 

6. ******* СӨХ-оос 2023 оны 05 дугаар сарын 10, мөн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, Шинэ 55 СӨХ-ны 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус гаргасан тодорхойлолтоор нэхэмжлэгч, хариуцагч нарыг тухайн ******* байрны ******* тоот авто зогсоолыг эзэмшдэг болохыг тодорхойлжээ. Эдгээр тодорхойлолтууд нь зохигчийг тус ******* тоот авто зогсоолын эзэмшлийн талаар маргаж эхэлсний дараа гаргаж өгсөн бөгөөд нэг СӨХ-оос талуудын хэн алинд нь ******* тоот авто зогсоолыг эзэмшдэг гэсэн тодорхойлолт гаргаж өгчээ. Иймээс эдгээр тодорхойлолтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар энэхүү хэрэгт ач холбогдолтой бөгөөд үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

7. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь уг ******* тоот авто зогсоолыг иргэн *******эс худалдан авах замаар эзэмшилдээ авсан болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Хариуцагч *******ийн хувьд 14 тоот авто зогсоолыг тодорхой хугацаанд эзэмшилдээ байлгаж, засварт мөнгө төлж, цэвэрлэгээг хариуцаж байсан нь түүний эзэмшлийг мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаар хууль ёсны болохыг нотлохгүй. Иймээс шүүх хариуцагч *******ийг тус ******* тоот авто зогсоолыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс ******* тоот авто зогсоолыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх зохигчийн хэн нь ч уг авто зогсоолын өмчлөгч болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн шаардах эрхийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж, шийдвэрийн тогтоох хэсэгт уг заалтыг баримталсан нь оновчгүй болжээ. Хууль ёсны эзэмшигчийн хувьд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэх учир шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж залруулна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 гэсэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03591 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1... гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

Э.ЭНЭБИШ