Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 28

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “ А ” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн иргэн Адууч овогт Наваанын Очирпүрэвийн нэхэмжлэлтэй;

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргад холбогдох;

 

Гуравдагч этгээд: Б.Батбилэг

 

Нэхэмжлэлийн шаардлага: Онгон сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, мөн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгож, Онгон сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Очирпүрэв, хариуцагч Онгон сумын Засаг дарга О.Үнэнбор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Очирпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Очирпүрэв миний бие 1959 онд төрсөн. 58 настай, ам бүл 4, эхнэр, хүү ач охины хамт амьдардаг. Дээд боловсролтой, математикч, математикийн багш, төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй. 1982 онд МУИС, 2004 онд удирдлагын академийг төгссөн. Төрийн албанд нийт 35 жил ажиллаж байгаа, үүнээс 14 жилийг боловсролын байгууллагад, 21 жилийг төрийн захиргааны байгууллагад тасралтгүй ажиллаж байна. Төрийн албаны шалгалт өгч төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч. 2009 оноос 2016 оны 02 сар хүртэл, 2017 оны 03 сарын 31-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж ирсэн. Гэтэл албан үүргээ зохих хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байтал 2017 оны 06 сарын 02-ны өдөр гэнэт сумын Засаг дарга захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн. Чөлөөлсөн шалтгаан нь: 1. Эрүүл мэндийн хувьд энэ ажлыг хийх боломжгүй

      2. Орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан гэж үзжээ. 

           Миний оронд түр үүрэг гүйцэтгэгчээр  томилогдсон Баатар овогтой Батбилэг нь Ардчилсан намын гишүүн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, өмнө нь багийн Засаг даргын ажлыг 3 жил хийсэн. Өөр төрийн захиргааны албанд нэг ч хоног ажиллаагүй болно. Төрийн албаны шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй, удирдах ажилтны шалгалт өгөөгүй, ямар ч төсөв захиран зарцуулах эрхгүй болно.

           Иймд дараах шалтгаануудын улмаас уг захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. 

           1. Энэ захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн ямар ч зүйл заалтыг үндэслээгүй, сонсох мэдэгдэх үйл ажиллагаа хийгдээгүй.

           2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн боловч энэ хуулийн 40.5-д заасан “хуулийн 40.1.2 дахь заалтаар ажлаас халж ,гэрээ цуцалж байгаа бол тухайн ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчжээ. Надад албан ёсоор мэдэгдээгүй. 

          3. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт “нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтыг зөрчсөн. 

          4. Засаг дарга захирамжийг надад танилцуулахдаа би ч гэсэн шүүх дээр асуудалтай байгаа, нам дээрээс шахаад байна, шийдвэр гаргахаас өөр арга алга гэсэн тайлбар хэлсэн. Эндээс үзэхэд энэ шийдвэр нь намын харъяалал харсан цэвэр улс төрийн шинж чанартай шийдвэр болох нь тодорхой байна. Миний хувьд намаас түдгэлзээд 9 жил болж байна. 

          5. Өмнө нь намайг Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон захирамжийг хүчингүй болгосон заалт байхгүй. Иймд миний өмнөх захирамж хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй. 

          6. Өмнө нь түр хугацаанд ажилгүй байхдаа групп тогтоолгосон нь ажилдаа тэнцэхгүй гэсэн  дүгнэлт биш. Миний групп одоогоор зогсоогдсон байгаа. Энэ бол шалтгаан биш, шалтаг гэж үзэж байна. 

          7. Миний хувьд 2001 оны 07 сард төрийн албаны шалгалт өгч тэнцсэн. Улмаар 2001 оны 11 сарын 23-ны өдөр төрийн захиргааны албанд тангараг өргөсөн. 

          2005 онд удирдах ажилтны шалгалт өгч тэнцсэн, төсөв захирах эрхтэй. Одоо төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байгаа. 

           Энэ асуудлаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандсан боловч салбар зөвлөл байгуулагдаагүй гэсэн хариу ирсэн тул шүүхэд хандаж байна. 

         Иймд Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгож, намайг Онгон сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Онгон сумын засаг дарга О.Үнэнбор шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэл гаргасан Н.Очирпүрэвийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч нь төрийн байгууллагад олон жил ажилласан тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч гэж дурджээ. Н.Очирпүрэв нь 2016 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол ардын намаас Онгон сумын 2 дугаар багт нэр дэвшсэн. Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул Н.Очирпүрэв нь тангараг өргөсөн төрийн албан хаагч биш гэж гэж үзэж байна. Тэрээр сонгуульд нэр дэвшихдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 

 

Сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон Баатар овогтой Батбилэг нь төрийн албанд 3,8 жил ажилласан. Хуулинд төрийн албанд ажилласан байх шаардлага заагаагүй бөгөөд бусад холбогдох албан тушаалын шаардлагад төрийн албанд ажилласан байх гэж заадаг бөгөөд заавал төрийн захиргааны албан тушаал эрхэлсэн гэж заагаагүй байгааг дурдах нь зөв байх. Аймгийн хэмжээнд төрийн албаны шалгалт зарлагдаагүй тул Б.Батбилэг нь төрийн албаны болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй болно. 

Миний бие нь Н.Очирпүрэвийг шийдвэр гаргахын өмнө уулзаж таны ажлыг хөнгөвчилөн ажиллуулах саналтай байгаагаа хэлсэн боловч тэрээр татгалзсан. 

Иймд би энэхүү танилцуулсан байдлыг албан ёсоор мэдэгдсэн гэж үзэж байна. 

Н.Очирпүрэв нь өөрөө Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлгийг төрийн албаны болон удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд хүргүүлэх нь зөв гэж үзэж байна. Н.Очирпүрэв нь намын харъяаллын дагуу Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон. Мөн Н.Очирпүрэв нь 2016 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын намаас нэр дэвшсэн хэрнээ намаас түдгэлзээд  жил болж байна гэж шүүхийн байгууллагад худал мэдээлэл өгч байна.

 Мөн түүнчлэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь “Онцгой комиссын штабын дарга”, “Цэргийн штабын дарга” зэрэг албан үүргийг давхар гүйцэтгэдэг албан тушаал юм. 

Уг алба нь аливаа байгалийн гамшиг болон онцгой нөхцөл үүссэн тохиолдолд цэрэгжүүлсэн байдалд ажиллах ёстой байдаг. 

Иймд Наваан овогтой Очирпүрэвийн биеийн эрүүл мэндийн байдал уг албан тушаалд тэнцэхгүй гэж үзэж байна гэв. 

 

Гуравдагч этгээд Б.Батбилэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баатар овогтой Батбилэг миний биеийг Наваан овогтой Очирпүрэвийн Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу гуравдагч этгээдээр татжээ. 

Уг нэхэмжлэлд миний биеийг удирдах албан тушаалтны шалгалт өгөөгүй, намын гишүүн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, төрийн ажлын туршлагагүй тул Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлыг хийх боломжгүй тухай дурджээ. 

Миний бие нь 1988 онд төрсөн, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамтаар амьдардаг. 2011 онд МУИС, 2016 онд удирдлагын академи төгссөн. Математикч, математикийн багш, ТУ-ын менежер мэргэжилтэй. Төрийн захиргааны чиглэлээр төрийн байгууллагын удирдлага, нутгийн удирдлагаар мэргэшиж төгссөн. 2013-2017 онд багийн Засаг даргаар төрийн албанд 3,8 жил ажиллаж байсан туршлагатай тул Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллахад мэргэжил, ур чадварын хувьд дутахгүй гэж үзэж байна. Хуулинд төрийн албанд ажилласан байх шаардлага заагаагүй бөгөөд бусад холбогдох албан тушаалын шаардлагад төрийн албанд ажилласан байх шаардлага зааж өгсөн байдгийг дурдах нь зөв байх. Аймгийн хэмжээнд төрийн албаны шалгалт зарлагдаагүй тул төрийн албаны болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй болно гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

      Нэхэмжлэгч Н.Очирпүрэв нь нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар аймгийн Онгон сумын засаг даргын “ Н.Очирпүрэвийг Тамгын газрын даргын үүрэгт  ажлаас чөлөөлөх тухай ” 2017 оны 06 дугаар сарын 02-ны Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгож, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэж тодорхойлсон.

 

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Онгон сумын Засаг даргын “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” 2017 оны 06 дугаар сарын 02-ны Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

      Нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Сүхбаатар аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг 2017 оны 06 дугаар сарын 07-ний 3/869 дүгээр албан бичгээр гомдолд хариу өгсөн байна.

 

      Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

      Нэхэмжлэгч Н.Очирпүрэв нь төрийн захиргааны албанд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, Онгон сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний Б/02 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон төрийн захиргааны албанд дахин орж ажиллаж байсан.

 

      Онгон сумын Засаг дарга О.Үнэнбор нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны “Н.Очирпүрэвийг Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/14 дүгээр сөрөг нөлөөлөл бүхий захирамжийг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Н.Очирпүрэвт шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах боломж олгоогүй буюу сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг бүрдүүлээгүй, шийдвэрт хяналтын дагалдах хуудас байхгүй байгаа зэргээр захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг зөрчсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

      Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “ Захиргааны үйл ажиллагаанд Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ ”, 4.2.5-д “ зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ” , 4.2.6-д “ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимтай нийцээгүй байна.

 

Мөн захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-д “ захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг, 40 дүгээр зүйлийн 40.4-д “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэсэн хуулийн шаардлагыг тус тус хангаагүй байна.

 

      Нөгөө талаас хариуцагч “Н.Очирпүрэвийг Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 06 дугаар сарын 02-ны Б/14 дүгээр захирамж гарсан нэг үндэслэл нь” эрүүл мэндийн хувьд албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон ” гэсэн байдаг. 

 

      Нэхэмжлэгч Н.Очирпүрэвт Сүхбаатар аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2014 оны 03 дугаар сарын 06-аас хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тахир дутуугийн тэтгэвэр олгогдож эхэлсэн. Мөн комиссын шийдвэрээр 2016 оны 12 дугаар сарын 06-наас оношийн заалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар тогтоож, тахир дутуугийн тэтгэврийг үргэлжлүүлэн олгож байсан ба 2017 оны 06 дугаар сарын 14-нд ЭХМК-оос хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцалсан байна.

 

      Монгол улсын дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд “... эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Очирпүрэв ажлаас чөлөөлөгдөх үед тахир дутуугийн тэтгэвэр авч байсан нь түүнийг эрхэлж буй албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан гэж үзэх боломжгүй хийгээд энэ талаар магадлах комиссын шийдвэр гараагүй байна. 

 

  Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтууд болон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1 дэх заалтыг   зөрчиж гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 4.2.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Наваан овогтой Очирпүрэвийг Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/14, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/15 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Очирпүрэвийг Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.186.243 /гурван сая нэг зуун наян зургаан мянга хоёр зуун дөчин гурав / төгрөгийг Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Н.Очирпүрэвт олгохоос урьд олгосон тэтгэлэг 608.621 /зургаан зуун найман мянга, зургаан зуун хорин нэг/ төгрөгийг хасч үлдэгдэл 2,577,622 ( хоёр сая таван зуун далан долоон мянга зургаан зуун хорин хоёр / төгрөгийг олгож, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Онгон сумын Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.ЭРДЭНЭТУЯА