| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0837/Э |
| Дугаар | 877 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 877
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Р., түүний өмгөөлөгч Г.Өлзий-Орших нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Р-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 00117 1011 дугаартай хэргийг 2019 оны 07дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Р-ийн О, Монгол Улсын иргэн, 1965 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группд байдаг, ам бүл тав, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 62 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Р.О нь 2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын ** тоотод Б.Т-ийн цүнхнээс бэлэн 600,000 төгрөгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсангэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овогт Р-ийн О нь 2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын *** тоотод Б.Т-ийн цүнхнээс бэлэн 600,000 төгрөгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан”үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1.Шүүгдэгч Р.О-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би тэр үед зээ нараа хараад гэртээ байж байсан. Тэгэхэд Б над руу яриад “би Солонгосоос ирчихсэн байна хоёулаа уулзах уу” гэхэд нь би уулзаагүй. Хэд хоногийн дараа дахин над руу залгасан. Б “би Солонгосоос ирээд удаагүй байна, удахгүй буцна, хоёулаа уулзъя” гэж хэлсэн. Урьд нь надад Солонгосоос гоо сайхны иж бүрдэл, пүүз, хувцас авч өгнө гэж ярьдаг байсан. Тийм болохооравчирсан байх гэж бодоод гэрт нь очсон. Гэрт нь очиход намайг 0.75 литрийн хэмжээтэй сархад архи, хоолоор дайлсан. Би уг архинаас тал хүртэл нь уугаад согтсон. Тэгээд би хэсэг унтаж амраад сэрээд нэлээн ярьж суусан. Орой болсон байсан. Б намайг оролдоод миний хувцсыг тайлаад “би чамайг хүсэж байна хоёулаа унтъя” гээд байхаар нь би “юу яриад байгаа юм бэ, би хүсэхгүй байна” гэж хэлсэн. Намайг оролдоогүй байсан бол би тэр айлд хоноод явах байсан. Би Б-д “таксины мөнгө өгчих” гэж хэлэхэд цүнхэнд байгаа гэсэн. Би хар цүнх дотроос таксины мөнгө авсан, хэдэн төгрөг авснаа мэдээгүй “явлаа шүү” гэж хэлээд гараад явсан. Гараад таксинд суугаад нэг мэдэхэд гэртээ ирсэн байсан. Гэртээ ирээд мөнгийг тоолоход 420,000 төгрөг байсан. Таксинд 10,000 төгрөг өгсөн санагдаж байна. Миний нөхөр 6 жилийн өмнө нас барсан. Намайг эмнэлэгт ажилладаг байхад Б хоёр танилцаж хааяа уулздаг болсон, бид хоёр дотно харилцаатай байдаг байсан...” гэсэн мэдүүлэг;
2.Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын *** тоотод 2 өрөө байранд би нөхөр Б, 11 настай хүү А нарын хамт гурвуулаа амьдардаг. Би Гурван төгс зочид зохион байгуулагчийн ажил эрхэлдэг бөгөөд 24 цаг гараад 48 цаг амардаг юм. Миний нөхөр Б мөн адил манай зочид буудалд ажилладаг. Би 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тухайн буудалд 24 цагийн үүрэг гүйцэтгэж хоносон бөгөөд 27-ноос 28-нд шилжих шөнө 00-02 цагийн хооронд байх яг цагийг нь одоо сайн санахгүй байна, миний нөхөр Б надруу утсаар залгаад “чиний түрийвчинд байсан мөнгө чинь алга болчихсон байна, чи мөнгө авсан уу үгүй юу” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм, би байрныхаа мөнгийг урд өдөр нь тушаасан, наад түрийвч дотор чинь мөнгө байгаа битгий худлаа тоглоод байгаарай” гэж хэлэхэд нөхөр “мөнгө чинь байхгүй болчихсон байна” гэж хэлээд утсаа салгасан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 12 сарын 28-ны өдөр гэртээ ирээд нөхөр Б-тай уулзахад мөнгийг чинь алдчихлаа гэхээр нь чи гэрт хүн авчирсан юм уу гэж хэлээд би Д руу залгаад чи манайд ирсэн юм уу гэтэл танайд нэг эмэгтэй байсан гэж хэлсэн. Тэгээд нөхрөөсөө асуутал “О ирээд шөнө гараад явсан, харин Д манайд хоол идээд гараад явсан. Чиний мөнгийг О шөнө хулгайлаад явчих шиг боллоо” гэж хэлсэн. Би жижиг өрөөнд байдаг шар өнгөтэй хувцасны шкаф дотор, цэнхэр өнгийн эмэгтэй хүний цүнх дотор улбар шаргал өнгийн арьсан түрийвч дотор бэлэн 640,000 төгрөг хийсэн байсан бөгөөд хэтэвчний арын тасалгаанд байсан 40,000 төгрөг нь үлдээд урд талын тасалгаанд нь байсан 600.000 төгрөг нь алга болсон байсан. Тухайн мөнгөнүүд бүгд бүхэл 20,000 төгрөгийн дэвсгэртүүд байсан.Би тухайн алдагдсан мөнгийг сарын өмнөөс цуглуулж байсан бөгөөд аавын сувиллын эмчилгээнд өгөх гээд хадгалж байсан. Өөр зүйл алдагдаагүй бөгөөд түрийвчийг нь үлдээгээд дотор нь байсан 600,000 төгрөгийг аваад явсан байсан. Би О гэх эмэгтэйг танихгүй. Манай нөхөр Б урьд нь таньдаг байсан юм билээ. Би ганц удаа л харж байсан бөгөөд манай нөхөрт дусал хийх гэж манайд ирж байсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал);
3.Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 27-ний өдөр орой 20 цагийн үед гэртээ би ганцаараа амарч байсан бөгөөд гаднаас миний танил Огэдэг эмэгтэй ирсэн. Тухайн эмэгтэй манайд ирэхээр нь би дэлгүүрээс 0,5 литрийн архи авч өгсөн. Тэр үед гадаа манай найз Д ирж таарсан. Бид гурав хоол хийж идсэнийг дараа Д харилаа гээд 23 цагийн үед явсан. Харин О бид хоёр үлдсэн бөгөөд О манайд хоноод явна оройтчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би газарт ор засаад хэвтсэн, О хажуу талын орон дээр сууж байсан.Тэгээд би хэсэг зуур унтчихсан байсан ба 00 цаг 30 минутын орчим хаалга онгойх чимээ чимээ гарахаар нь сэрээд хартал О гараад явж байсан. Би өндийгөөд “орой болчихсон байхад хаашаа явах гэж байгаа юм” гэж асуутал О “үгүй үгүй би явахгүй болохгүй” гэж хэлээд яваад өгсөн. Би араас нь хувцсаа өмсөөд гарахад хаашаа явсан нь мэдэгдэхгүй их хурдан алга болчихсон байсан. Би гэртээ буцаж орж ирээд хувцасны шкафын хаалга онгорхой байхаар нь гайхаад дотор нь байсан эхнэрийн цүнхэнд байсантүрийвчийг нь үзэхэд мөнгө байхгүй болчихсон байсан....Би 2000 онд эмнэлэгт хэвтэж байхад О сувилагч ажилтай байсан юм. Халдвартад ажиллаж байхад нь танилцаж байсан юм. Манай эхнэр сайн танихгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал);
4.Гэрч Э.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О миний ээж байгаа юм. Би ээжийг ямар гэмт хэрэгт холбогдсон талаар мэдэж байгаа. Ээж надад өөрөө “хүний мөнгө хулгай хийсэн, яг хэдэн төгрөг хулгай хийснээ санахгүй байна” гэж хэлээд уйлаад байсан. Мөн хулгай хийсэн мөнгөөрөө өөртөө хувцас авсан гэж хэлсэн Манай ээж хааяа бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг...Би Б гэх хүнийг нэг удаа гэртээ харж байсан. Ээж, Б нарыг найзууд гэж боддог...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас);
5.Шүүгдэгч Р.О-ын иргэний иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 51 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 27 дугаар хуудас);
6.Шүүгдэгч Р.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 сарын 27-ны өдөр миний дугаар луу хуучны танил Б залгаад “сонин юу байна, завтай байна уу, хоёулаа уулзах уу” гэж асуугаад бид хоёр өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Драгон төв дээр уулзаад гэрлүү нь буюу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын 48 дугаар байрны 141 тоотод очсон. Б надад хоол, цай хийж өгөөд байж байснаа 0.75 граммын Сархад архи гаргаж өгсөн. Тэгээд бид хоёр хувааж ууж байгаад шөнийн 00 цагийн үед санагдаж байна би тасраад унтсан байсан. Би гэрлүүгээ яараад Б-аас “таксины мөнгө өгөөч би гэрлүүгээ явах гэсэн юм” гэхэдБ “надад таксины мөнгө” гэж хэлээд унтаад байсан. Тэгэхээр нь нөгөө өрөөнд нь ороод Б-ын нэг хар цүнх байхаар нь таксины мөнгө байж магадгүй гээд ухсан чинь баахан 20,000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Тэгэхээр нь тэр мөнгөнөөс нь атгаж аваад Б-т “би явлаа шүү” гэж хэлээд гэрээс нь гараад явсан. Тухайн үед би охиныдоо согтуу очихоос айгаад Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1000, Цагаан байрны 62-03 тоот гэртээ таксигаар очоод цүнхээ ухаад үзсэн чинь баахан 20,000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Би Б-ын гэрийн жижиг өрөөнд хувцасны бор өнгийн шкафын хаалгыг онгойлгоод хар өнгийн цүнх байхаар нь цүнхний дотор байсан түрийвчнээс 20,000 төгрөгийн дэвсгэртүүдийг атгаад авсан юм. Би таксины жолоочид хэдэн төгрөг өгснөө мэдэхгүй, би Дэнжийн 1000-д байдаг гэртээ хоноод маргааш өглөө нь Б-ын гэрээс хулгай хийсэн мөнгөө тоолоод үзэхэд 420,000 төгрөг байсан. Би хулгай хийсэн мөнгөөрөө өөртөө хувцас аваад үрээд дуусгасан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ санаандгүй хулгай хийсэн байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас)зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Р.О-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хохирогч Б.Т-ийн цүнхнээс биед байдлаар 600,000 төгрөг алдагдсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нийт 600,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Р.О-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцлоо.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын бага хэмжээнээс дээш үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Р.О-ыг“хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.О нь хохиролд 600,000 төгрөг төлсөн талаарх баримтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэдгийг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Р.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Р.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө бусдаас 600,000 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Гэмт хэргийн зүйлчлэлийг тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн мэдүүлгээс үзэхэд Б-тай 2000 оноос эхлэн танил болсон, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б О руу залгасан ба Б-ыг хүссэний үндсэн дээр О гэрт нь ирсэн байна. Уулзаагүй удсан хүмүүс учраас нэлээн ярьж хөөрч архи уусан. Орой 00 цаг болоход Б зүй бус үйлдэл гаргасан. Шүүгдэгч энэ нөхцөл байдлыг эрс татгалзаад гараад явах гэтэл таксины мөнгө байгаагүй тул Б-ын цүнхэнд байсан мөнгөнөөс тоололгүйгээр атгаж аваад явсан гэдэг нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хохирогчийн зүй бус үйлдэл гэдэг учир нь цүнхэнд мөнгө байгаа гэдгийг Б өөрөө хэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тэнсэн харгалзаж болно гэж заасан байгаа тул түүнд хорих ял оногдуулахгүйгээртэнсэж өгнө үү..” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээ бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Р.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл,38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овогт Р-ийн О-ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан“хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-ыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Р.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.О-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА