Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 14

 

 

Д. Жанчив-Ишид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                    Хэргийн индекс 132/2017/0008/Э

 

           Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

            Прокурор                                                  Ц.Сувдаа

           Шүүгдэгч                                                   Д.Жанчив-Иш                                

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Ж.Нарантуяа                         

           Нарийн бичгийн дарга                             Г.Ангирмаа нарыг оролцуулан

 

          Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолтой Д.Жанчив-Ишт холбогдох 201606000303 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн  давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Могод сумын 5 дугаар багт оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, ГЕ75112414 регистрийн дугаартай, Хөхчин овогт Доржсүрэнгийн Жанчив-Иш.

          Д.Жанчив-Иш нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Г.Мягмаржавын 1 тооны үхрийг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол, 2016 оны 08 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Б.Нэргүйн 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор:

           Шүүгдэгч Хөхчин овогт Доржсүрэнгийн Жанчив-Ишийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Жанчив-Ишийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,

          Энэ хэрэгт шүүгдэгч Д.Жанчив-Иш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь санал, гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдаж,

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн олс болон хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисс-т даалгаж,

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  Портер маркийн 39-81 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Монел маркийн 32 инчийн телевизор, гал тогооны улаан өнгийн тавилга зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолтыг хүчингүй болгож,

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жанчив-Ишт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах гомдолдоо:  “ … Д.Жанчив-Иш нь 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ны хооронд Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутагт оршин суух Б.Нэргүйгийн улаан халзан зүсмийн эр шүдлэн үхэр, мөн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 16-ны хооронд тус багийн иргэн Г.Мягмаржавын хар зүсмийн нэг тооны эр үхрийг хулгайлсан гэх үйлдэлд нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд тус хэргээс 2016 оны 12 дугаар сард иргэн Б.Нэргүйгийн нэг тооны үхрийг хулгайлсан үйлдэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр сэжигтэн, яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож машин механизм ашигласан болох нь тогтоогдоогүй үндэслэлээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар түүнд ял өөрчлөн сонсгож хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан.

            Гэтэл Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Жанчив-Ишид холбогдох хэргийг үндэслэлгүйгээр мөрдөн байцаалтанд буцаасан.

            Д.Жанчив-Иш нь 2016 оны 08 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө иргэн Б.Нэргүйн нэг тооны шүдлэн үхрийг хулгайлсан үйлдэлд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хэрэгсэхгүй болгох саналтай ирүүлсэн хэргийг “яллагдагч Д.Жанчив-Иш нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн нь, учруулсан хохиролоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан, хохирогч Б.Нэргүй нь яллагдагч Б.Жанчив-Иштэй сайн дураар эвлэрсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Д.Жанчив-Ишид холбогдох эрүүгийн 201606000222 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол нь үндэслэлтэй байсан бөгөөд эрүүгийн хэргийг хянаж шийдвэрлэх  үед өмнөх үйлдэл нь илрээгүй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон.

            Эрүүгийн 201606000222 дугаартай хэрэгт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж прокурорын хяналтын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ял хүндрүүлэхээр буцааж улмаар зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэж шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт “… 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийн талаарх нотлох баримт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд дурьдсан хугацааны дотор шинээр илэрвэл уг хэргийг сэргээн шалгаж болно” гэж заасан.

            Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон дээрх хэрэгт нотлох баримт шинээр илэрвэл сэргээн шалгаж болно гэж заагаагүй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 “Энэ хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бол дээд шатны прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээнэ” гэсэн заалтыг буруу баримтлан, шүүх зүйлчлэлийг хүндрүүлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.

           Булган аймгийн Цагдаагийн газар шүүгдэгч Д.Жанчив-Ишийг 2015 оны 12 дугаар сарын 26-28-ны хооронд Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн иргэн Б.Нэргүйн нэг үхэр, 2016 оны 08 дугаар сарын 10-15-ны хооронд мөн багийн иргэн Г.Мягмаржавын нэг үхрийг тус тус хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

           Мөрдөн байцаалтын явцад дээрх үйлдлээс  “...Б.Нэргүйн нэг үхрийг хулгайлсан…, гэсэн үйлдлийг эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд    прокурорын 2016-12-21-ний өдрийн 5/43 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож,  Д.Жанчив-Ишийг зөвхөн Г.Мягмаржавын нэг үхрийг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           Гэтэл анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2017-01-18-ны өдрийн 21 дугаар захирамжаар “...хохирогч Б.Нэргүйн нэг үхрийг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол үндэслэлгүй байна…,  Д.Жанчив-Иш нь гэмт хэргийг давтан үйлдсэн тул дээрх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зөвтгөх шаардлагатай...” гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаасныг аймгийн Прокурорын газар хүлээн авч,  хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн, өөрчлөн зүйлчилж, Д.Жанчив-Ишийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

            Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд прокурор буюу эрх бүхий этгээд   хуульд заасан үндэслэл, журмын  дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд хэрвээ үүнийг буруу гэж үзвэл дээд шатны прокурор тогтоолыг хүчингүй болгох, хэргийг сэргээх эрхтэй бөгөөд харин шүүх үүнийг буруутгах, тухайлбал хэрэг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгох эрх байхгүйгээс гадна  шүүхээс хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах  үндэслэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тодорхой заасан байдаг.

            Түүнчлэн шүүх хэргийг хүлээж аваад  ...шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь “зөвхөн шүүгдэгчийн хувьд”  түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах... бөгөөд харин ялыг хүндрүүлэхээр буцаах үндэслэл байхгүй болохыг анхааралгүй шүүгдэгч Д.Жанчив-Ишийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийж, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар ял оногдуулсан нь үндэслэлгүй байна

           Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн энэ талаар бичсэн давж заалдах гомдол хуулийн үндэслэлтэй байх тул хүлээн авч, шүүгдэгч Д.Жанчив-Ишийн  үйлдлийг  “...Г.Мягмаржавын нэг үхрийг хулгайлсан...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

           Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1., 208 дугаар зүйлийн 208.1.1., 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

          а/  Булган аймгийн Прокурорын газраас Хөхчин овогт Доржсүрэнгийн Жанчив-Ишийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1. болгон өөрчилсүгэй гэсэн нэмэлт оруулж,

           б/  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Шүүгдэгч Д.Жанчив-Ишийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

            в/  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д заасныг баримтлан Доржсүрэнгийн Жанчив-Ишийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1.д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.т заасныг баримтлан түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

       2. Д.Жанчив-Ишид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

       3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.д зааснаар Д.Жанчив-Ишийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

       4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

                                      

             ШҮҮГЧ                                                    Ц.ТУЯА

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ё.БЯМБАЦЭРЭН