| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 309/2025/00597/И |
| Дугаар | 201/МА2025/00028 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 201/МА2025/00028
*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 309/ШШ2025/00837 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
“Хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг өөрчлүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Л.Наранбаяр, хариуцагчийн *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.16-ны өдрийн 138/ШШ2022/00193 тоот шийдвэрийн дагуу *******т 2 хүүхдийн тэтгэлэгт 2022 онд 472,800 төгрөг, 2023 онд 544,600 төгрөг сар бүр төлөх болоход цалин хүрэхгүй, хамт амьдарч буй хүүхдүүдээ наад захын хэрэглээгээр дутаах асуудал тулгарч байсан учраас хүүхдийн тэтгэлгийг бага багаар цувуулж төлсөөр 2023 оны 12 дугаар сар гэхэд 3,025,800 төгрөгийг *******т төлсөн байсан.
… Мөн Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 138/ШШ2024/0148 тоот шийдвэрээр … *******д 2 бага хүүхдийн тэтгэлэгт 446,400 төгрөг буюу нийт 1,339,200 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг сар бүр төлөх ёстой болсон.
Гэвч би өөрөө ажилгүй, орлогогүй болохоор тэтгэлгээ төлж чадахгүй байсаар “Төлбөр авагч *******т төлөх хүүхдийн тэтгэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний хугацааны 10,344,000 төгрөг төлөх”-ийг шаардсан шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл авсан. Дээрх тэтгэлгийг төлөхийн тулд өөрийн хашаа байшингаа аавдаа зарж, 10,790,400 төгрөгийг *******т төлж барагдуулсан. *******ийн асрамжид байсан том охин Г.Анхцэцэг 2024 оны 03 дугаар сарын 24-нд 18 нас хүрч тэтгэлгээс хасагдсан.
Ингэснээр *******ийн асрамжид байгаа хоёр хүүхдийн тэтгэлгээс Г.Анхцэцэгийнх бүрэн төлөгдсөн, … *******гийн асрамжид байгаа хоёр хүүхдийн тэтгэлгээс огт төлж чадаагүй хуримтлагдаад байна.
Миний хувьд хүүхэд наснаасаа сонсголын бэрхшээлтэй, хүний яриаг хагас дутуу ойлгодог … 2024 оны 08 дугаар сараас эхлэн хөдөлмөрийн чадвар алдалт 60%-иар тогтоолгож, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон. Одоо би хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн 690,000 төгрөгөөс өөр орлогогүй, ажил хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, хөрөнгөгүй, аавынхаа гэрт амьдарч байна.
*******т 1 хүүхдийн тэтгэлэг 482,900 төгрөг, *******д 2 хүүхдийн (11 нас хүрээгүй) тэтгэлэг 482,900 төгрөг буюу нийт 965,800 төгрөгийн тэтгэлэг сар бүр төлөх үүрэгтэй байгаа хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврээ бүгдийг нь өгсөн ч цаана нь сар бүр 275,000 төгрөгийн өр хуримтлагдаж, хуулийн хариуцлага хүлээхээр болж байна.
Гэхдээ би тэжээн тэтгэх үүрэгтэйгээ ухамсарлаж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай 38 дугаар зүйлийн 38.7, 42 дугаар зүйлийн 42.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлөн буюу өөрийн боломж бололцоонд нийцүүлэн багасган тогтоолгох хүсэлтэй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.7, 40.2, 42.1-д заасны дагуу хүү *******, охин *******, ******* нарыг тэжээн тэтгэх тэтгэлгийг 2024 оны 08-р сарын 01-ний өдрөөс эхлэн миний хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн 50%-иар тогтоон, тэтгэлэг авагч нарт хувь тэнцүүлэн олгохоор тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоож өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… ******* нь сонсголын бэрхшээлтэй байсан боловч хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож тэтгэвэр авдаг болсон байна. Миний хувьд үүнийг нэмэлт орлого гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ******* нь сонсголын бэрхшээлтэй ч хөдөлмөрийн чадвартай, хариуцсан ажлаа маш сайн хийж үүгээрээ ч цалин орлого өндөр авдаг. Энэ тухайгаа ч өөрөө 2024 онд уулзаж байхдаа хэлж хүүхдийн тэтгэлэгийг төлөх болно боломжтой гэдгээ хэлж байсан. Миний хувьд 2009.10.03-ны өдөр төрсөн одоо 15 настай хүү Түмэнжингийн тэтгэлэгийн хэмжээг бууруулахыг зөвшөөрөхгүй байна. ******* нь хүүхдүүдтэйгээ холбоо харилцаа байдаггүй тэтгэлэгээс өөр тэжээн тэтгэж харж ханддагүй. …2024 оны 05 сараас хойш тэтгэлэг төлөөгүй байгаа ба миний хувьд тогтсон ажил эрхэлдэггүй хувиараа такси үйлчилгээнд явж орлого олж гэр бүлийн амьжиргаагаа залгуулдаг. …Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэрээ 2024 оны 08 сард тогтоолгож үүнээс хойш хүүхдийн тэтгэлэгтээ суутгуулаагүй төлөөгүй болно. Иймд түүний гаргасан тэтгэлэгийн хэмжээг өөрчлөх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Одоо би Дорнод аймаг дахь Зүүн бүсийн Онцгой байдлын албанд үйлчлэгч ажилтай 2 хүүхдээ асран хамгаалж тэжээн тэтгэж өрх толгойлсон эмэгтэй гэгдэж явж байна. Том охин одоо 10 настай. Бага охин 5 настай сургууль цэцэрлэг гээд бүхий л ажлыг зохицуулж байна. Үүнд *******ийн ямар нэгэн оролцоо дэмжлэг туслалцаа байдаггүйгээс гадна 2 хүүхдээ харж ханддаггүй. 2024 оны 01 сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэрээр ******* нь 2 хүүхдээ тэжээн тэтгэх болсон. Гэтэл нэг ч удаа тэтгэлэг төлөөгүй хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ******* нь сонсголын бэрхшээлтэй ч хөдөлмөрийн чадвартай, хариуцсан ажлаа маш сайн хийж үүгээрээ ч цалин орлого өндөр авдаг. Одоо ч ажил хийж байгаа гэдэг.
Нэхэмжлэлдээ хүүхдүүдийн тэтгэлэгт нийт 965.800 төгрөг төлөхөөс хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэрээ өгч цаана нь 275.000 төгрөгний өр хуримтлагдаж хариуцлага хүлээхээр болоод байна гэж бичсэн байна. Суутгуулж төлсөн зүйл огт байхгүй. Төлөөгүй байж төлж чадахгүй багасгаж өгөөч гэж байгаа нь тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна гэж үзэж байна. Иймд түүний гаргасан тэтгэлэгийн хэмжээг өөрчлөн тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д зааснаар нэхэмжлэгч *******ийн хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг өөрчлүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Л.Наранбаяр нар давж заалдах гомдолдоо: “…Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх санаачлагаараа 2025.06.02-ны өдрийн 309/ШЗ2025/02194 тоот захирамж гарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нотлох баримт гаргуулан авсан нь нэхэмжлэгчийн эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
… Шүүх энэ журмыг зөрчиж нотлох баримтыг санаачлагаараа бүрдүүлсэн ба хожим нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноос дүгнэхэд хариуцагч талд ашигтай нотлох баримтыг шүүхийн санаачлагаар бүрдүүлсэн байна. Энэ нь шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмын хүрээнд эдлэх нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн.
…******* нь хөдөлмөрийн чадвар алдсаны 690,000 төгрөгийн тэтгэврээс өөр орлогогүй, хөрөнгөгүй учир байгаа тэтгэврээ 4 хүнд (3 хүүхэд болон өөртөө) хуваахаас өөр аргагүй бодит нөхцөл байдалд байна. Хүү *******д 482,900 төгрөгийн тэтгэлэг өгөхөд цаана нь 207,100 төгрөг үлдэж байгааг өөрийгөө хасаад үлдсэн 2 хүүхдэд хувааж өгөхөд нэг хүүхдэд 103,550 төгрөг ногдож байна.
Энэ нөхцөл байдал нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 42 дугаар зүйлийн 42.1 дэх гэх заалтад тус тус нийцэж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “... хөдөлмөрийн чадвараа алдсан бол…” гэж заахдаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээний шалгуурыг заагаагүй байтал шүүх “нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа 60% алдсан гэж тодорхойлсон...тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэж хуулийн заалтын агуулгыг явцууруулан буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийг бүрдүүлж буй Гэр бүлийн тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 42.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтуудын агуулгад “Тэтгэлэг төлөгчид амьжиргааны наад захын хэрэгцээгээ залгуулах орлогыг нь ямар ч нөхцөлд үлдээх” санаа агуулагдаж байгаа нь тодорхой бөгөөд хэрвээ тэтгэлэг төлсний дараа тэтгэлэг төлөгчид өөрт нь амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах орлого үлдэхгүй бол нөхцөл байдалд тохируулан багасган тогтоох эрхийг шүүхэд олгосон байна. Гэтэл шүүх “хуулийн эдгээр заалтууд нэхэмжлэлийг хангах үндэслэл болох эсэх тухайд огт дүгнэлт хийгээгүй орхиж, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.
Төлбөр төлөгч ******* нь сонсголын бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврээс өөр орлогогүй, сонсголын бэрхшээлээс гадна сахарын өвчинд нэрвэгдэж ажил хөдөлмөр хийх боломжгүй болсон.
Хоёр шүүхийн шийдвэрээр 4 хүүхдэд тэтгэлэг төлөх ёстой болж өөрт байсан хашаа байшингаа зарж хүүхдийн тэтгэлэгт өгсөн, өөр хөрөнгөгүй. 1 том хүүхэд нь насанд хүрч хасагдсан ч 3 хүүхдийн тэтгэлэгт 1,207,250 төгрөг төлөх нь *******ийн орлогоос хэт давсан үүрэг болоод байна. Хөдөлмөрийн чадвар алдсаны 690,000 төгрөгөө бүгдийг хүүхдийн тэтгэлэгт өгсөн ч цаана нь сар бүр 517,250 төгрөгийн өр үүсэхээр байна. Гэтэл өөрөө юугаар идэх, өмсөх, эм тариагаа авах, амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах вэ? Шүүх энэхүү бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.
6. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Би одоо өөрөө орлогогүй, ажил хийх боломжгүй байгаа юм. Зөвхөн тэтгэмжийн мөнгө л авч байгаа. Үүнд тааруулж л хүүхдүүдийнхээ тэтгэлэгийг өгөх боломжтой байна. Миний сонсгол муу учраас ажил хийх боломжгүй болоод байгаа юм. Дараагийн дугаарт бие маань их муудаж байгаа. Сахарын өвчин маань хүндэрсэн. Саяхан халуун ус барьж байгаад ухаан алдаж унаад өөр дээрээ асгаж түлэгдсэн. Тиймээс маш их эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглэх шаардлагатай болсон.” гэв.
7. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би энэ хүний гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэж бодож байна. Энэ хүн надад баярлах л ёстой. Хоёр хүүхдээ өдийг хүртэл нь би дангаараа л өсгөж ирсэн. Шүүхээс л дуудаагүй байсан бол бүх насаараа миний хоёр хүүхдийг харахгүй амьдрах байсан байх гэж бодож байна. Уг нь гуравхан жил л тэсчих юм бол энэ хүүхэд чинь тэтгэлгийн наснаас хасагдах болно. Өөрийгөө л бүхний урьд тавьж ярих юм...” гэв.
8. Хариуцагч *******: “... Би болохоор БОЭТ-д үйлчлэгчээр ажилладаг. Дээрээс нь байр түрээслэж амьдардаг. Цалин маань хаанаа ч хүрдэггүй. Тиймээс би тэтгэлгийн хэмжээг багасгахгүй байхыг хүсч байна. ... Би төлбөрийн хэмжээг багасгах саналыг хүлээн авахгүй. Хүүхэд том болох тусам мөнгө их хэрэг болдог юм байна.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нь “…Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 42 дугаар зүйлийн 42.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлөн буюу өөрийн боломж бололцоонд нийцүүлэн багасган тогтоолгох хүсэлтэй байна, … хүү *******, охин *******, ******* нарыг тэжээн тэтгэх тэтгэлгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн миний хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн 50 хувиар тогтоон, тэтгэлэг авагч нарт хувь тэнцүүлэн олгохоор тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоож өгнө үү.” гэсэн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 309/ШЗ2025/02194 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулахдаа шүүхийн санаачилгаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулахаар шийдвэрлэжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно. Харин мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх нь шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмын хүрээнд эдлэх нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэж үзсэн болно.
6. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх дээрх алдааг засах боломжгүй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 309/ШШ2025/00837 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
С.ГАНЧИМЭГ