Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2026/0046

 

Н.Ө-гийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                           Г.Банзрагч

Шүүгчид:                                           Д.Батбаатар

   М.Батсуурь

                                                               Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                                 П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:                 Б.Энхжаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0741 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2026/0038 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: Нэхэмжлэгч Н.Ө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц (цахимаар) нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 136 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/2559 дүгээр актыг хууль бус болохыг тогтоож, газрын байршил өөрчлөн олгохыг даалгах,

2.Хэргийн нөхцөл байдал: Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/402 дугаар захирамжаар Н.Ө-д ********* нутаг дэвсгэрт байрлах 11,000 мкв газрыг зуслангийн зориулалтаар, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/413 дугаар захирамжаар 15,000 мкв газрыг сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн. Улмаар 2022 онд нийслэл, дүүргийн хилийн цэсийг шинэчлэн тогтооход Н.Ө-гийн эзэмшлийн газарт хаягийн өөрчлөлт оруулж, 21,000 мкв газрыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны харъяалал болох Энгэр шанд болон Дээдийн их ам хэмээх нэртэй байршилд, харин үлдсэн 5,000 мкв газрыг Налайх дүүргийн харьяаллаар үлдээсэн байдлаар хилийн цэсийг тогтоосон. Иймд нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийг баталгаажуулах, гэрээ байгуулан, гэрчилгээ шинэчилж авахаар хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу өгсөн тул шүүхэд хандсан, уг нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна.

2.1.Н.Ө-гаас 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нийслэлийн Засаг даргад хандан “Шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тохиромжтой байршилд тогтоосон хэмжээгээр, газрын байршил өөрчлүүлэх” тухай хүсэлт гаргасан боловч нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/2559 дүгээр албан бичгээр “... Налайх дүүргийн Засаг даргаас анх газрыг эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн, Усан сангийн онцгой хамгаалалтын бүстэй давхацсан тул газрын байршлыг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгчээ.

3.Нэхэмжлэгчээс “... Өмнөх шүүхийн шийдвэрээр харьяалах дүүргийн Засаг даргад газрын байршлыг өөрчлүүлэн шийдвэрлэхэд энэ шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдсан тул газрын байршлаа өөрчлүүлэх хүсэлт гаргасан, нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул шилжүүлэхээс өөр арга байхгүй, бид Баянзүрх дүүрэгт хамаарч байгаа 21,000 мкв газраа шилжүүлэх талаар маргаж байгаа, захиргааны байгууллага итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй байна. Налайх дүүргийн Засаг даргын захирамжтай 2 газар маань ажлын хэсгийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн газар нутагт шилжсэн байгаа учраас өөр дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох, байршил шилжүүлэх эрх нь Баянзүрх дүүргийн Засаг даргад хуулиар олгогдоогүй тул нийслэлийн Засаг даргад хандсан” гэж, 

4.Хариуцагчаас “... Нэхэмжлэгчийн маргаан бүхий газар нь Туул голын 2 салаа хэсгийн дунд байрлалтай бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэл хотын усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай, анх газар олгохдоо л Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчиж газрыг олгосон тул одоо шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй, тухайн газрыг шинээр олж байгаа биш зөвхөн байршил сольж байгаа учраас тухайн дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломжтой, анхнаасаа хууль бусаар олгогдсон газар эзэмших эрх учраас газрын байршлыг өөрчлөх боломжгүй” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Нэхэмжлэгчийн Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны захирамжуудаар эзэмших эрхтэй болсон газар нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасан онцгой хамгаалалтын бүс тогтоох газарт хамаарч байсан боловч нэхэмжлэгчийг газар эзэмших үед тухайн газрыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор хамгаалалтад авсан шийдвэр гараагүй байсан, мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д эзэмшүүлэхийг хориглосон энэ заалт нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулиар нэмэгджээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэх үед газрыг эзэмшүүлж болохгүй буюу хориглоогүй байсан гэж үзэхээр байхад газрын албанаас анх газар олгохдоо усан сан бүхий хориглосон газарт газар олгосон гэж татгалзсан нь үндэслэлгүй болно.

5.2.Нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 69 дүгээр тогтоолоор баталсан Нийслэл хотын усан сан бүхий онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын бүстэй давхацсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д зааснаар хориглосон газарт газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй учир газрын байршлаа өөрчлөн эзэмшихээр хүсэлт гаргасан, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг өнөөдрийн байдлаар эрх бүхий байгууллагаас хүчингүй болгоогүй, газар эзэмших эрх нь дуусгавар болоогүй тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хамгаалах зүй ёсны шаардлагатай болно.

5.3.Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй тул түүний газрын байршлаа өөрчлүүлэх хүсэлт гаргах эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцнэ.

6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Нэхэмжлэгчийн эзэмшил газрын байршлын зураг болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 21 дүгээр магадлалаар 2.6 га нь бүхэлдээ Туул голын 2 салааны дунд байршилтай болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл анхнаасаа тухайн байршилд олгох боломжгүй газрыг зуслан, сувилалын зориулалтаар эзэмшүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн хууль ёсны илтгэлийг хамгаалах зарчим энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй.

6.2.Түүнчлэн шийдвэрт нэхэмжлэгчийн эзэмшил газрыг усны онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байна гэж дүгнэсэн хэрнээ газар эзэмших эрх үүсэх үед эзэмшүүлж болохгүй буюу хориглоогүй байсан гэсэн нь үндэслэлгүй, хэдийгээр цаг хугацааны хувьд дээрх журам болон Газрын тухай хуулийн холбогдох заалт нэхэмжлэгчид газар эзэмшүүлснээс хойш батлагдаж, дагаж мөрдөгдсөн ч Усны тухай хууль үүнээс өмнө 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан байна.

6.3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 884 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсгийн 17-д “нэхэмжлэгчээс газрын байршлыг өөрчлүүлэх, баталгаажуулахаар холбогдох Засаг даргад хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг тэмдэглэв” гэсэн нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосны үр дагавар нь зохих хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрхийг л хязгаарлахгүй гэсэн агуулгатай болохоос бус уг хүсэлтийг заавал биелүүлэхийг хариуцагчид үүрэг болгоогүй болно.

6.4.Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны нэр бүхий захирамжуудаар эзэмших эрх үүссэн газар нь Усны тухай хуулиар эзэмшүүлэхийг хориглосон онцгой хамгаалалтын бүстэй давхацсан учир хамгаалалтын дэглэм зөрчиж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг баталгаажуулан, гэрчилгээг шинэчлэн олгох боломжгүй талаарх Баянзүрх, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хариу албан бичгүүдийг хууль ёсны гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

6.5.Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10.3-т заасан зохицуулалт нь эрх нь хууль ёсны дагуу үүссэн боловч түүнээс хойш батлагдсан хууль, тогтоомжоор тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газартай давхацсан тохиолдолд тухайн эзэмшил газрын хэмжээ, байршлыг өөрчилж болох агуулгатай, гэтэл нэхэмжлэгчийн хувьд анхнаасаа олгогдох боломжгүй газарт газар эзэмшүүлсэн байх тул хуулийн энэ зохицуулалтын хүрээнд шүүхийн шийдвэрээр газрын байршлыг өөрчлөн олгохыг хариуцагчид даалгах боломжгүй гэжээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Давж заалдах шатны шүүх нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 3 дугаар зүйлийн 3.1.34 дэх заалтыг хэрэглэхдээ “гол мөрний татам” гэх ойлголтын бүрэлдэхүүн болох “голдирлын эргээс эхний дэнж хүртэлх нугын зурвас бүс” гэсэн хязгаарлалтыг буруу тайлбарласан, “нуга” болон “дэнж” гэсэн ойлголтыг хэл шинжлэл, газарзүйн шинжлэх ухаан, уламжлалт хэрэглээ зэргээр ялган авч үзээгүй.

7.2.Гол мөрний татмын хил нь нуга бүсээр хязгаарлагдах бөгөөд дэнж нь түүний дээд зааг болно. Гэтэл шүүх дэнж дээр байрласан газрыг хүртэл татамд хамруулсан нь хуулийн ойлголтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

7.3.Өмнөх шүүхийн шийдвэрээр “газрын байршлыг өөрчлүүлэх хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж тодорхой заасан. Энэ нь нэхэмжлэгчийн цаашид өөр шаардлага гаргах эрхийг нээлттэй үлдээсэн, иргэний итгэлийг хамгаалах зарчимтай нийцсэн гэж үзэж байна.

7.4.Гэтэл 2026 оны давж заалдах шатны шүүхээс өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг одоогийн нэхэмжлэлийн шаардлагатай адилтгасан. Өмнөх шийдвэрт “эрхийг хязгаарлаагүй” гэдгийг “шаардлага хэрэгсэхгүй болсон” гэж тайлбарласан байгаа нь өмнөх шийдвэрийн утга, зорилгыг гажуудуулсан, нэхэмжлэгчийн хууль ёсны хүлээлтийг үгүйсгэсэн байна.

7.5.Мөн давж заалдах шатны шүүхээс өмнө тогтоогдсон нөхцөл байдлыг дахин үнэлсэн, зарим үндэслэлийг өөрчилж тогтоосон, хавтаст хэргийг бүрэн судлаагүй хэргийг шийдвэрлэсэн нь процессын ноцтой зөрчил буюу “нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин хэлэлцэхгүй” зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

8.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаана” гэж заасан, энэ тохиолдолд анхан шатны шүүхээс хариуцагчийг буруу тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд холбогдох шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллагыг зөв тогтоогоогүй, нэхэмжлэлийн үндэслэл, захиргааны чиг үүргийг харилцан хамааралтай байдлаар дүгнээгүй, хариуцагчийг зөв тодорхойлоогүй, давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулах үүргээ биелүүлээгүй буруутай байна.

10.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр зүйлийн 11-ний өдрийн 884 дүгээр шийдвэрээр Н.Ө-гийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд “... нэхэмжлэгчийн Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны захирамжуудаар эзэмшиж буй нийт 26000 мкв газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан нийслэл хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн бүсийн онцгой хамгаалалтын Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн бүсийн онцгой хамгаалалтын бүсэд тус тус хамаарч байгаа болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3/2537 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож” гэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 21 дүгээр магадлалаар “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж буй бүхэлдээ биш, багахан газар нь усан сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд давхцаж таардаг гэсэн үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй” гэх зэрэг дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

11.Нэхэмжлэгчээс “2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нийслэлийн Засаг даргад хандан “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тохиромжтой байршилд тогтоосон хэмжээгээр, газрын байршил өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч захиргаа энэ хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан” гэж маргажээ.

12.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.4-д “энэ хуулийн 21.2.7-д заасны дагуу эрх шилжүүлэн авсан бол энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан шийдвэр гаргах”, 21.2.6-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх” гэж тус тус зааснаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, газрын байршил өөрчлөх асуудлыг шийдвэрлэх эрх тус дүүргийн Засаг даргад олгогдсон байна. Гэтэл энэ маргаанд хариуцагчаар оролцоогүй холбогдох тайлбараа гаргаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн.

13.Нийслэлийн Засаг даргаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “тухайн дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэж тайлбарласан байхад шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хамтран хариуцагчаар оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй буруутай байна.

14.Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж зааснаар энэхүү маргааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Баянзүрх дүүргийн Засаг дарга оролцох шаардлагатай, энэ нь маргааныг бүрэн, нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0741 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2026/0038 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД                                                             Д.БАТБААТАР

 М.БАТСУУРЬ

                                                                                 Ц.ЦОГТ

 П.СОЁЛ-ЭРДЭНЭ