Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01862

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/06270 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 28,757,586 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, чанаргүй зээлдэгчийн ангиллаас гаргахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч *******, ******* нар нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшлыг барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3,197,172 төгрөг, хүүгийн төлбөрт 974,599 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,247 төгрөг, нийт 4,173,019 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн. Зээлээ төлөхийг шаардсан боловч зээлээ төлөөгүй.

Зээлийн гэрээнд ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон тул зээлийн гэрээний үүргийг хариуцна.

Иймд хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,802,828 төгрөг, хүүгийн төлбөрт 15,264,505 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,690,254 төгрөг, нийт 28,757,586 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Хамтран үүрэг гүйцэтгэгч тухайн зээлийг захиран зарцуулах гэхээс илүү хамтран үүрэг хүлээдэг тул зээлийг барагдуулах үүрэгтэй.

Зээлийн гэрээнд ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Чанаргүй зээлдэгчийн ангиллаас гаргах эрх бүхий этгээд ******* биш. Иймд хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч *******ын татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Миний бие нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлдөг бөгөөд ******* нь зээлийн гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэж гуйсан учраас гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс ******* авсан цалингийн зээл надад хамааралгүй, уг зээлийг авах хүсэл зориг байгаагүй. Мөн 15,000,000 төгрөгөөс миний бие нэг ч төгрөг авч хэрэглээгүй.

Иймд надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудаас харвал *******д цалингийн зээл судлагдаж, мөн данс нээж, 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний надад холбогдох хэсэг болох хамтран үүрэг гүйцэтгэгч, гэрээний 2.1.2-т заасан зээлийн зориулалт цалингийн зээл, 2.1.1.2-т заасан олгох зээлийн хэмжээ 15,000,000 төгрөг гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, *******ыг чанаргүй зээлдэгчийн ангиллаас гаргахыг даалгаж өгнө үү.

 

3. Хариуцагч ******* татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Миний бие өөрөө ашиглах зорилгоор *******-аас зээл авсан. Уг зээлийн эргэн төлөлтийг тодорхой шалтгааны улмаас төлж чадахгүй болсон.

Тухайн үед ажлаасаа халагдсан, шүүхийн шийдвэрээр 1 жил 6 сар хоригдоод 2020 оны 1 дүгээр сард суллагдсан. Тухайн үед зээлийн төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдалтай байгаа талаарх хүсэлтийг холбогдох баримтын хамт өгч, өөрийн боломжоор төлбөрийг төлж байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 13,790,903 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.2. Хариуцагч *******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 25,635,523 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,122,063 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-д холбогдох, талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №ЗГ201843484418 тоот зээлийн Хамтран үүрэг гүйцэтгэгч, гэрээний 2.1.2-т заасан зээлийн зориулалт цалингийн зээл, 2.1.1.2-т заасан олгох зээлийн хэмжээ 15,000,000 төгрөг гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, чанаргүй зээлдэгчийн ангиллаас гаргахыг даалгах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 286,128 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,141.54 төгрөг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2024/12772 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Зээлийн гэрээ байгуулахад Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар миний хүсэл зориг байгаагүй. Миний хувьд зээл авах шаардлагагүй байсан бөгөөд төрсөн ах ******* хүсэлтээр гэрээнд гарын үсэг зурсан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийг зөвхөн ******* данс руу шилжүүлсэн. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар зээлийн мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд байх шаардлагатай. Гэтэл би зээл авсан этгээд биш атал "чанаргүй зээлдэгч"-ээр ангилагдсан нь үндэслэлгүй. ******* 2018 онд зээл авсан бөгөөд 2021 оны 4 дүгээр сард хугацаа дуусах байсан. Гэсэн хэдий ч банк шаардлагаа тухайн хугацаанд хэрэгжүүлэхгүй байсаар хүүг өндөр болгож өсгөсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

******* нөхцөл байдал хүндэтгэн үзэх шалтгаан буюу ажлаасаа халагдсан, цар тахлын үе таарсан, дараа нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдож ял эдэлсэн, хорих ангиас гарсны дараа ажилд ороход хүндрэлтэй байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан бий. 2021 онд хүүг зогсоох хүсэлт гаргасан боловч банк хариу өгөөгүй. Энэ нь зээлийн хүүг үндэслэлгүйгээр өсгөхөд хүргэсэн. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү. 

 

6. Хариуцагч ******* гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Миний бие зээл төлөх боломжгүй байгаа талаараа дурдаж банканд хандсан ч шийдвэрлэж өгөхгүй явсаар хүүг өндөр болсон. Тухайн үед би цалингийн зээл авсан бөгөөд миний дүү болох ******* тухайн зээлтэй огт хамааралгүй.

Нэхэмжлэлээс үндсэн зээл 11,802,828 төгрөг, хүү 5,325,231 төгрөг, нийт 17,128,059 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул 8,507,464 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

*******ын хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд зээлийг төлөх ёстой. ******* гомдлын хувьд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй тул зээлийн хүү хасагдахгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

8. Хариуцагч ******* гаргасан давж заалдах гомдолд хариуцагч ******* тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

 

9. Хариуцагч *******ын гаргасан гомдлыг хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд дэмжиж оролцсон.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 11,802,828 төгрөг, хүү 15,264,505 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,690,254 төгрөг, нийт 28,757,586 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ******* нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүүг зогсоох хүсэлтийг гаргасан боловч банк шийдвэрлээгүй үндэслэлээр үндсэн зээлийн төлбөр 7,286,424 төгрөг, зээлийн хүү 5,325,271 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,690,254 төгрөг, нийт 13,790,903 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч ******* нь зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй үндэслэлээр зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч, гэрээний 2.1.2-т заасан зээлийн зориулалт цалингийн зээл, 2.1.1.2-т заасан олгох зээлийн хэмжээ 15,000,000 төгрөг гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, чанаргүй зээлдэгчийн ангиллаас гаргахыг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь *******, ******* нарт 15,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгож, ******* гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан.

 

3.1. Зээлдэгч тал 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 3,197,172 төгрөг, хүү 971,599 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,247 төгрөг, нийт 4,173,019 төгрөг төлсөн.

2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу аливаа төлөлт хийгээгүйгээс үүргийн зөрчил үүссэн.

3.2. Одоо хариуцагч нарын хариуцах зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг нь үндсэн зээлийн үлдэгдэл 11,802,828 төгрөг, хүү 2,142,441 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,690,254 төгрөг, нийт 25,635,523 төгрөг байна.

 

3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн.

 

4.1. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт зааснаар зохигч нь зээлийн хэмжээ, эргэн төлөх хуваарь, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байна.

Улмаар энэхүү гэрээний гол нөхцөлийг хариуцагч ******* нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зуржээ.

Гэрээнд гарын үсэг зурахад хариуцагч нь гэрээний гол нөхцөл, гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож буйн эрх зүйн үр дагаврыг ойлгоогүй гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Мөн бусдын дарамт шахалтаар бус, төрсөн ахдаа туслах хүсэл зоригийн үүднээс гэрээнд гарын үсэг зурсан болохоо тайлбарласан болно.

Иймд анхан шатны шүүх хариуцагч *******ын гаргасан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №ЗГ201843484418 тоот зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч, гэрээний 2.1.2-т заасан зээлийн зориулалт цалингийн зээл, 2.1.1.2-т заасан олгох зээлийн хэмжээ 15,000,000 төгрөг гэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, чанаргүй зээлдэгчийн ангиллаас гаргахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4 дэх хэсэгт нийцсэн, холбогдох эрх зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий өгсөн байна.

Мөн хариуцагч ******* нь нэхэмжлэгч тал түүнийг Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ыг зөрчиж чанаргүй зээлдэгчийн ангилалд оруулсан болохыг нотлоогүй.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 11,802,828 төгрөг, зээлийн хүүд 2,142,441 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,690,254 төгрөг, нийт 25,635,523 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,122,063 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5.1. Гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, гэрээний 2.4.4-т зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Иймээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлэх зарчмыг зөрчиж 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардан нэхэмжлэл гаргах замаар хүү, нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж дүгнэхгүй.

 

5.2. Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч тал гэрээнээс татгалзаж, цуцлаагүй.

Хариуцагч нарын зүгээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоолгох хүсэлт гаргасан гэх тайлбар, гомдлыг хангахгүй. Учир нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэгдэх бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Түүнчлэн хариуцагч талын зүгээс Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу зохих журмаар зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргасан гэх баримт мөн хэрэгт авагдаагүй болно.

 

5.3. Хариуцагч ******* нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгч болж оролцсоноороо Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон.

Нэгэнт хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11 дэх хэсэгт зааснаар ******* нь ******* хамт зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг хариуцах ёстой.

Зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй нь хариуцагч *******ыг хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь түүний төрсөн ах ******* данс руу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэхээр гэрээнд заасантай ******* танилцсаны үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан, мөн зээлийг ийнхүү олгосноос хойших 6 жилийн хугацаанд энэ талаар маргаж аливаа шаардлага гаргаагүй.

 

5.4. Тооцооллын хувьд анхан шатны шүүх үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл, төлөлт зэрэгт холбогдох үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/06270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагч *******ын 286,128 төгрөг, хариуцагч ******* 151,070 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Т.БАДРАХ